sonin.mn
Монгол дээл, даалин урлаач Б.Нямаатай сар шинийн өмнөхөн уулзаж, даалин урлалынх нь талаар тодруулснаа хүргэж байна. Тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумынх бөгөөд Хатанбаатар Магсаржавын удмын хүн юм байна. 
 
-Үйл үртэс, оёдол, хатгамалд бүсгүйчүүд л давуу байх шиг санагддаг?
 
-Намайг харин, даалин оёдог гэхээр эхэндээ хүмүүс жаахан эргэлзэнгүй байдаг байв. Одоо бол харьцангуй мэддэг болсон байхаа. Ер нь над шиг даалин хийж оёдог, дээл урладаг эрэгтэйчүүд мэр сэр бий шүү. 
 
-Танай гэр бүлийн хүн гэхдээ танд дэм болдог биз дээ?
 
-Эхнэр маань шил зүүдэг, хараа нь тааруухан тул оёдол, хатгамалд хамаагүй шахам хүн. Хүүхдүүд, ах дүү нар ч ялгаагүй энэ тал дээр туслаад, миний ажлыг өвлөөд явах хүн одоохондоо алга байх шиг. Харин ээж маань монгол зургийн зураач байсан. Урчуудын эвлэлийн хороонд насаараа ажилласан Г.Ирина гэж хүн бий. Энэ даалин урлах ажлынхаа эхлэлийг би ээжээсээ сурсан гэж боддог. Зурсан зургийг нь харсаар байгаад хар багаасаа л зураг оролдож, монгол зураг зурж эхэлсэн. Хэдийгээр холбооны мэргэжлээр сургууль, номоо дүүргэсэн ч одоо оёдол, хатгамал хийж ажилласаар арваад жил болчихоод байна. Эхлээд дээл оёдог байсан. Сүүлийн жилүүдэд ердөө л хөөрөгний даалин урлах болж, дагнаж байгаа гэх үү дээ.
 
-Ийм нарийн хурц хараа шаардсан, маш чимхлүүр ажилд сургасан оёдлын багш танд бий юү?
 
-Зураг сонирхдог байсан маань нөлөөлсөн гэж хэлсэн дээ. Даалин хийхдээ эхлээд заавал зургаа гаргадаг. Ямар торго сонгохоо бодно. Ямар өнгөн дээр, ямар хээ, угалз хатгах, ямар амьтан дүрслэх, хөөрөг багтах хэмжээ гэхчлэн дотроо бодон, тунгааж зураад, дараа нь оёж, мэтгэх ажилдаа ордог. Бие дааж сурсан энэ ажил маань олон түмний хүртээл болж байдагт сэтгэл хангалуун байгаа ч цаашид сурч, мэдэх зүйл маш их байна. Монгол урлаачдын дундаршгүй ур ухаан, үндэснийхээ өв соёлоос суралцаад ч баршгүй юм.
 
-Даалин урлалынхаа талаар жаахан нарийвчилж ярихгүй юу?
 
-Миний бүтээлүүдэд ихэвчлэн Д.Маньбадар гуайн уран зураг, хээнээс санаа авсан угалз хээ тусгагддаг. Оёдолдоо нарийн болон дундын торгон утас ашигладаг. Зүүгээ бол Японоос авчруулж хэрэглэдэг. Нарийн зүү, нарийн утсаар оёх тусам оёдол, шаглаа улам уран гоё болдог. Даалингийн амсар ирмэгийн залгаасыг загасан нуруугаар хатгаж, хээ, амьтны дүрсийг зүү ороож урлана. Зоосон ширээсийг бол, тусдаа олон өнгийн утсаар сүлжиж, чимэглэлд нь хэрэглэдэг юм. Би голчлон 16 өнгийн утсаар даалингаа гоёж чимдэг.
 
-Хамгийн үнэтэй даалингаасаа дурдаач?
 
-Нэг даалинг доод тал нь 14-20 хоног, дээд тал нь 4 сар гаруй сууж оёж, зөвхөн гараар урладаг, маш их чимхлүүр, нарийн ажил учраас хөөрөгний даалинг үнэхээр юм мэддэг, бидний ажлыг ойлгодог, авъя гэсэн хэрэгцээтэй хүн л авдаг. Жишээ нь, найман шарга морь урласан даалин маань нэлээд үнэ хүрнэ гэж бодож байгаа шүү. Тийм үнэлгээ даахуйц чанар, нүнжигтэй эд болсон байх, мөн хийморийн морьтой даалин байна. 
 
Т.Болор
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин