sonin.mn
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид болон тэнд ураны хайгуулын ажил эрхэлж байгаа "Арева Монгол” компанийн хооронд байсхийгээд л түр, тар хийлцсээр лавтай дөрвөн жил болж байна. Хэргийн учир нь хүссэн, хүсээгүй 20-30 жилийн дараа дэлхий нийтийн эрчим хүчний гол эх үүсвэр болох нь тодорхой болоод байгаа уран хэмээх агуу хүчит эрдэс бодисыг ашиглаж санхүүгийн асар их баялагтай болохыг зорьж буй Франц эзэд, нөгөө талаас учир нь үл олдох эрсдлээр амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон хэдэн малаа алдсаар байгаа малчид хоёрын шөргөөцөлдөөнд байгаа юм. 
 
Хэдийгээр гарч болох аюул, эрсдлийг одоогоор хэнбугай ч тооцоолж, урьдчилан хэлэх боломжгүй ч хамгийн бодитой үнэн нь Монгол Улс дөрвөн жилийн дараагаас Дорнийн говиосоо уран хэмээх энэ ихээхэн үнэтэй ч түүнээсээ хэд дахин аюултай эрдэс бодисыг олборлож эхлэх нь тодорхой болсон.
 
Монголд 18 жил ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа Францын “Арева Монгол" ХХК-ны захирал Тьерри Плэзант саявтархан “Бид дахин дөрвөн жил ураны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж одоогоор олж тогтоосон нөөц дээрээ үйлдвэрлэл явуулах хэмжээний шинэ нөөц илрүүлсний дараа буюу 2019 оноос газар дор уусган олборлох аргаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Дулаануул, Тал хонгорын шар дов зэрэг газраас уран олборлох боломж бүрдэнэ гэж найдаж байгаа” гэснийг Монгол Улсын Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяраас эхлээд томоохон эрх мэдэлтнүүд бүгд хүлээн зөвшөөрч байсан.
 
1997 оноос Монголд төвхнөсөн “Арева Монгол" компани манайд хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Дорноговийн Сайншандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж буй. Монгол Улсад өрнөж буй урантай холбоотой ажлыг бүр нарийвчлан задалбал “Арева Монгол’’-ын эзэмшдэг “Кожеговь" компани хайгуулын ажлыг хийж байгаа бол ураныг олборлох, ашиглах асуудлыг “Арева Майнс" компани хариуцах байгаа. 
 
Тэдний хувьд Канад, Нигер, Казахстан улсын дөрвөн уурхайгаас уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэж, Аргентин, Австрали болон манай улсад хайгуул хийж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад160 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн “Арева Монгол” ХХК-д өнөөдрийн байдлаар 130 хүн улирлын чанартай өрөмдлөг хайгуулын ажилд ажиллаж байгаагийн 90 хувь нь монголчууд байгаагаас 55 нь тухайн орон нутгийн иргэд байгаа аж. 
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ураны батлагдсан нөөц нь 12 ордод 126.000 тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд 13 дугаар байранд жагсаж байгаа. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 63.000 тонн уран олборлож цөмийн эрчим хүч болон бусад зорилгоор ашигласан байдаг.
 
2014 оны 3 дугаар сарын байдлаар дэлхийн 30 гаруй оронд 440 орчим атомын цахилгаан станц ажиллаж байгаа бол ойрын таван жилд шинээр 90-300 атомын цахилгаан станц баригдах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Дэлхийн нийт ураны хэрэглээ 2025 онд 100.000 тоннд хүрэх бол Монгол Улсын ураны таамаг нөөц 1.5 сая тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд Казакстаны дараа аман хүзүүдэж байгаа аж.
 
Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцед нэгдэн орсноос хойш зургаан томоохон конвенцед өнөөдрийн байдлаар нэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч Овооны ордын тогтоогдсон нөөц нь 54000 тонн байгаа нь сүүлийн 10 жилд дэлхий дээр олж тогтоосон эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой ордын нэг болоод байгаа аж.
 
2013 оны байдлаар дэлхий дээрх ураны хамгийн том олборлогч таван улсыг Казакстан улс тэргүүлж 19450 тонн уран олборлосон бол, Канад 9053 тонн, Австрали 7334 тонн, Нигер 4659 тонн, Намиб 4289 тонныг тус тус олборлож байжээ. Тэгвэл 2025 онд 100.000 тонн уран хэрэглэх дэлхий дахиныг 10 жил бүрэн хангах ураны таамаг нөөцтэй Монгол Улс энэ их баялагаа эдийн засгийн эргэлтэд аль болох хурдан оруулбал Азид бас нэгэн эдийн засгийн гайхамшгийг бүтээх болно гэдэгтэй Монгол Улсын Засгийн газар, цаашлаад Цөмийн энергийн, газрын дарга асан Н.Тэгшбаяр болон албаны хүмүүс санал нэггэй байгаа. 
 
Тэгээд ч монголын говийн хөрсөнд булаастай байгаа тэр их баялгийг дэлхийн хамгийн тэргүүний технологи болох газрын гүнд уусган олборлох аргаар олборловол цацраг идэвхт бодисын улс нийгэм, тухайн орон нутагт учруулах аюул тун өчүүхэн байх магадлалтай гэж “Арева Монгол” ХХК-ны захиралТьерри Плэзант батлаад байгаа. Ийнхүү Монгол Улс дөрвөн жилийн дараагаас уран олборлож эхлэх нь тодорхой болжээ.
 
Д.Түвшин
Эх сурвалж: