sonin.mn
Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх явдал гарах болсон. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
 
-Мөнгөн тэмдэггийг хуурамчаар хийж гүйлгээнд оруулсан гэх мэдээлэл гарсан. Энэ хэргийн эзэн холбогдогчийг нь илрүүлсэн үү?
 
-2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн ард байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн XX хороонд оршин суух 22 настай эрэгтэй 3 гэгч 20 мянгатын хуурамч дэвсгэртээр үйлчлүүлэх гэж байсан хэрэг гарсан. Үүнийг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
-Сүүлийн үед банкинд хуурамч мөнгөн тэмдэгт ирэх тохиолдол гарах болсон. Энэ онд ийм тохиолдол гарсан уу?
 
-Он гарсаар хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийлээ, банкин дээр илэрлээ гэх дуудлагууд нэлээд ирсэн. Өмнө нь банкин дээр илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийг устгадаг байсан. Үүцийг болиулж, 2012 онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гарч, хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдол бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг болсон. Үүний дагуу Цагдаагийн байгууллага хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
-Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хэргийг ямар хүмүүс голчлон хийдэг вэ?
 
-2013 онд хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд ихээр орсон хэрэг гарсан. Үүнд, гурван бүлэглэлийн арав гаруй хүнийг цагдаагийн байгууллага шалгасан. Тэдгээр хүн хэдий хэмжээний төгрөг хийж, хэдийг нь гүйлгээнд оруулсныг илрүүлэх шалгалтын ажиллагаа хийж байна. Яг одоогийн байдлаар Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр үйлдвэрлэлийн аргаар хийж гүйлгээнд оруулсан тохиолдол бүртгэгдээгүй. 
 
Гадны ямар нэг улс оронд үйлдвэрлээд Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирж гүйлгээнд оруулсан тохиолдол байхгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хуурамч мөнгөн тэмдэгтийг хувь хүн гар аргаар хийсэн байдаг. Энд принтер ашиглах юм уу, хувилах хэлбэрээр Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хийдэг. Тухайн хүмүүс бэлэг дурсгалын зүйл болгон сонирхлын журмаар хийж байгаад цаашлаад шунахайн сэдэлтэйгээр ашиг хонжоо олох гэсэн үүднээс гүйлгээнд оруулсан тохиолдлууд гардаг.
 
-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар хариуцлага тооцох вэ?
 
-Гадны болон дотоодын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 5-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.
 
-Хуурамч мөнгийг жинхнээс нь хэрхэн ялгах вэ?
 
-Хуурамч мөнгийг ялгахдаа мөнгөн утас, нууцлалын тэмдэгнүүд, товгор үсэг байна уу гэдгийг сайн харах. Цаас нь хөвөх даавуун орцтой үнэт цаас болохоор энгийн цаасыг бодвол дуу нь өөр байдаг. Тиймээс мөнгийг сэгсэрч үзэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь мөнгөний зүсэлт нь стандарт хэмжээтэй байдаг. Гэтэл гар аргаар хийсэн мөнгөн тэмдэгт нь стандартын бус байдаг. 
 
Мөн мөнгөний баруун талд Монголбанк гэсэн нарийн зураасан бичиг бий. Энэ бичиг хэвлэгддэггүй, хувилагддаггүй. Хэвлэгдлээ гэхэд энэ нь сарнидаг учир амархан танигдана. Тэгэхээр үүнийг зөвхөн үйлдвэрлэлийн аргаар хийдэг. Мөн хэт удаан ашигласан, ашиглалтын буруугаас болж зарим тохиолдолд мөнгөн дэвсгэртийн нууцлал алдагдах явдал бий. 
 
Тухайлбал, хэт их нугалсан, хоёроос гурван удаа угаасан тохиолдолд зарим нууцлал алдагдаж, арилдаг. Банкин дээр илэрч байгаа хуурамч мөнгөний дуудлагын нэлээд хувь нь хадгалалтаас болж нууцлал нь арилсан байдаг.
 
-Манай улсын таваас доош мөнгөн тэмдэгтийг БНХАУ руу бөөнөөр нь гаргасан хэргийн шалгалт дууссан уу?
 
-2013 онд Монгол Улсын тавтын дэвсгэртээс доош мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр БНХАУ руу гаргаж, хуурамч мөнгөн дэвсгэрт хийж байна гэх мэдээлэл фэйсбүүкээр гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага Хятадын аюулаас хамгаалах яаманд шалгаж өгнө үү гэсэн бичиг хүргүүлсэн. Үүний дагуу Хятадын цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийхэд “Эртний зан үйлтэй холбоотойгоор оруулдаг байсан. Тодруулбал, өөд болоочийнхоо араас буян үйлдэх үүднээс мөнгөн тэмдэгт цацдаг уламжлалдаа Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг. Мөн бэлэг дурсгалын зүйлд ашигладаг юм байна. Түүнээс биш хуурамчаар мөнгөн тэмдэгт хийхэд ашигласан тохиолдол байхгүй” гэсэн мэдэгдэл ирсэн. 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: