sonin.mn
ИСЛАМАБАД. /ВВС/. Халдварт саагийн вакцин хүүхдүүддээ хийлгэхээс татгалзсан эцэг эхчүүдийг Пакистаны цагдаа нар анх удаа баривчиллаа. “Олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулсан” хэргээр 471 хүнийг тус улсын баруун хойд нутгийн Пешавар хотын албаны хүмүүс баривчилжээ. Хүүхдүүддээ вакцин хийлгэнэ гэдгээ бичгээр амласан тохиолдолд л тэднийг суллана гэж мужийн засаг захиргаа мэдэгдлээ. Хүүхдэд вакцин хийхэд “Талибан” бүлэглэлийнхэн саад болж, эмнэлгийн ажилчдад халдсан тохиолдол гарч байжээ.
 
Пакистаны Засгийн газар энэ өвчинтэй “дайн” зарласнаа мэдэгдсэн билээ. “Саагийн вакцин хүүхдүүддээ хийлгэхээс татгалзсан хүмүүст бид хатуу арга хэмжээ авахаар шийдсэн. Татгалзсан хэнийг ч шоронд хийх болно” гэж Пешаварын дэд комиссар Риаз Хан Мешуд хэлэв. Пакистанд саагийн тохиолдлын олонх нь бүртгэгдэж байгаа бөгөөд энэ өвчин тархсан хэвээр байгаа гуравхан улсын нэг Пакистан юм. 2014 онд тус улсад сүүлийн 14 жил дэх саагийн хамгийн олон буюу 306 тохиолдол бүртгэгджээ. Энэ он гарснаас хойш есөн тохиолдол бүртгэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: