sonin.mn
 
Монголчууд Шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, зам мөрөө засч амьдрал ахуйгаа даатгадаг уламжлалтай. Тиймдээ ч ойрын өдрүүдэд Гандантэгчэнлин хийдийг зорих иргэдийн цуваа тасрахгүй байгаа. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт Гандантэгчэнлин хийдийн Жанрайнсэг дацанд хулгайн хэрэг гарчээ. 
 
Хэргийг тодруулбал, сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татарч, Гандантэгчэнлин хийд хаалгаа барих үеэр уг дацан дотор хоёр этгээд нуугдан үлдэж, иргэдийн сүсэг бишрэлээрээ өргөсөн хандивын мөнгийг хулгайлжээ. 
 
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Баянгол дүүргийн XVI хороо Гандантэгчэнлин хийдийн Жанрайсэг дацанд сэжиг бүхий хоёр хүн байна гэсэн дуудлага энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу түргэн шуурхай очиж шалгалтын ажиллагаа хийхэд Б гэгч нь бусадтай бүлэглэн Жанрайсэг дацангийн хандивын хайрцагт байсан 61 мянган төгрөгийг хулгайлсныг үйлдэл дээр нь тасланзогсоолоо. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэв. Хэрэгтнүүд Жанрайсэг дацан дотроос сүсэгтэн олны өргөсөн буяны мөнгийг хулгайлж, өглөө хүн цуглах үеэр гараад явах төлөвлөөгөөтэй байсныг эх сурвалж хэлж байна. 
 
Иргэд зам мөр, заяа буянаа тэгшлүүлэхээр хийдийг зорьдог байхад буян номын газар хар гартнууд орсонд Гандантэгчэнлин хийдийн лам, хуврагууд эгдүүцэж суугаа аж. Бүхэл бүтэн хамгаалалтын албатай, камер суурилуулсан дацанд хулгайчид хэрхэн нуугдаж үлдсэнийг тодруулахаар Гандантэгчэнлин хийдийг зорив. Уг нь хүмүүс гэрээ цоожлоод гарахдаа доторх эд зүйлсээ ажиглаад гардагсан. 
 
Гэтэл соёлын үнэт өв хадгалж буй Жанрайнсэг дацанг цоожлохдоо харуул хамгаалалтын багийнхан дэндүү хайнга ханджээ. Уг нь хүн нуугдаж байгааг тусгай хамгаалалтынхан мэдмээрсэн. Эдгээр асуултын хариултыг Гандантэгчэнлин хийдийн Харуул хамгаалалтын албаны дарга Х.Амартүвшингээс авлаа.
 
-Сүсэгтэн олны хандив болгон өргөсөн мөнгийг хоёр хулгайч дацанд нуугдаж, хулгайлсан хэрэг гарлаа. Дацанг цоожлохдоо хүн үлдсэн байна уу, үгүй юу гэдгийг нарийн шалгадаггүй юм уу?
 
-Өндөр Жанрайсэг бурханы дуганыг энэ сарын 2-ны өдрийн 17.30 минутад хаасан. Хаачихаад хяналтынхаа камерыг асааж, дохиоллын системийг залгачихсан байсан юм. Гэтэл 19.30 минутад дохиоллын систем гэнэт ажилласан. Камер шалгаж үзэхэд, дотор нь хоёр хүн нуугдаад хэвтчихсэн байдалтай байв. Бид цаг алдалгүй Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Цагдаагийнхан 20.00 цагийн үед ирж шалгалтыг хийж эхэлсэн.
 
-Гандантэгчэнлин хийдийн камер өдөр ажилладаггуй юм уу. Яагаад заавал орой залгасан юм бэ. Хяналтын хэчнээн камер байдаг вэ? 
 
-Камер өдөр асаалттай байдаг юм. Би сая буруу ярьчихлаа. Орой л дохиоллынхоо системийг асаадаг. Хяналтын 90 орчим камер бий.
 
-Харуул хамгаалалтын албаныхан ямар зохицуулалтаар ажилладаг юм бэ. Хулгайн хэрэг гарсан нь харуул хамгаалалт султай холбоотой гэж ойлгож болох уу?
 
-Гандантэгчэнлин хийдэд нийслэлийн Хэв журмын хэлтсийн арван цагдаа мөн харуул хамгаалалтын албаныхан 24 цагийн турш ажилладаг. Хийдийн харуул хамгаалалт сайн. Сайн байсан учраас хоёр этгээдийг гадагш нь алдалгүй барьж чадлаа.
 
-Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг гарч байв уу?
 
-Ил тавьсан мөнгийг хүүхдүүд авах тохиолдол хааяа гардаг. Камерын системтэй болсноос хойш энэ төрлийн хэрэг гарч байсангүй. 
 
-61 мянган төгрөгөөс өөр эд зүйл алдсан уу. Шалгалтын ажлыг зохион байгуулсан уу?
 
-61 мянган төгрөг л авсан байсан. Бурхан шашины эд зүйлд ойртоогүй. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа.
 
-Шилэн хоргонд цугласан мөнгийг хэрхэн, яаж хураан авдаг юм бэ? 
 
-Жирийн үед бол долоо хоног бүрийн гурав дахь өдөр хурааж авдаг. Сүсэгтэн олноор цуглардаг үе буюу засал номын өдрүүдэд өдөрт нь хурааж авдаг. Хэрэг гарсан өдрийн 10 цагт шилэн хоргонд цугласан бүх мөнгийг хураагаад авчихсан байсан.
 
Үүнээс Гандантэгчэнлинхийдийн харуул хамгаалалтын албаныхан хариуцлагагүй ажилладаг нь тодорхой харагдаж байгаа юм. Хэрэв камер тавиагүй байсан бол хулгайчид мөнгө төдийгүй соёлын өв болох хосгүй үнэт бурхан, тахилын эд зүйлсийг аваад явах боломжтой байв. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр камер, дохиоллын системийн ачаар хулгайчдыг илрүүлчихээд харуулын дарга нь гавьяа байгуулсан мэт ярьж суух юм. 
 
Сүүлийн үед хар гартнууд сэжиг, сүжгийг үл хамааран хулгай хийдэг болж. Ямар ч төрлийн хулгай нь хүнд сайн үр дагавар авчрахгүй. Монголчуудын ярьдгаар тэр мөнгө хулгайчдад хоол болохгүй харин ч хор болно гэсэн үг юм. Тэр тусмаа сүм хийдийн өргөлийн хайрцаг, уул овооны мөнгө хулгайлбал үйлийн үрээ эдэлж, өвчин зовлон тусч, үхэл хагацалтай хүртэл учрах тухай бурханы сургаалд өгүүлсэн байдаг. Сургаалыг уншаагүй, судар номыг үзээгүй юм чинь хулгай хийхэд гэмгүй гэх гэнэн бодолтой байж болмооргүй юмсан.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: