sonin.mn
КАНБЕРРА. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй Иракийн хүчнийхнийг бэлтгэн сургах зорилгоор манай улс 300 цэргээ Ирак руу илгээнэ гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт мэдэгдлээ. Эбботт мягмар гарагт нийслэл Канберра хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Багдад хотын баруун хойд хэсэгт орших Тажи дүүрэгт байдаг Иракийн армийн баазад тавдугаар сараас манай сургагчдын баг сургалт явуулж эхэлнэ” гэсэн юм. Түүний хэлснээр, Австралийн цэргүүд Шинэ Зеландын цэргүүдтэй хамтран ажиллах аж.
 
Ирак болон АНУ-ын засгийн газрууд хүсэлт гаргасны дагуу Австрали цэрэг илгээхээр шийджээ. Цэргүүд байлдааны ажиллагаанд оролцохгүй гэдгийг Эбботт онцлон тэмдэглэлээ. “Лалын улс”-ынхныг дарахын тулд Австрали улс АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэж, Иракийн хойд нутагт агаараас цохилт өгсөн юм. Тус бүлэглэлтэй холбоотой олон хэрэг Австралид гарсан билээ. Тухайлбал, тус бүлэглэлийн нөлөөнд автан террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг цагдаа нар өнгөрсөн хоёрдугаар сард баривчилжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: