sonin.mn
Япон улсын Засгийн газрын тусламжаар Ховд аймагт “Жүдо бөхийн бэлтгэлийн төв” барина. Өнөөдөр “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Японы ЭСЯ-нд боллоо. Төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар гарын үсэг зурав.
 
Элчин сайд Такэнори Шимизү Монголд жүдогийн спорт улам хөгжин цэцэглэн, 2020 оны Токиогийн олимпоос олон медальтнууд төрөхийг ерөөв.
 
Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа хэлэхдээ, “Гурван жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд энэ асуудал ажил хэрэг болох гэж байна. Ховд аймгаас жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчид олноор төрөн гарсан. Жүдогийн ордон барьснаар баруун бүсээс тив дэлхийд нэрээ дуурсгасан шинэ залуу олон тамирчид төрөн гарна гэж итгэж байна” гэв. 
 
Энэхүү төслөөр Монголын баруун бүс нутагт жүдо бөхийг хөгжүүлэх, баруун бүсийн тулгуур төв Ховд хотод тухайн бүс нутгийн жүдогийн холбогдох хүмүүс болон спорт, биеийн тамирын салбарынхан хамтран ашиглах бэлтгэлийн төвийг шинээр барих юм. Жүдогийн ордныг барихад Японы Засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламжийг олгож буй юм. Бэлтгэлийн төв нь нэг давхар 362.39 мкв талбайтай байхаар төлөвлөжээ.  Ордны барилгын ажлыг Ховд аймгийн “Хатан түнхэл” компани гүйцэтгэж энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар болжээ.
 
Энэхүү төсөл нь Монгол Улсад “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй тав дахь төсөл юм. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл Монгол Улсад нийт 328.141 ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: