sonin.mn
АТГ-аас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах явцад зарим дүүргийн ЗДТГ-ын авто машинуудад чанга яригч, дуут дохио, гэрлэн дохио худалдан авахад төсвөөс мөнгө зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан давуу эрх эдэлсэн авлигын шинжтэй зөрчлийг илрүүлжээ. 
 
 “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар тусгай дуут болон гэрэл дохиог зөвхөн төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, дотоодын цэрэг, онцгой байдал, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын машин болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй ажиллагаа, шуурхай дуудлагын үед, УИХ, Засгийн газрын гишүүн орон нутагт ажиллах үедээ хэрэглэх юм.
 
Иймд дээрх авлигын шинжтэй зөрчлийг дахин гаргуулахгүй байхын тулд уг журмаар эрх олгоогүй байгууллагад нэгэнт олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож, цаашид хэрэглэх эрхгүй этгээдэд зөвшөөрөл олгохгүй байхыг АТГ-аас анхааруулж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд албан тоот хүргүүлсэн байна. Тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал дүүргийн ЗДТГ-ын авто машинуудад тусгай дуут дохио олгосон бүртгэл байхгүй бөгөөд цаашид журмын хэрэгжилтийг ханган ажиллах тухайгаа АТГ-т хариу мэдэгдсэн аж.
 
Б.Туул
Эх сурвалж: