Дэлхийн цирк Монголд нэртэй тоглолт хоёр дахь удаагаа болох гэж байна. Энэ тоглолтыг Монголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын шилдэг циркчид уран бүтээлээ толилуулах аж. Хамтарсан тоглолтын талаар Монголын үндэсний циркийн менежер Н.Эрдэнээс тодрууллаа. 
 
-Тоглолтын талаар мэдээлэл өгөөч?
 
-Энэ удаагийн тоглолтонд нийт арван хоёр улсын циркчид оролцоно. Тодруулбал, Канад, Америк, Беларус, Хятад, Англи, Латви, Монгол, Орос, ардчилсан Солонгос, Украйн, Испани, Вьетнам зэрэг ул-сын циркчид ирж шилдэг бүтээлүүдээ үзэгчдэд өргөн барьж хамтран тоглоно.
 
-Ямар үзүүлбэрүүд тоглогдох вэ?
 
-Циркийн тоглолтыг нуруун дээрээ үүрч байдаг гол жүжигчин бол алиалагч байдаг. Энэ удаагийн тоглолтонд оролцох алиалагчид Америкийн Лас Вегасийн дэлхийн хэмжээний чадварлаг жүжигчид. Мөн Оросын холбооны улсын дамнуурган дээр үсрэх үзүүлбэр, Испанийн улсаас илбэ, ардчилсан Солонгос, Латви улсаас ховор үүлдрийн сургуультай нохдын үзүүлбэр, Вьетнамын сургуультай сармагчин, Украйнаас матрын үзүүлбэр гэх мэт дэлхийд шилдэгт тооцогддог үзүүлбэрүүд тоглогдоно. Мөн циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээрээ алдаршсан ардчилсан Солонгосын жүжигчид, эрсдэлтэй номеруудын нэг болох арван метрийн өндөр төмөр цагирагтай үзүүлбэрээ БНХАУ-ын жүжигчид хамтран тоглох юм аа. Тэгэхээр энэ удаагийн тоглолт маш сонирхолтой боло гэсэн үг.
 
-Монгол улс ямар үзүүлбэрээр оролцох вэ?
 
-Энэ удаагийн Дэлхийн цирк Монголд хамтарсан тоглолтонд монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн амжилтыг эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид" номероороо оролцоно.
 
-Энэ жилийн “Дэлхийн цирк Монголд” тоглолтын бусад жилийнхээс ялгарах онцлог юу вэ?
 
-Энэ удаагийн циркийн тоглолтын нэр нь хэвээрээ ч үзүүлбэр, оролцох жүжигчид гээд бүх зүйл шинэчлэгдсэн. Мөн тоглолтын хөтөлбөр цоо шинэ болсон гэдгийг онцлон дурдъя.
 
-Жүжигчдийн аюулгүй  байдлыг хэрхэн хангасан бэ?
 
-Цирк их эрсдэлтэй урлаг. Тиймээс циркийн тоглолтын аюулгүй байдлыг хангахаар аюулгүйн инженерийн баг бүрэлдэхүүн болон номерийг хариуцсан ахлагч нар ажиллана.
 
-Дэлхийн цирк тоглолтыг жил бүр зохион байгуулах төлөвлөгөө байгаа юу?
 
-Уг тоглолтыг зохион байгуулагчид цаашдаа олон улсын хамтарсан циркийн тоглолтыг жил бүр зохион байгуулах тал дээр ажиллаж байна.
 
-Уг тоглолтыг зохион байгуулах шалтгаан юу байв. Магадгүй үзэгчдийн эрэлт их байсан байх?
 
-Жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Дэлхийн циркчдийн өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан бид энэхүү тоглолтыг зохион байгуулдаг.
 
-Монгол улсаас олон улсын хэмжээний тэмцээнд оролцох төлөвлөгөө байгаа юу? 
 
-Одоогоор Монгол улс олон улсын тэмцээнд оролцоогүй байна. Гэхдээ ирэх аравдугаар сард болох олон улсын тэмцээнд эрхээ авч бэлтгэл сургуулилтаа хийж байна.
 
-Тасалбарын үнийн хувьд ямар байгаа вэ?
 
-Байрлалаасаа хамаараад 15-20 мянга, VIP суудал нь 30 мянган төгрөгийн үнэтэй гээр энэ сарын 9-нөөс эхлэн худалдаалагдаж эхлэнэ.
 
-Хэзээнээс эхлэн тоглогдож эхлэх вэ?
 
- “Дэлхийн цирк Монголд-2015” энэ сарын 23-наас эхлэн долоо хоног тоглогдоно. Тоглогдох хуваарийн хувьд ажлын өдөр 19:00 цагаас харин амралтын өдөр 15:00, 19:00 цагаас тус тус тоглодох юм.
 
А.Даваасамбуу
Эх сурвалж: "Нийслэл таймс"