/хөрөг өгүүлэл/
 
...-Чагнаагийн охин зурагтаар гарч байна, эмч болчихсон гэлүү дээ. Цагаан халаадтай улстай хамт үг хэлээд л байх юм.
 
-Үгүй ээ, ээжээ. Нараа эгч Үйлдвэрчин гэдэг газарт ажилладаг гэсэн... Хаа байсан Гурванбулагт өөрийнх нь тухай ярилцан суугаа нутгийн хөгшин, охин хоёрын яриаг олоод сонсчихсон аятай битүүхэн инээмсэглэсээр тэр аажуухан алхаж явлаа. Цагаан сарын дараа гэнэт дулаарч, тэгснээ хуйсганан хүйтрэх хаврын тэнгэр өнөөдөр юу болов гэмээр уясч, зөөлөн салхи магнай руу нь үлээнэ. 
 
Шар усаны гол дээр аль хэдийнэ хавар ирсэн байх даа, захаасаа аван мөс хайлж, ид хурга ишиг гүйлдэж буй цаг. Ингэхэд ширгэхээ дөхсөн гол ус минь, нутгийн зон олон маань яажшуухан суугаа бол... Алт ухсанаас болж, Шар усан гол маань ширгэж үгүй болоход ойртсон нь харамсаад ч баршгүй. Төрсөн газрын минь хүй дарсан энэ гайхамшигт голын цутгалан Хар ус, Завхан голтой нийлж, Хяргас нуурт цутгадаг юм шүү дээ. 
 
Ай, тэр л голын эрэг хөвөөгөөр өгсөж, уруудаж гүйсэн алдрай бага нас минь... Нутагтаа ойрмогхон очихсон доо. Ингэж бодсоор Ч.Нарантуяа гэрийнхээ хаалгыг татахад өөдөөс хоёр ач нь бөөн дуу шуу болсоор гүйлдэж ирлээ. Тэднийгээ хармагц л баяраар бялхаж, хамаг сэтгэл нь хайраар дүүрээд ирнэ. Ганц хүү нь гэргий, хүүхэдтэйгээ дөрөв болж үржээд, ээждээ сэтгэлийн нар мандуулж яваа нь энэ. 
 
Цонхоор сэвэлзэх салхин, хажууд шулганах бяцхан үрсийнхээ дуун цалгианд тэрээр баясангуй суувч яагаад ч юм аавыгаа бодохгүй байж чадсангүй. Тээр нэгэн жил хөдөө ажпаар яваад эргэж ирэхдээ аав нь түүнд “Май охин минь, эмч болоорой” гээд нэгэн чагнуур өгчээ. Гэрийнхэн, юун чагнуур вэ? гэлцэн сонирхоход аав нь “Яахав, олсон юм. Эмч хүнийх юм болов уу даа, хээр хэвтэж байна лээ" гэж билээ. 
 
Хурц нүдтэй, гэрэл зураг сайн авдаг аавынх нь хараанд тэр чагнуур өртөж, Нараа охин эмч болох даалгавар авсан нь тэр. Хэдийгээр долоон хүүхдийн хоёрдахь охин ч гэлээ Нарантуяа айлын томын хийх ёстой бүхий л ажлыг амжуулдаг байв. Эгч нь эмээ, өвөөгөө дагаад тэнд өссөн тул аав нь Нараадаа найдлага тавьж, эмч болгохыг хүссэн нь тэр биз. Гэлээ ч амьдралд хүслээр болдоггүй юм алийг тэр гэх вэ. Нарантуяа хараахан эмч болж амжаагүй ч өдгөө аавынхаа хэлснийг биелүүлж, “эмч болсоон, охин нь” гэж дотроо бодож явдаг юм.
 
Хувь заяаны зураг төөргөөр түүний ажил, мэргэжил нээрээ л эмч нартай нягт холбоотой. Ингэнэ чинээ өөрөө ч бодож явсангүй. Багш, судлаач, хөдөлмөрийн эдийн засагч хэмээн анкетдаа эзэмшсэн мэргэжпээ бичдэг түүний сүүлийн ихэнхи жилүүдийн ажил үйлс яах аргагүй эмнэлэг, эмч нар, эмнэлгийн ажилтнуудын төлөө, тэдний ажиллах нөхцөл, цалин хөлс гэхчлэн хамгийн амин чухал асуудлуудтай холбогддог. 
 
Өргөсөн тангарагаа сахиж өдөр шөнө, өөд уруугүй зүтгэвч, өөдтэй үг цөөхөн шахам сонсдог болчихсон энэ хачин гэмээр цаг үед өнөө хэдэн эмч, эмнэлгийнхнийхээ төлөө жаахан ч болов өгөөмөр юм хийхсэн, үйлдвэрчний байгууллагын хүн байна даа. Үүнд л хувь нэмрээ оруулчих юмсан гэж бодсоор явсаных тэрээр, улс орон даяар нэр хүндтэй нэгэн үйл ажиллагааг санаачилсан нь “Алтан чагнуур” арга хэмжээ юм. 
 
Жил бүрийн хавар Дэлхийн эмч нарын өдрөөр 15 эмчийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаруулж, “Алтан чагнуур”-ын эзнээр өргөмжилдөг уламжлалыг тогтоож чадсан нь түүний хувьд төдийгүй нийт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын болоод Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны чухал ажлын нэгд тооцогдоно. Эмч нарын нэр хүнд хэсэг жаахан унах тийшээ хандсан үед энэ ажил тэдэнд ихээхэн урам зориг авчирсан нь маргаангүй. 
 
Шинэ залуу эмч нарыг тодруулах, хөдөлмөрийг нь зөв үнэлэх, олны танил биш ч онцгой сайн эмч нарыг гаргаж ирэх зэрэгт “Алтан чагнуур”-ын нөлөөлөл, тус их. Мөн Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнууд гэж байх. Яагаав, эмнэлгээр бол арын албаныхан юм даа. Инженер техникийн ажилтнууд, жижүүр, харуулынхан, слесарь, сантехникчид, бичиг хэрэг, санхүүгийнхэн гэх зэргээр эрүүл мэндийн салбарын мэргэжлийн бус “мэргэжилтэй” ажилтнууд энд хамаарах хэдий ч тэднийг орхигдуулж ер боломгүй гавьяатай улс. 
 
Тэдэнд хандсан бас нэгэн томоохон ажил бол эдгээр мэргэжлийн ажилтнуудын улсын зөвөлгөөнийг хийдэг болсон явдал юм. 21 аймгаас цугларсан төлөөллүүд нэг дор хэлэлцүүлэг зохиож, ажил төрлийнхөө “зовлон жаргалаа” илэн далангүй ярилцаж, нэг есондоо асар их мэдээлэл солилцож, олон ч асуудлыг шийвэрлэж чаддаг нь энэ зөвлөгөөний онцлог байдаг. 
 
Энэ мэтээр Нарантуяагийн яг гардаж хийж, хэрэгжүүлсэн ажлыг тоочвол гарын олон л хуруу тоологдох учиртай. Үйлдвэрчинтэй холбоотой ажил үйлс болгоныг нь мөн дурдана гэвэл сонины олон ч хуудас эргэх түүхтэй юм гэж бодогдоно. Энэхүү жаахан нийтлэлийг тэрлэх санаа өвөрлөн Нараатай эргэн, эргэн уулзаж ярих үед ч, түүний талаар бага боловч судалчих санаатай сайн таньж мэдэх хүмүүстэй нь ярилцаж байх үед ч уг бодол маань бүрэн батлагдсан билээ.
 
Хүмүүсийн тухай бичихэд аль болох “ажил бичихгүй” байхаар зүтгэдэг зан маань хөтөлснийх үү, Нараа өөрөө тийм хүн үү. Алин болохыг мэдэхгүй ч түүний зүгээс нэг л уян зөөлөн ааль мэдрэгдэхийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Үргэлж хичээл зүтгэлтэй ажиллаж, үргэлж сайхнаараа бусдад харагдах хоёрыг хамтад нь цогцлоож чаддаг түүн шиг эмэгтэй хичнээн байдаг бол. 
 
Заавал олны танил хүн л тийм байх ёстой мэт одоо цагийн дэндүү гэмээр зөрүүхэн ойлголтыг зүгшрүүлж, өөрийнхөө үеийнхэн дотор төдийгүй залууст ч үүнийгээ үлгэрлэж яваа бүсгүй бол Нарантуяа гэж бодогдсон шүү. Бүсгүй хүний мөнхийн чимэг инээмсэглэл нүүрэнд нь үнэн сэтгэлээсээ тодордог түүнийг сайхан дуулдаг гэлцдэг, удмынх болохоор тэр биз. Нэг шийдвэл зорьсондоо заавал мэрийдэг мятаршгүй зан бас харагдана лээ. 
 
Сайн аав, ээжийн охин болохоор тэр биз. Хэлье гэснээ ч хэлчихдэг зоримог шулуун үзэгдсэн. Хүний төлөө л гэж явсаных нь бизээ. Ингээд бодохоор тун саяхны түүнд хүртээсэн МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагнал эзнээ олжээ. “Үйлдвэрчин гэдэг их айлын нөөлөг хорин таван жил зүтгэхдээ шантраа нь үгүй Шар усан голын унаган бүсгүй Чагнаагийн Нарантуяа таны сэтгэлийн гол ус үргэлжид тунгалаг байхыг хүсье. Хаврын баяр, хүүхнүүдийн өдөр хажууд ирчихсэн буйгаас тэрээ.
 
Н. Тунгалаг
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин"