16 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байх талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан нь ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Энэ хуулийн төсөл зөв эсэх талаар монголын Морин спорт, Уяачдын холбооны зөвлөх, доктор А.Баярмагнайтай уулзаж ярилцлаа.
 
-Та морь уяж хурдлуулах монгол ухаан, хурдан морь судлалын талаар докторын зэрэг хамгаалсан билүү?
 
-Тийм ээ. Монголын хурдан морь судлалаар докторын зэрэг хамгаалсан. “Монголчуудын хурдан морь уях соёл, түүхэн уламжлал” сэдвээр эрдмийн ажил хийсэн хүн. Бас ахмад сэтгүүлч гэхэд болно. Энэ сэдвээр олон нийтлэл, тэмдэглэл бичиж сонин хэвлэлд нийтлүүлсэн.
 
-Хүүхдийг хурдны морь унуулахгүй гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс сүүлийн үед олон болж. Энэ тал дээр таны бодол юу вэ?
 
-Улс үндэстэн бүр сэтгэл зүй, бие бялдрын хувьд өөр хоорондоо өвөрмөц ялгаатай. Өөрөөр хэлбэл улс, үндэстэн бүр өвөрмөц сэтгэл зүй болон бие бялдрын тогтолцоотой. Тэд энэ тогтолцоогоо бүрдүүлэх өөрийн үндсэн соёл, хэв маяг, заншил, спорттой байдаг. Англи хүн гэхэд өөрийн үндсэн спорт болох хөл бөмбөгөө тоглож өсдөг. Япон хүн сумо барилдаж өсдөг. Энэ нь анжис түрэх япон хүний уламжлалтай холбоотой спорт гэж үздэг. 
 
Монгол хүн бол өөрийн уламжлалтай холбоотойгоор бөх барилдаж, морь уралдуулж, сур харваж өрсөлддөг. Ингэж байж монгол хүний бие бялдар, сэтгэл зүйн өвөрмөц тогтолцоо бий болдог. Өнөөдөр монголчуудыг дэлхий нийт мориноос нь салгаж ойлгоогүй л байгаа. Монголчуудын “морьтон монгол” гэдэг имиж нь хэвээрээ л байгаа. Энэ имиж хөдөөд жинхэнэ утгаараа байгаа. 
 
Жишээ нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Р.Отгонсүрэн гэдэг эмэгтэй саяхан зурагтаар “Эмээл дээр л эрүүл монгол хүүхэд өсч, бойждог юм аа” гэж хэлж байна. Энэ бол гарцаагүй үнэн үг. Цэцэрлэгийн бол гарцаагүй үнэн үг. Цэцэрлэгийн эрхлэгч хүн тэгж ярьж байхад УИХ-ын гишүүн хүн юу гэж ярьж байна. Монгол хүүхдийн морь унаж сурах процесс байна л даа. Нярай хүүхэд эхлээд дээш хараад хэвтэж байдаг. Хэдэн сар болоод суудаг. 
 
Хэдэн сар болоод мөлхдөг. Жилийнхээ ой дээр хөлд ороод хоёр хөл дээрээ явдаг. Хүний хөдөлгөөнийг зохицуулдаг уртавтар тархинд нь морь унаж сурах процесс шингэчихсэн байдаг. Ингээд цааш 3-4 наснаас нь монголчууд морины нуруун дээр хүүхдээ гаргаад тавьчихдаг. Үүнээс өмнө нэг юм уу хоёр ойтой байхдаа гэрийн хаяанд аваад тавьчихсан эмээл дээр морь унаж байгаа байдлаар тоглож, цогиж, бүр эмээл дээр унтчихсан байдаг. 
 
Ийм баримал хүртэл байдаг шүү дээ. Гурваас дөрвөн наснаас нь хүүхдээ эмээлтэй номхон морин дээр суулгаад түшээд юм уу, хөтлөөд явдаг. Ингээд хүүхдийн хөдөлгөөн зохицуулдаг уртавтар болон бага тархи дөрвөн хөлтэй амьтны хөдөлгөөний эвслийг програмчлаад, өөртөө бичээд авчихдаг. Хүүхэд дөрвөн хөлтэй адгуусан дээр багаасаа яваад, хөдөлгөөний эвсэлд нь зохицоод, морьтойгоо нэг цул зүйл болчихож байгаа юм. 
 
Монгол хүүхэд 3-4 настайдаа морины нуруун дээр гараад 5-6 настайдаа морь унаж сураад 7-8 настайдаа хурдны морь унадаг. Монгол хүний морь унаж чадах уу үгүй юу гэдэг бол багадаа хурдны морь унасан эсэх нь үндсэн гол шалнуур, хэмжүүр болно. Хонины морь унаад явахыг хэн ч чадна. Хурдны морь унаж чаддаг хүүхдүүд дээр хөдөлгөөний эвсэл, бүх ур чадвар илэрч гарч, сэтгэл зүй нь зохицож, төлөвшиж байгаа юм.
 
-16 нас хүрээгүй хүүхдийг хурдны морь унуулахгүй тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэ амьдралд хэр нийцтэй шийдвэр вэ? 
 
-Монгол хүнд нийцэхгүй. Хурдан морины уралдаан улс орон болгонд байна. Монгол адуу бол бие багатай, жижиг адуу. Олон улсад одой адуунд ч багтааж үзэх нь бий. Монгол адууны жин 250-300 кг орчим байдаг. Гадаадад уралдаж байгаа цэвэр үүлдрийн адуунууд 550-600 кг байдаг. Тийм том морийг 50-58 кг-тай хүн унадаг. Өөрөөр хэлбэл адууны жингийн 10 хувьтай тэнцэх хүн хурдны морийг унах ёстой. Монгол адууны жин 250-300 кг учраас 20-30 хүртэл кг-тай хүүхдээр унуулж, уралдуулах ёстой. 
 
Би эрдмийн ажил хийж байхдаа олон зуун морины хүүхдийн жинг үзсэн. Дээд тал нь 30 кг, доод тал нь 21 кг-тай байдаг. Мөн олон эмээл жигнэж үзсэн. Хамгийн хөнгөн эмээл 3.5 кг, хамгийн хүнд нь долоон кг байдаг. 20 гаруй кг-тай хүүхэд 5-6 кг-тай эмээл тохоод уралдахад 30-аад кг л болж байгаа биз. Стандарт нь ийм юм. 300-аад кг-тай адуу байхад 10 хувьд нь тохирч байгаа юм. Гэтэл 16-аас дээш настай хүүхэд хэдэн кг байхав. Энэ мэтийг С.Одонтуяа гишүүн мэддэггүй юм уу, мэдсэн ч мэдээгүй царайлдаг юм уу, мэдэмхийрдэг юм уу бүү мэд. 
 
Юм олон талтай. Олон талаас нь ойлгох хэрэгтэй. Унаж ашиглахад бол хамаагүй. Тарган цатгалан байхад нь хэдэн ч кг-тай хүн арчилж унаад ямар ч хол газрыг туулж болно. Хамгийн гол нь уяж байна гэж жинг нь хасаад олон км холын зайд дээд хурд, хүчээр нь зогсолтгүй давхиулах учраас хөнгөн жинтэй хүүхэд унах нь стандартад нийцнэ. Эртнээс нааш ийм уламжлалтай байсан. Цаашид ч энэ уламжлалаа хадгалах нь зөв. УИХ-ын гишүүд маань судалж, мэдэж байж асуудлыг яримаар байгаа юм. 
 
-Хурдан морины уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, зэрлэг цэнгэл гэж нэрлэх хэт хотожсон, орчин үеийн хүмүүст та юу гэж хэлэх вэ?
 
-Нүүдэлчний соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншилд бид шилжиж байна. Суурьшмал соёл иргэншлийн захад орж байгаа хотод төрж өссөн хүмүүс сүүлийн үед янз бүрийн л юм ярьж байна. Хөдөө өөрийнхөө унаган морийг уяад, өөрийн хүүхэддээ унаган морио унуулаад, нутаг нугынхаа айлын хүүхдэд хурдны морь унуулаад явж байгаа монгол ахуйгаа мэддэг хүмүүс ийм асуудал хэзээ ч ярьдаггүй юм. Морь унадаг, унуулдаг, уядаг хурдлуулдаг хүмүүс нь ийм юм яриагүй байхад “чүү гэх морьгүй, чаа гэх ямаагүй” хотынхон ийм юм ярих нь зохимжгүй. 
 
Баахан сурвалжлагч нар Өлзийт хорооллын дунд сургууль дээр очоод “Морь унах аюултай биз, аймаар биз, даардаг биз ” гээд л өөрийнхөө санааг тулгаад асуудаг. Хүүхэд гэдэг гэнэн. Хүн нэг юм хэлвэл дагаад л, камерийн өмнө бүлтэгнээд л “тийм” гэнэ шүү дээ. Ингэж бас болохгүй л дээ. Монгол хүүхэд хурдны морь унана гэдэг бол монгол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр биш, баясгалант хөдөлмөр. Хөдөөний хүүхэд морь унаж сурах гэж хичнээн яарч, тэмүүлдэг вэ. 
 
Хурдны морь унах гэж өөрөө шилж сонгоод л, тэр морьтойгоо нэг цул болчихсон бараг хүн шиг ярилцаж, ойлголцох нь холгүй, шөнө нойргүй л хонодог шүү дээ. Хүүхдээр хурдны морь унуулахгүй гэвэл харин ёстой монгол хүүхдийн эрхийг зөрчиж, сонирхлыг хааж байгаа явдал болно.
 
-Хурдан морины уралдаанд хүүхэд эндэх эрсдэл их гарах болж. Энэ талаар?
 
-Спортын ямар ч төрлөөр дэлхийн болон олимпын хэмжээний амжилт гаргаж байгаа тамирчдыг 4-5 наснаас нь эхлээд л хичээлүүлж байгаа шүү дээ. Ямар ч спортод эрсдэл байна. Саяхан л гэхэд Дундговьд нэг эмэгтэй хүүхэд жүдогийн бэлтгэл хийж байгаад нас барчихсан байна. Ганцхан хурдан моринд биш бүх спортод эрсдэл байна. Харин бүх спортын аюулгүй байдлыг нь л хангах хэрэгтэй. Монголчууд хурдан морины хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үндэсний тогтолцоогоо бүрдүүлчихсэн ард түмэн. 
 
Эмээл, дөрөө, суран хэрэглэл, модон хэрэглэл, төмөр хэрэглэлээ бэхэлдэг, шалгадаг энгийн тогтолцоо байдаг. Үүнийг л мэдэж байгаа хүн бол эрсдэл гаргахгүй. Жишээ нь би багаасаа л морь унаж өссөн. Хурдан моринд өмсөх хувцсыг минь ээж бэлдээд л, эмээл хазаарыг ажаа төхөөрөөд л морь бүдэрсэн ч ойчиж, гэмтэхээргүй болгоод л мордуулдаг байсан. Харин одоо уяачид залуужаад, шинэ залуу хотын гаралтай уяачид олон болоод аюулгүй байдлын шаардлагыг сайн биелүүлж чадахгүй байна. 
 
Хорхойдоо хөтлөгдөөд хайнга хандаж байж болно. Энэ байдлыг нь жаахан хязгаарлаад, хямгадаад, аюулгүй байдлыг хангах асуудал дээр анхаарах хэрэгтэй. Энэ байдлаараа бол хүүхдээр морь унуулахыг мөдхөн хориглох нь л дээ. Сүүлдээ монгол хүн морь унахаа байх, монгол соёл иргэншлийг устгах нь байна.
 
-Өвлийн уралдаанд иргэд их шүүмжлэлтэй хандаад байх шиг ээ? 
 
-Өвлийн уралдаан биш хаврын уралдаан юм. Монголчууд морь уралдуулдаг өөрийн улирал, цаг үетэй. Намрын дунд сарын 17-оос цагаан сарын шинэдийг гартал морь уядаггүй, уралдуулдаггүй. Энэ заншлаа дагаад явж байгаа. Шинийн гуравнаас эхлээд морь уралдаж эхэлдэг. “Дүнжингаравын хурд” сүүлийн үед их том болж байна. Төв аймагт болдог байсан бол энэ жил Хүй долоон худагт боллоо. 
 
Хуучин хаврын уралдаан гэж өвөлжөө, хаваржаа бүрт шахуу тав арваараа уралддаг байлаа. Уяачдын холбоо байгуулагдаад энэ уралдааныг нэгтгээд төрийн хяналт, цагдаагийн зохицуулалт, эмнэлэгийн тусламж, зохион байгуулалттай уралдаж байна. Ийм уралдаанд хүүхэд энддэггүй юм. Тав арваараа нийлээд уралдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл зохион байгуулалт дутдаг болохоор хүүхэд энддэг. Жижиг бусаг уралдаан биш, бүсийн уралдаан зохион байгуулахын ач холбогдол энэ.
 
-Хуулийн төслийг дэмжвэл яах бол?
 
-Монголын парламентад монголчууд сууж байгаа бол С.Одонтуяа гишүүний энэ хуулийн төсөлийг дэмжихгүй байх аа. Урд нь Бооцоот уралдааны хууль гэж өргөн барьсан. Түүний ажпын хэсэгт би орж байгаад татгалзаад больсон. Энэ ажлын хэсэгт яамдын төлөөлөл орсон байсан. Гэтэл Эрүүл мэндийн яамны төлөөлөгч “Монгол хүүхдээр ерөөсөө хурдан морь унуулахгүй. Энэ бол Эрүүл мэндийн яамны байр суурь” гэж хэлж байгаа юм. Тэгэхээр нь “Таны хэлж байгаа энэ байр суурь чинь монголын Засгийн газрын, Эрүүл мэндийн яамны байр суурь юм уу, гадаадын Засгийн газрын, Эрүүл мэндийн яамны байр суурь юм уу” гэж асууж байлаа. 
 
“Эмээл дээр эрүүл монгол хүүхэд өсч, бойждог” гэдгийг л би дахин дахин хэлмээр байна. 
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"