sonin.mn
-Энэ асуудал дүүргийн эрх мэдлээс гарсан учраас нийслэлд санал тавьсан-
 
Сүүлийн жилүүдэд дулааны болон цэвэр, бохир усны шугамын асуудал ихээр яригдаж байгаа. Тэр дундаа “Ургах наран” хорооллын бохирын ус хальсан асуудал жил бүр хөндөгдөх болсон. Энэ талаар Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогтоос дараахь тодруулгыг авлаа.
 
-Ургах наран хорооллын бохирын хоолой хальсан асуудал дахиад л хөндөгдлөө?
 
-Ургах наран хорооллын бохирын асуудал 2013 оны дунд үеэс эхэлсэн. Баянзүрх дүүргээс Ургах наран хорооллын бохирын асуудлын талаар нийслэлд санал тавьж төсөвт суулгаснаар 2013 оны арваннэгдүгээр сараас, 2014 оны зургадугаар сар хүртэл хариуцаж ажилласан. Тухайн үед одоогийнх шиг нөхцөл байдал үүсч бохир нь хальсан байдалтай байсан. 
 
Бохирыг цэвэрлэж ариутгах ажлыг мэргэжлийн байгуулагууд зохион байгуулж, халиад байгаа усыг нь өдөрт 15 тонны 3-4 машинаар ээлжилж зөөвөрлөх ажлыг хийсэн юм. Аливаа ажилд тодорхой хэмжээний санхүү шаардлагатай учраас нийслэлээс нэмэлт санхүүжилт хүссэн. Гэвч нийслэлээс ажпын хэсэг гараад газар дээр нь бид нар өөрсдөө ажиллана гэсний дагуу дүүрэг энэхүү ажлыг хариуцахаа больсон. 
 
Эрх нь нийслэл рүү шилжсэн гэсэн үг. Харин нийслэл хорооллыг барьсан байгууллагатай ярилцаад Налайхаас явж байгаа бохир усны туул 1, 2 коллекторыг ашиглалтад ортол танай байгууллага өөрсдөө бохир усныхаа асуудлыг хариуцаад ажилла гэсэн үүргийг өгсөн байдаг. Үүний дагуу тухайн барилгыг ашиглаж буй байгуулага нь бохир усны асуудлаа хариуцахаар болсон.
 
Иймээс байгууллага нь бохир усаа соруулахгүй байна гэсэн үг. Барилга баригдсанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн барилгыг барьсан байгууллага нь ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана гэсэн хуулийн дагуу тухайн байгуулагад хариуцлага тооцох асуудлыг авна.
 
-Бохир нь ямар шалтгаанаар хальдаг юм бэ?
 
-Уг хорооллын бохир нь төвийн шугам буюу Налайхаас Улаанбаатар хотыг холбосон бохирын хоолойн асуудалтай холбоотой. Налайхаас хот руу татаж байгаа туул 1,2 гэсэн хоолойнууд ашиглалтад орсноор төвийн бохирт холбогдох боломж бүрдэж байгаа. Гэхдээ одоог хүртэл энэхүү хоолой нь холбогдоогүй учраас дунд нь байршуулсан ёмкос дүүрээд хальж байгаа юм. Ургах наран хорооллын бохир усны асуудал үүнтэй холбоотой.
 
-Мэдээж хөрсний бохирдол байгаа. Энэ талаар дүүргийн зүгээс хэрэгжүүлэх ажлын талаар ярихгүй юу?
 
-Хөрсний бохирдол Ургах наран хорооллын орчим дээд цэгтээ хүрсэн. Хөрсний бохирдлыг арилгахын тулд бохирдсон газруудад халдваргүйжүүлэх ажил хийх, мөсөн давхаргыг нь хуулж, эрүүл хөрсөөр сэлгэх, тусгай зориулалтын бодисоор ариутгаж байж хөрсний бохирдол арилна. Энэ ажлыг хийхийн тулд маш их хөрөнгө шаардлагатай. 2013 онд тус хорооллын бохирдлыг арилгахад 70-80 сая төгрөгийг бүх хөрсийг нь хуулах, шинэ хөрсөөр сэлгэх болон ариутгахад зарцуулсан.
 
-Тэгвэл хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг ямар байгууллага хариуцах юм бэ?
 
-Энэ асуудал дүүргийн эрх мэдлээс гарсан учраас бид нийслэлд энэ ажлыг яаж явуулах талаар санал тавьсан.
 
-Зардлыг хаанаас гаргах вэ?
 
-Зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах боломжтой. Гэхдээ одоогоор хэрхэх нь шийдэгдээгүй байна.
 
А.Даваасамбуу
Эх сурвалж: "Нийслэл таймс"