sonin.mn
Хэрвээ зөв бол аливаа зуршил тун ч ашигтай. Архи, тамхи хэрэглэх зэрэг муу зуршил байдаг л даа. Гэхдээ үүнийг өөр нэг зуршлаар ч сольчихож болно. Би тамхи татахаар дотор муухайрдаг гэж өөртөө итгүүлээд муу зуршлаа хаячихаж байлаа. Үнэхээр л тамхи татах гэхээр дотор муухайраад ирж байгаа мэт санагддаг болчихдог юм билээ. Дээр нь тамхи татмаар санагдвал стакан ус уух зуршил байна. Цаашид тамхи хэрэглэхээ байсан ч ус ууж хэвшинэ. Эрүүл мэндэд ч хэрэгтэй л зүйл.
 
2000-аад онд хүүхэд залууст орох очих газар ховорхон байсан. Тиймээс ч архи, тамхи алив буруу зүйлийг сонирхож эхэлдэг. Харин компьютер тоглоом дэлгэрснээр тухайн цаг үед олон залуус буруу замаар будаа тээлгүй харин компьютерийн ард хадагдсан даа. Мэдрэлийн өвчин тусна гээд нэлээд сүржигнэдэг байсан. Гэвч сэтгэцийн эмнэлгийг дүүргээд цочоогоод байсан явдал гараагүй. Энэ бол адилхан хортой мэт зуршлийн нэг нь илүү үр дүнгээ гүйцэтгэсэн явдал болсон юм уу даа.
 
Энэ мэтчилэнгээр шөнө нойргүй цахим ертөнцөд байдаг муу зуршлийг ном унших юм уу гадаад хэл сурах зэргээр сольчихож болно. Хэдэн өдөр хичээгээд өөрчлөөд үзэхэд болох зүйл юм билээ. Түүний дээр бусдад талархаж мөн уучлалт эрж хэвших нь амьдралыг тун ч аятайхан болгодог шүү. Бухимдал эсвэл гэм буруугаа залруулалгүй дотроо хадгалж явах нь ходоодны өвчин үүсгэдгийг шинжлэх ухаан нотолчихсон юм гэнэ лээ. 
 
Дотны хүмүүстээ сайхан үг хэлж, магтаж хэвшсэн ч болж байна. Манай улс хахирган, урт удаан хүйтний улиралтай. Нийслэл хотод өнөөдөр ид утаан хөшиг татаж байна. Иргэд нь гол төлөв хар бараан хувцас өмсдөг, үг дуу багатай бидэнд ийм л хэвшлүүд дутаад байгаа биш гэж үү.
 
Ж.Энх 
Эх сурвалж: "Нийслэл таймс"