sonin.mn
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр В.И.Лениний музей буюу Үлэг гүрвэлийн музейг өөрчлөн Азид ховорхон “Буддын соёлын музей”-тэй болох талаар онцолж байсан юм. Тэрээр “Ер нь бид хот байгуулалтын буюу барилга байгууламжийн талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус шийдвэр гаргаж ирсэн. 
 
Энэ алдааг засч, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг гаргаж хийсэн төслөө танилцуулж байна. Монгол Улс энэ жил Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэхээр шийдвэрлэсэн. Мөн В.И.Лениний музейн өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар Богд хааны хөшөө барих шийдвэр батлагдсан байгаа. В.И.Ленин музей бол музейн зориулалтаар баригдсан барилгын хийцийн хувьд Азидаа нэлээн дээгүүр ордог барилга юм. 
 
Монгол архитекторын ур ухаанаар баригдсан энэ барилга үндэсний болон европын хэв маягийг тусгасан бүтээл. Энэ бүтээлийг цаашид бид нар Буддын соёлын музей болгон өөрчлөх төслийг танилцуулж байна. Яагаад ийм төсөл хийхээр болсон бэ гэвэл манай улсад буддын соёл олон зуун жил дэлгэрсэн. Буддын соёлыг дагасан урлагийн бүтээл ч их байдаг. 
 
Буддын соёлын үзмэрүүд нь хаана байдаг вэ гэхээр хүмүүсийн гар дээр буюу хар зах дээр, айлд байдаг. Эртний эдлэлийн дэлгүүрүүдэд байна. Асар их бүтээлүүдийн үнэ цэнийг нь мэдэхгүй, үзүүлэх газар байхгүй, сэргээн засварлах газар байхгүй. Гадагшаа их гарч байгаа.
 
Үүний дагуу судалгаа шинжилгээ байхгүй байна. Энэ урлагийн бүтээлээ үзмэр болгож чадахгүй олон жил явлаа. Тиймээс бид энэ барилгыг Буддын соёлын музей болгож, энэ урлагийн бүтээлүүдийг дэлгэн харуулж Азидаа томоохонд тооцогдох музей болгоё гэсэн төсөл юм. Энэ төслийг танилцуулсны дараа төр засгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх болов уу гэж итгэж байна" гэсэн юм. 
 
Түүнчлэн “Одоогоор уг барилгыг Үлэг гүрвэлийн музей болгоно гэсэн шийдвэр гарсан байгаа. Гэхдээ Үлэг гүрвэлийн музей нь энэ барилгад тохиромжгүй. Тийм учраас урлагийн музей байх ёстой гэж үзсэн. Нийт 4712 ам метр талбайтай, архитектурын хувьд өөрчлөлт орохгүй. Дотор нь Богд хааны хөшөөг тавиад, үзмэрүүдээр тохижуулаад гадна дотор загвар хийцийг нь шинэчилнэ, гэхдээ үндсэн хийцийг нь өөрчлөхгүй. 
 
Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий доорхи байгууламж хийнэ. Энэ талбайг хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Хувийнхан энэ бизнесийн үйл ажиллагааг хйихийн тулд 10, орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Харин музейн барилгын хувьд 3 орчим тэрбумын засвар үйлчилгээ хийгдэж, Азид байхгүй Буддын соёлын урлагийн музей болгоно. 
 
Манай буддын сүм хийдүүдэд болон хувь хүмүүст байгаа бүтээлийг тавьдаг болно гэж санаачилсан юм. Мөн Үлэг гүрвэлийн музейг хаана байрлуулах вэ гэдгийг давхар шийдлийг нь гаргасан. Бидний төлөвлөснөөр аялал жуулчлалын бүс болсон Тэрэлж хүрэх замд байдаг Мэлхий хадны хойно байгуулахаар төлөвлөсөн. Палентологийн олдвороороо Монгол Улс дэлхийд нэгд ордогч тэрнийгээ танилцуулж, үзүүлэх хэмжээнд зохион байгуулж чадаагүй. 
 
Тэнд музей байгуулснаар жуулчдад үзэх юмтай болгох юм. Асар их олдвор олддог гэдэг утгаараа Монголд л байхгүй бол болохгүй. Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын аль алинаар нь хийх боломжтой. Манай улс ойрын жилүүдэд жуулчдыг сая саяар нь ирдэг болгоно гэж олон шийдвэр гаргасан ч үзэх харах юм бага байдаг. 
 
Цаасан дээрх шийдвэрээр жуулчдыг татахгүй. Тиймээс жуулчдын зорьж очдог газар болгохоор төлөвлөсөн. Мөн тэндээ Палентологийн төвийг байрлуулж, судалгаа шинжилгээ хийж, сэргээн засварлаж, эргээд тэрийгээ үзүүлж, олсон орлогоороо судалгааны багаа санхүүжүүлдэг нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон" гэлээ. Энэхүү танилцуулгын дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
 
-Музей байгуулах шийдвэр нь гарсан уу?
 
-В.И.Лениний музейг өмнө нь намын байр, худалдааны төв зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглаж, хамгийн сүулд Үлэг гүрвэлийн музей болгохоор шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд оролцоогүй дандаа улс төрийн өнгө аястай шийдвэрүүд гарсаар ирсэн. Харин бид одоо ингэж улс төрийн шийдвэрээр биш, илүү тохиромжтой хувилбарыг санал болгож байгаа юм. 
 
Цаашдаа энэ төслийг дэмжсэн шийдвэрүүд гарах байх. Палентологийн музейн хувьд БОАЖЯ-ны шийдвэр гарч байж, энэ асуудал цааш үргэлжлэх байх.
 
-Палентологийн музейг хичнээн төгрөгөөр баригдахаар төлөвлөсөн юм бэ?
 
-Үзмэрийн цар хүрээ, сургалт судалгааны төв байгуулах зэргийг харгалзан энэ музейн барилга 15750 ам метр талбайтай, гурван давхар барилга байна. Нийтдээ 27 тэрбум орчим төгрөгөөр босгохоор төлөвлөсөн.
 
-Санхүүжилт нь хаанаас гаргах юм?
 
-Санхүүжилтын хувьд улсын төсвөөс, хувийн хөрөнгөө оруулалтаар, аль эсвэл концессоор ч барьж болно гэж үзсэн.
 
-Яагаад заавал Буддын соёлын музей болгоно гээд байгаа юм бэ?
 
-Буддын шашин монголд дэлгэрээд олон зуун жил болсон. Энэ шашныг дагаад урлагийн агуу соёлтой. Тэр соёлын бүтээлүүд иь хүмүүсийн гар дээр байгаа, үнэ цэнийг мэдэхгүй байна. Жишээ нь, Парист Занабазарын бүтээл дуудлага худалдаагаар гурван сая евро хүрсэн гэж байна. Энэ бүхэнтэй дүйцэх бүтээл иргэдийн гар дээр байгаа. Гэтэл тэр үнэ цэнийг нь мэддэггүй. Тэрийгээ үзмэр болгож олон нийтэд таниулах боломжгүй, гэртээ хадгалах эсвэл хилээр гаргачихаад байгаа. Ийм л чиглэлээр энэ музейг ажиллуулах юм.
 
-Гандантэгчинлэн хийдэд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө суулгахад хэл ам дагуулж байсан. Тус хийдээс өгсөн тайлбараар манайд бурхан шашны соёлын бүтээлүүд олноор хадгалагдаж байгаа. Тэднийг нэгтгээд хашаандаа музей байгуулах юм гэдэг тайлбар өгч байсан. Тэгэхээр давхардал үүсэх юм биш үү?
 
-Гандангийн хашаанд музейн барилга барих шийдвэр гараагүй. Харин бид музейн зориулалттай баригдсан барилгыг ашиглах гэж байна. Энэ барилгыг үзэсгэлэнгийн зориулалтаар ашиглахдаа Буддын урлагийн бүтээлүүдийг байрлуулахаар л төсөвлөсөн.
 
-Палентологийн музейг яагаад Мэлхий хадны орчимд байршуулах төсөл хийсэн юм бэ?
 
-Горхи Тэрэлжийн орчимд 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ улирлын чанартай л ажилладаг. Харин энэ музейг барьснаар аялал жуулчлал илүү хөгжинө гэж үзсэн. 
 
Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Нийслэл таймс"