sonin.mn
 
Драмын урлагийн бүхий л төрөлд хувьсан тоглох, өргөн цар хүрээ бүхий чадварлаг уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай яриа өрнүүллээ. Улсын драмын эрдмийн театрт 30 жил замаасаа хазайлгүй ажилласан энэ бүсгүйг театрын хамт олон нь Ошин хэмээдэг бол монголчууд Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, удам залгасан жүжигчин хэмээн хүндэлдэг.
 
-Таныг Драмын театрын тайзнаа амилах “Гамлет” жүжигт дүр бүтээнэ гэж сонслоо. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулна уу? 
 
-Сонгодог жүжгийн сарын хүрээнд “Гамлет" жүжгийг тайзнаа амилуулахаар боллоо. "Гамлет" жүжигт эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл Гертруда хатны дүрийг бүтээх гэж байна. Энэ жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав гуай Монголын тайзнаа 35 жилийн өмнө анх амилуулахад аав маань Гамлетын дүрийг бүтээж монголчуудад хүргэсэн. Сонгодог жүжгийн үнэ цэнэ, утга агуулга хэзээ ч хуучирдаггүйн баталгаа бол "Гамлет” юм. 
 
Хэдийгээр У.Шекспир идэр залуудаа энэ жүжгээ бичсэн ч 60 настай хүний сэтгэхүйгээр харж туурвиснаараа гайхалтай бүтээл болсон. Нийгэмд өрнөж буй бусармаг үйлдлийг хараад эмзэглэх жүжигчин хүний дуу хоолойг “Гамлет” жүжиг ард түмэнд хүргэдэг. Өрх гэрийн хос багана эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь хазгай гишгэхэд хувь хүн байтугай нэгэн гэр бүлийн амьдрал сүйрдгийг Гертрудагийн дүр илэрхийлдэг. Нөхөр нь нас бараад хоёр сар ч болоогүй байхад дүүтэй нь гэрлэнэ гэдэг аймшигтай хэрэг. Хэрвээ Гертруда гэрлээгүй бол энэ хүний амьдрал бүү хэл нэг улсын түүх өөрөөр өрнөх байсан. Жүжгийн зангилаа болсон гайхалтай дүрийг бүтээж буйдаа баяртай байна.
 
-Эх хүн яах аргагүй өрх гэрийн нэг багана нь. Таны бодлоор эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
 
-Эмэгтэй хүн, эх хүн хувийн аз жаргалаас илүү амьдралын ноён нуруугаа бодож явах нь чухал гэж боддог.
 
-Жүжигчний мэргэжлийг сонгоход танд гэр бүлийн орчин нөлөөлсөн байх. Ер нь өөр мэргэжил эзэмших бодол байсан уу?
 
-Урлагийн хүн болоход аав, ээжийн нөлөө бий. Хүүхэд эцэг, эхээс бүрдэж төрдөг учраас тэдний авьяас надад өвлөсөн гэж боддог. Ээж минь театрын нүүр хувиргагч, аав минь жүжигчин байсан учраас манайд алтан үеийн уран бүтээлчид их ирнэ. Тэгээд намайг шүлэг уншуулж, дуулуулж авьяасыг минь шалгадаг байсан. Сургуульд байхад “Чи жүжигчин Л.Жамсранжавын охин юм чинь ийм жүжигт тогло" гэдэг байсан нь намайг авьяасаа нээхэд дөхөм болсон. 
 
Багадаа эмч болохыг хүсдэг байсан. Аав минь намайг эмч болно гэхэд их баярлаж хүлээж авч билээ. Аав минь “Миний охин хүнд халамжтай, тусч учраас сайн эмч болно" гэдэг байв. Аравдугаар анги төгсөхөд гадаадад анагаахын сургуульд сурах боломж байсан ч эцсийн мөчид урлагийг сонгосон. Хэрвээ анагаахын сургуулийг сонгосон бол хаа нэг газар эмчээр ажиллаад явах байсан биз ээ. 
 
-Таныг уран бүтээлч болоход нөлөөлсөн гэр бүлийнхээ дурсамжаас эргэн санавал?
 
-Би аав, ээж хоёрыгоо уншсан номоо бие биедээ ярьж байсан үеүдийг санадаг юм. Хоёулаа урлагийн хүн учраас “Энэ зохиолын баатар чиний тэр дүртэй адил юм" гээд л урлагийн яриа өрнүүлдэг байсан. Ээж маань нүүр хувиргагч учраас төрөл бүрийн хиймэл үс, будаг авчирна. Бид нар тэр бүхнийг нь сонирхож дүр гаргаж тоглодог байв.
 
-Та театртай амьдралаа холбож, үнэнч ажилласан цөөн уран бүтээлчийн нэг. Ингэж тууштай, үнэнч сэтгэлээр ажиллахад тань юу нөлөөлөв?
 
-Аливаад үнэнч ханддаг занг би гэр бүлээсээ өвлөж авсан. Би аравдугаар ангиа төгсөөд театрт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Жүжигчин болно гэж шийдсэн учраас л үйлчлэгчээр ажилд орсон юм. Манайхан намайг зорьсондоо үнэнч, театртаа нэгэн сэтгэлээр ажилласан “Ошин шиг шүү” гэдэг. Ер хүн зорилгодоо үнэнч байх ёстой. Би энэ театртаа үнэхээр үнэнч ажилласан.
 
-Хүний амьдралд зорилгоосоо гажих тохиолдол гарна шүү дээ. Ер нь театраа орхих бодол төрж байв уу? 
 
-Санхүүгийн үүднээс амьдралаа бодож мөнгө хөөсөн бол хошин урлагт орох, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж болох байсан. Хүний амьдралд баяр баясгалан, уйтгар гуниг гээд олон зүйл тохиолдоно. Нуулгүй хэлэхэд “Театраас гарах юмсан” гэж бодох үе байсан. Хүн бүрт л тийм шийдвэрлэх үе тохиолддог байх. Тэр бүрт би театраа нэгдүгээрт амьдралаа хоёрдугаарт тавьж ирсэн.
 
-Урлаг уран бүтээлчээс хариуцлагаас гадна золиос шаарддаг гэдэг. Таны урлагт өгсөн хамгийн том золиос юу вэ?
 
-Урлагт өгсөн хамгийн том золиос амьдрал минь байсан. Урлагийн төлөө өөрийгөө зориулснаар оройтож амьдралаа эхэлсэн. Миний насны хүмүүс ач зээгээ үзэж байхад би анхны хүүхдээ төрүүлсэн шүү дээ.
 
-Ийнхүү амьдралаа золиосолсондоо харамсдаг уу?
 
-Хэзээ ч харамсч байгаагүй. Харамсах ч эрх надад байхгүй. Би ард түмний хайр итгэлийг хүлээж төрөөс Монгол Улсын Гавьяат жүжигчин гэсэн цолыг авсан. Энэ их итгэлийг алдахгүй л юм сан гэж боддог.
 
-Сургуулиа төгсөөд драмын театрт ажилд ороход тухайн үеийн жүжигчид таныг шинэ жүжигчин гэж хүлээж авсан уу, эсвэл Л.Жамсранжавын охин гэдэг утгаар угтсан уу?
 
-Намайг театрын уран бүтээлчид “Чи Л.Жамсранжавын охин гэсэн байх аа. Тэр сайн жүжигчний энд хүрэх эсэхийг чинь харна даа. Аав шигээ жүжиглэж чадах уу” гэж хатуу угтсан. Тухайн үеийн уран бүтээлчид аавын минь цензурээр намайг үнэлж байсан. Би “Хэрвээ сайн тоглохгүй бол аавын минь нэр гарах нь байна шүү. Хичээх хэрэгтэй” гэж өөртөө хэлж аавынхаа нэрийг гутаахгүйн тулд алдаа гаргахаас ч айдаг байсан. Ер нь урлагт “Урай 'Вүтээлчийн хүүхэд" гзсэн арын хааИга байдаггүй. Харин ч хатуу шалгуур, шүүлттэй ертөнц угтаж авдаг.
 
-Одоо ч таны нэрэнд Л.Жамсранжавын охин гэсэн тодотгол хадаастай шүү дээ? 
 
-Би Ардын жүжигчний охин болж төрсөндөө бахархдаг. Л.Жамсранжавын охин гэх алдар намайг өдий зэрэгтэй жүжигчин болгосон. Бас миний уран бүтээлд ташуур болж ирсэн. Энэ алдар дан ганц Оюундарь гэлтгүй миний үр хүүхдийг ч гэсэн тодотгож явах болно.
 
-Жүжигчид хэсэгхэн ч гэсэн уран бүтээлээсээ завсарлахад урлагаа эрхгүй үгүйлдэг гэж ярьдаг. Та жирэмсний амралтаа аваад уран бүтээлээ хийх хүслээр цангаж байв уу?
 
-Жирэмсэн байхдаа театраа, тайзаа их санасан шүү. Нэг удаа “Саран Хөхөө" жүжгийг үзлээ. Миний дүр дээр жүжигчин Д.Ганцэцэг гарсан юм. Тэгэхэд “одоо ингэдэг шүү” гээд тэр жүжигт тоглож буй уран бүтээлчидтэйгээ хамт амьсгалж байсан.
 
-Драмын жүжигчин хүн өдөр бүр нэг жүжгийн дүрийг бүтээж үзэгчдэд хүргэдэг. Тэгэхээр жүжигчин хүнд өөрөөрөө байх боломж бага байдаг уу?
 
-Дүр бүрт хувирах боломж олгодгоороо жүжигчний мэргэжил агуу. Бид өнөөдөр хатанд хувирч, маргааш харц ард, гуйлгачны дүрд ордог. Амьдралдаа олон хүнд хувилж чаддаг бид азтай. 
 
-Та олон кинонд дүрээ мөнхөлсөн. Драмын жүжигчин, кино жүжигчин хоёрт ялгаа бий юү?
 
-Ялгаа байдаг. Кинонд бол жүжигчид ойроос харилцаж, орлон тоглогч ашиглаад аргалж болдог. Харин драмын тайзан дээр орчин, зайны ялгааг илүү мэдэрдэг. Драмын жүжигчин тайзнаас 22 эгнээний ард суугаа хүнийг ойлготол дүрээ бүтээх ёстой. Ингэхийн тулд жүжигчнээс дуу хоолойны цар хүрээ, чадвар шаарддаг.
 
-Нэг хэсэг монголчууд жүжиг үзэх нь театр хаана байдгийг мартах шахаж байсан. Үзэгчгүй бол театр нэг л хоосон шүү дээ. Тэр үед театрын халуун ам бүлд багтсан хүний хувьд үзэгчдээр дутах, алга ташилтын чимээг үгүйлж байв уу?
 
-Нийгэм ядууралд орсон тийм үе Монголын урлагийн түүхэнд тохиосон. Гэхдээ нийгмээ дагаад урлаг ядуурч болохгүй. Тиймээс бид талхныхаа мөнгийг шавхан байж жүжгийн тасалбар худалдаж авсан үзэгчийн оюун ухаанд тэжээл болохыг хичээж байсан. Манай театр “Нэг хүн ирсэн ч зуун хүн үйлчилнэ” гэсэн уриан доор ажиллаж байсан. Теарт бол нийгмийн толь. Нийгэмд болж бүтэхгүй байгаа, бас сайн сайхныг үзэгчдэд тольдож харуулах нь театрын үүрэг. Одоо бол театр дүүрэн үзэгчтэй болсон. Энэ бол бидний тухайн үед зүтгэж байсны илрэл юм даа.
 
-Ер нь жүжигчин юунаас хамгийн их урам авдаг вэ? 
 
-Аливаа дүрийг үзэгчдэд хүргэх гэж нойроо хагаслан ажиллаж байхдаа би аз жаргалтай байдаг. Миний тэр хөдөлмөрийг үзэгчид ойлгож, халуун дотноор хүлээн авахад хамгийн ихээр урамшдаг.
 
-Та наадмаар уран бүтээлчдийн дунд болсон уралдаанд “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Луйсагийн дүрээрээ оролцож байсан билүү?
 
-Би оюутан байхдаа энэ дүрийг бүтээж байсан. Сүүлд манай театрт “Хар санаа хайр сэтгэл” жүжгийг дахин амилуулахад тоглоогүй юм. Харин жүжигчдийн дунд зохиосон уралдаанд энэ дүрээрээ оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Эмэгтэй жүжигчдийн хүслэн болсон цөөхөн дүрийн нэг бол “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Луйса юм.
 
-Уран бүтээлчдийн хүслэнт дүрээс гадна тухайн жүжигчний мөрөөдөл болсон дүр гэж байдаг. Энэ дүрийг л бүтээх юмсан гэж хүсдэг дүр танд бий юү?
 
-Дөнгөж уран бүтээлч болж оргилуун зантай, уран бүтээлийн асар их шуналтай байдаг. Хүний хүсэл хязгааргүйн адил уншсан зохиол бүртээ тоглохыг хүсдэг байсан. Хүсэхэд хясна гэгчээр драмын эмэгтэй дүр цөөхөн шүү дээ. Харин олон жил ажиллаад ирэхээр сонгодог жүжгийн дүрийг эрмэлздэг болжээ. Жүжигчин хүн энэ дүр надтай адил зан авиртай юм гэж бодохоос илүү өөрөөсөө тэс ондоо ааш, чанартай дүрийг бүтээхийг тэмүүлдэг.
 
-Таны амьдрал театрын улаан байшинтай салшгүй холбоотой юм. Монголын сонгодог урлагийн уурхай болсон энэ театрынхаа тайзан дээр бүтээсэн дүрүүдээс тань сэтгэлд хоногшсон нь ямар дүр вэ?
 
-Би бүтээсэн дүр бүртээ хайртай. Хэдэн жилийн дараа дүр мартагддаг. Жүжигчин хүнд дүрийн дэвтэр гэж бий. Хөтөлж байсан дэвтрүүдээ эргүүлж сөхөн арав, хорин жилийн тэртээ бүтээж байсан дүрүүдээ дахин санах сайхан байдаг. Тухайн үеийн тайз, хамтарч тотосон жүжигчид, үйл явц тархинд бууж эргээд тэр дүрдээ ордог юм.
 
-Танд дараа төрөлдөө өөр мэргэжил эзэмших боломж тохиовол ямар мэргэжил сонгох вэ?
 
-Энэ талаар бодож үзээгүй юм байна. Гэхдээ хүн дахин төрөхдөө урд төрлийнхөө мэдээллийг хадгалдаг гэж ярьдаг. Тиймээс дахиад жүжигчний мэргэжлийг сонгоно. 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: