sonin.mn
Монголд ардчилал өрнөснөөс хойшхи жилүүдэд нийслэлд байсан хөшөөнүүд нүд үзүүрлэгдэх болсон. Анх түүхийн дурсгал, гэрч болсон И.В.Сталины хөшөөг буулгасан. Одоо тэр хөшөө хаана байдгийг олонхи маань мэддэггүй. Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг байрнаас нь хөдөлгөж шинэ байршилд авчирсан. 
Оршин байсан газарт нь шүлэнгэтсэн хүмүүсийн ов мэх гэж олон хүн үздэг. Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байсан хувьсгалч Щетинкиний хөшөөг хаана аваачсаныг хүмүүс сураглаж л байдаг. Жанжин Д.Сүхбаатарынхаа хүрэл хөшөөг Төв талбайгаасаа нүүлгэх яриа гараад намжсан. 
Талбайнхаа нэрийг өөрчилснөөр жанжныхаа үйл хэргийг бүдгэрүүлэхэд үнэтэй “хувь нэмэр" оруулах шиг болсон. Гэтэл манай сонинд хөшөөний тухай сонин содон ч юм шиг хачин мэдээ ирлээ. Юун хэмээвээс “Оросын холбооны улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Алтангэрэл Маршал Георгий Константинович Жуковын хөшөөг Монголд авчруулах саналыг Москвагийн Думд илэрхийлжээ" гэсэн мэдээг уншаад цочирдох шиг болов. 
 
Оросууд Манежная талбай дахь Г.К.Жуковын хөшөөг байрнаас нь хөдөлгөж, төрөлх Калугад нь шилжүүлэх тухай яриа гарч буй гэнэ. Тэр хөшөөг манай Элчин сайд авах сонирхолтойгоо илэрхийлсэн юм байх. Ш.Алтангэрэл “Жуков хэдийгээр Калугад төрсөн ч цэрэг армийн хувьд анх Монголд “төрсөн" тухай захидлыг би бичиж хүргүүлсэн. Маршалын хөшөөг Калугад биш Улаанбаатарт хүргэх талаар Москва бодолцож үзвэл бидний хувьд завшаантай хэрэг болно” гэжээ. 
Монголчууд Жуков жанжныг хүндэтгэн босгосон хөшөө бас музейтэй билээ. Харин Ш.Алтангэрэлийн харьяалагддаг АН-ынхан Баянзүрх дүүрэгт байгаа жанжны хөшөөг бас л тээр шааж, илүү үзэж байгаа бололтой. Өөрт байгаагаа илүү үзэж буй юм чинь хүнийхийг авчраад хөсөр хаяахыг байг гэх газар үгүй. Ер нь манайхан хөшөө дурсгалдаа хүнийрхүү хандах болоод буйд олон түмэн сайхан сэтгэлтэй үлдэхгүй байгаа билээ. Өөр хийх ажилгүй юм шиг хөшөөнд л “хайр” зарлах болсонд гайхах хүн ч олон болжээ.
 
Н.Бөхдамбий
Эх сурвалж: