sonin.mn
Монголчууд аливааг шүүмжлэхдээ гаргууд сайн. Сүүлийн үед энэ зан чанар хэрээс хэтрээд байх шиг санагдах боллоо. Шүүмжлэхийн төлөө л кино үзэж, ном уншдаг болоо юу гэж эндүүрмээр. Ерөөсөө ямар ч төгс бүтээл байсан монголчууд хаа нэгтэйгээс ямар нэг өө хайж, ухаж төнхөөд олчихно. Түүнийгээ түүх, уламжлалтайгаа холбож, гүн ухааны шинжтэй жинхэнэ “но”-той ноцтой асуудал болгоод хоорондоо “Чиний буруу, миний зөв” гээд бүх зүйл дээр талцаж эхлэх нь энүүхэнд. 
 
Бидний нүд гэрэл гэгээтэйгнь харахаасаа илүүтэй саарыг нь түрүүлж, олж хардаг болжээ. Монголчууд сайн сайхан мэдээг бусдад түгээхийн оронд болж бүтэхгүй байгааг нь шагширч гайхдаг болж. Үүний хамгийн энгийн жишээг Францын найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” кино манай бүх кино театраар гарч эхлэх үед улам илүү мэдрэв. 
 
Энэ кинонд жүжигчин Р.Анхням тоглосон нь олон нийтийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн нь нууц биш. “Чонон сүлд”-ийг үзсэн урлаг, соёл, улс төрийн хүрээнийхэн нэг бол тэнгэрт гартал магтаад эсвэл газар дор ортол муулж, монголчуудыг гутаан доромжилсон үзэшгүй муу кино болсныг нь гайхав. Сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх “Чонон сүлд” киноны тухай өөрийн фэйсбүүк хуудастаа “Үнэхээр гайхамшигтай. Жан Жак Анногийн анхны кино “Хар цагаан өнгө” 1996 онд Оскарын гадаад киноны төрөлд шагнал авч байсан бол “Долоон жил Түвдэд” киног Хятадад гарахыг хорьж байсан гэдэг. 
 
Тэгвэл хятадууд түүнтэй хамтарч ажиллах болж 2010 онд гэрээнд гарын үсэг зурсан. “Чонон сүлд"-д гарч байгаа чоныг найруулагч өөрөө бэлтрэг байхаас нь тэжээсэн юм байна. Өө хайгаад ч олдохгүй кино болжээ” гэж дүгнэжээ. Гэтэл яруу найрапн, зохиолч Б.Батрэгзэдмаа “Чонон сүлд” киног үзээд зүрх базлаад шөнө унтаж чадсангүй. Үхмээр гунигтай доромжлолыг амслаа” хэмээн цахим хуудастаа бичив. 
 
Яруу найрагч бүсгүй “Чонон сүлд” киноны тухай мөр холбон “Өргөө гэрийн адаг навсархай оромжтой монгол, өөрийн мэдлээ барсан заяаны адаг монгол хүн, тэнгэрийн амьтанд хөөгдөөд мориноосоо унаж үхсэн монгол, тэвчишгүйгээр нялх бэлтрэг сүүлдэж шидэж алах монгол эх” хэмээн эгдүүцэн бичжээ. Үүнээс монголчуудын аливаад хэт туулширч, сайн, муу гэсэн хоёр туйлд хуваадаг зан чанар маш тодорхой харагдаж байна. 
 
Урлаг соёлын хүрээнийхний энэмэтчилэн дүгнэлтийг энгийн иргэд зөв, буруу гээд хоорондоо маргалдаж гарах нь тодорхой. Хэзээ бид аливаад туйлшрахгүйгээр, саараас нь илүүтэй сайныг нь олж харж сурах бол доо.
 
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: