sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Мэн муж улсын англи хэлний багш Нэнси Этвелл нэг сая долларын шагналтай дэлхийн хамгийн шилдэг багшийг тодруулах уралдааны ялагчаар тодорчээ. Харин Этвелл багш “Global Teacher Prize” шагналын мөнгөө өөрийнхөө байгуулсан сургуульд хандивлахаа амласан байна. Багшлах ажлын нэр хүндийг дээшлүүлэхийн тулд ийм шагнал өгдөг болжээ.
 
Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Дубай хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон Дэлхийн боловсрол ба ур чадварын чуулга уулзалтын үеэр “Global Teacher Prize” шагналын анхны эзэн ийнхүү тодорхой байна. Этвелл багшийн уншиж, бичихэд сургадаг арга барилыг өндрөөр үнэлэн энэ шагналыг олгожээ.
 
“Би бүх багш нарынхаа нэрийг өнөө хэр нь санадаг. Энэ шагнал нь “багш” хэмээх мэргэжил хэчнээн чухал болохыг олон нийтэд ойлгуулахад тус дөхөм болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон ёслолын ажиллагааны үеэр хэлсэн байна. Хатагтай Этвелл 1990 онд Мэн муж улсын Эжком хотод сургууль байгуулжээ. Түүний шагналын мөнгийг хүлээн авах энэ сургуулийн анги бүр нь номын сантай, сурагчид нь жилд дунджаар 40 ном уншдаг гэнэ. Мэргэжлийн зохиолч хатагтай Этвелл есөн ном бичсэн бөгөөд тэдгээрийн нэг нь хагас сая гаруй ширхэг борлогдсон “In The Middle” гэдэг нэртэй ном юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: