sonin.mn
Ирэх тавдугаар сарын 9-нд Агуу эх орны түүхт ялалтын 70 жилийн тэгш ой тохионо. Хүн төрөлхтнийг Гитлерийн Германы хүрэн тахлаас чөлөөлөхөд Зөвлөлтийн улаан арми ачааны хүндийг нуруундаа үүрч, Оросын ард түмэн 20 сая иргэнийхээ алтан амиар Европ тивд Германы фашизм, Азид Японы милитаризмыг бут цохиж агуу түүхт ялалт байгуулсан билээ.
 
 1941 оны зургаадугаар сарын 22-ны өглөө Гитлерийн Герман харилцан үл довтлох гэрээг зөрчиж ЗХУ-д итгэл эвдэн довтолсноор эхэлсэн Агуу эх орны дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд Германы бүрэн ялагдлаар дууссан ч ЗХУ холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Дорно зүгт Японы милитаризмыг даран сөнөөх ариун дайнд татагдан орсон түүхтэй. 
 
Өвөр Монгол, Манжуур, Зүүн хойд Хятад, Солонгост байрлаж Ази тивийг бүхэлд нь аюулд учруулаад байсан Японы Квантуны арми нь 1.5 сая хүнтэй, сайтар зэвсэглэсэн томоохон нэгтгэл байжээ. Ийм л хүчирхэг дайсны эсрэг Монгол, Зөвлөлтийн чөлөөлөх арми 1945 оны наймдугаар сарын 9-нд БНМАУ-ын хилийг давж Долнуур-Жэхэгийн чиглэлд давшиж эхэлсэн байдаг. Ингээд наймдугаар сарын 17-нд Фынин хот, 20-нд Жэхэ хотыг чөлөөлжээ. 
 
Эцэст нь наймдугаар сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр Японы милитаризмын эсрэг Монгол, Зөвлөлтийн армийн хийсэн дайн ялалтаар төгссөн түүхтэй. Энэ дайнд Монголын ардын армийн 78 цэрэг, офицер амиа алдсан байдаг. Харин Японы талаас 594 мянган цэрэг, офицер олзлогджээ. 1945 оны есдүгээр сарын 2-нд Токиогийн буланд байрлаж байсан АНУ-ын “Миссури” хөлөг онгоцон дээр Япон үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхтэй.
 
Агуу эх орны болон, чөлөөлөх дайн дууссаны 70 жилийн түүхт ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж энэ дайнуудад оролцож явсан Монголын 347 ахмад дайчинд “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулахаар болсны эхний хэсгийн шагналыг өчигдөр 11:00 цагт Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд гардуулсан юм. Ахмад дайчдын төлөөлөл болгон Хан-Уул, Баянзүрх дүүргийн 60 ахмад дайчинд ойн медалийг нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович гардуулан өгч баяр хүргэсэн юм. 
 
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлсэн үгэндээ “Монгол, Орос хоёр улсын нөхөрлөлийн баталгаа болсон ахмад дайчид та бүхэндээ энэ өдрийг амрыг эрье. Хоёр улсын эрэлхэг дайчдын цусаар тамгалагдсан нөхөрлөлийн баталгаа болсон ахмадууд минь жил ирэх бүх улам бүр цөөрч байна. Гэхдээ тэдгээр дайчдын дурсгал, мөнхийн гавьяа үеийн үед дурсагдах болно. Бидний зүгээс та бүхэнтэйгээ цаг хугацаа алдахгүй эргэн уулзсаар байх болно.
 
 Мөн хоёр улсын харилцаа улам бүр сэргэж байгаад талархаж байна. Дэлхий ертөнцөд хүчний харьцаа өөрчлөгдөж, улам бүр даяарчлагдаж байгаа ч 70 жилийн өмнө хүн төрөлхтнийг Гитлерийн Германы хүрэн тахлаас чөлөөлөх ариун дайнд бид бүхэн мөр зэрэгцэн тэмцэж хэзээ ч арилж замхрахгүй мөнхий гавьяа байгуулсныг хойч үе маань үеийн үед дурсан санаж, энэ дайнд оролцсон ахмад буурлуудыг хүндэтгэн хайрлаж явах учиртай” гэсэн юм. Энэ түүхэн ёслолын ажиллагааны үеэр шагнал хүртсэн зарим буурлуудтай дараах ярилцлагыг хийв. 
 
Хурандаа Дагвын Дэнзэн: Хангалттай ихийг үзэж, тууллаа даа

 

-Сайн байна уу өвөө. Та нас сүүдэр хэд хүрч байна. Аль нутгийн хүн бэ та?

 
-Сайн хүү минь. Одоо өвөө нь нас 95 хүрч байна. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хүн. Одоо бол Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байна. 
 
-Хэдэн онд цэргийн албанд татагдсан бэ? 
 
-Өвөө нь 1940 онд сайн дураараа цэрэгт татагдсан. 1941 онд ЗХУ-ын Сталинград хотод сургуульд явсан. Тэнд бүслэлтэд ороод дайнд оролцсон. Монголоос хоёулаа явсан ч нэгийгээ бүслэлтийн үеэр алдаж, 1944 онд ганцаархнаа Сталинградын Лениний ба Улаан тугийн одонт Автотехникийн училишийг төгсөөд ирж байлаа. 
 
-Монголын ардын армид хэдэн жил алба хаагаад хэзээ гавьяаныхаа амралтад гарсан бэ?
 
-1940 онд 18 настай цэрэгт ирээд 65 нас хүртлээ армитай амьдралаа холбосон. Их бууны үйлдвэр, зэсвгийн төв склад зэрэг онц чухал газруудад ажиллаж байгаад хожим нь Цэргийн ерөнхий сургуульд олон жил багшилсан. Миний үндсэн мэргэжил бол их бууны дуран хараа, тохируулга юм. Дараа нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт 10 гаруй жил ажилласан. Ахмад дайчид бидэнд жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг ОХУ-ын Элчин сайд, тус яамны ажилтнуудад талархал дэвшүүлж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар өнөөдөр энэ шагналыг хүртэж байгаадаа их баярлаж байна. Ер нь өвөө нь ёстой хангалттай ихийг үзэж, тууллаа даа. 
 
Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн: Агуу их ариун дайныг залуу байхдаа нүдээрээ үзсэн

-Та нас сүүдэр хэд хүрч байна?
 
-За даа, 98 хүрээд л явж байна даа. 
 
-Таньтай цуг Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин өнөөдрийн ёслолд олон ирж үү?
 
-Ганц, хоёр хүн харагдаж байна аа. Би хамгийн сүүлд Гадаад явдлын яаманд Элчин сайд хийж байгаад олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн. Тэгээд Халх голын ялалтын 75 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гараас Монгол Улсын баатар хэмээх эрхэм шагнал хүртсэн дээ. 
 
-Халх голын дайнд оролцсон талаараа жаахан тодруулан ярьж өгөөч?
 
-Эх орны дайны өмнөхөн Халх голын дайнд оролцож байсан. Эх орны дайны үед Засгийн газарт ажиллаж байхдаа Монголын ард түмнээс Зөвлөлтийн дайчдад зориулсан анхны бэлгийн цувааг Москвад хүргэж өгсөн комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байлаа. Энэ нь 1943 он юм. Зөвлөлтийн улаан арми Москвагийн дэргэд Германы фашист цэргийг бут цохиод баруун тийш 200 гаруй км газрыг чөлөөлөн тулалдаж байсан гайхамшигтай байлдааныг насныхаа залууд нүдээр үзэж, гайхан биширч явсан хүн. Агуу эх орны дайн бол зөвхөн Зөвлөлтийн ард түмэн Германы фашизмын эсрэг дайтсан дайн байгаагүй юм. Энэ дайн бол хүн төрөлхтнийг фашизмын савраас аварсан агуу их ариун дайн байсан юм. 
 
Дайнд оролцогсдын Монголын хороон дарга, хошууч генерал Чимэдцэрэнгийн Самбуу: Зөвлөлтөд дайнд оролцсон гурав, дөрвөн хүн л үлдсэн

-Хоёр дайнд оролцсон ахмад дайчдаас өнөөдөр энх тунх байгаа хэдэн хүн байгаа вэ?
 
-Дайнд оролцсон гэвэл ерөөсөө 470 орчим хүн л үлдээд байна. Харин хоёр дайнд оролцсон гэвэл уртаашаа 20-иод хүн үлдсэн. Гэхдээ бид их нарийвчилсан тооцоо, судалгаа хийж байгаа. 
 
-Дайны үед Зөвлөлтөд сурч, Сталинград, Москвагийн хамгаалалтад оролцож явсан хэдэн хүн байгаа бол? 
 
-За, тэр бол уртаашаа гурав, дөрвөн л хүн байдаг юм шүү дээ. Энд гурав нь хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн хувьд 1945 оны дайнд Монголын талаас оролцсон 350 орчим хүний нэрс гарсан.  Тэр нэрсийн дагуу л өнөөдрийн шагналыг олгож байгаа юм. Өнөөдөр 60-аад хүнд гардуулаад үлдсэнийг нь 24-нд гардуулах учиртай юм. 
 
Ахмад дайчин Шагжгонлойн Доржготов: Халх голд биш Сайхан цагаанд тулалдаан болсон

-Өвөө аль нутгийн хүн бэ. Нас сүүдэр хэд хүрч байна? 
 
-Өвөө нь одоо 96-тай. Нутаг угаасаа л Төв аймгийн Зуунмод хотын хүн. 
 
-Та хэдэн онд цэрэгт татагдан дайнд оролцож байв? 
 
-Өвөө нь найман жил цэргийн алба хаасан хүн. Хамгийн сүүлд Дорноговийн Сайншандын хуягт бригадад Монгол Улсын баатар П.Чогдон хурандаагийн команд дор алба хааж байгаад халагдсан. 
 
-Чөлөөлөх дайнд Хятадын аль хотын чиглэлд дайтаж явсан тухайгаа ярьж өгөөч? 
 
-Данзанваанчиг, Дампил, Аюуш, Дүүдэй, Нянтайсүрэн зэрэг таван баатартайгаа мөр зэрэгцэн Чуулалт хаалганы чиглэлийн тулалдаанд хоёр өдөр, гурван шөнө дайтсан юм. Миний үүрэг бол эмнэлгийн салааны сестра буюу сувилагч байсан учир шархадсан, цус, нөжтэйгөө холилдсон цэргүүдийг үүрч, дүүрч эмнэлгийн салаанд авч ирж байсан. 
 
-Цэргийн албанаас хэдэн онд халагдсан бэ. Халагдаад ямар ажил хийж байв даа? 
 
-1947 онд цэргээс халагдсан. Халагдаад л эмнэлэгт ажилласан. Насаараа Төв аймгийн эмнэлгүүдэд ажиллаад тэтгэврийн өвгөн болсон. Тэтгэвэрт гараад хэчнээн ч жил болж байгаа юм бүү мэд, тоогоо алдсан. Ухаан нь 19 настай цэрэгт ирээд 27-той халагдаж байсан. Түүнээс хойш л эмнэлэгт ажилласан. 
 
-Та бас Халх голын тулалдаанд оролцож байсан юм аа?
 
-Анх шинэ цэрэг ирээд ар талд үүрэг гүйцэтгэж байсан. Маш хүнд тулалдаан болсон юм шүү дээ. Яг Халх голд биш юм. Халх голоос зүүн хойш Сайхан цагаан гэж бидний нэрлэдэг тэр газар тулалдаан болсон юм шүү. Өвөө нь тэр үед шинэ цэрэг ар талд хангамжийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний эхний дарийн утаа үнэртсэн нь тэр юм. 
 
Ахмад дайчин Дашзэвэгийн Сандагдорж: Би фронтод байгаагүй

-Өвөө сайхан хаваржиж байна уу. Нас сүүдэр хэд хүрч байна?
 
-За одоо 92 хүрч байна. 
 
-Та хурандаа цолтой хүн үү. Хуучны хурандаа нарын өмсдөг байсан кракуль малгайтай болохоор тань ингэж асуулаа? 
 
-Өвөө нь Фронтод яваагүй ар талд ажиллаж байсан хүн. Миний аав ардын хувьсгалын партизан Дооровын Дашзэвэг гэж хүн байсан. Би өөрөө насаараа Дотоод явдлын яаманд ажилласан хүн. 
 
-Дотоод явдлын яам гэхээр хүмүүс “Ногоон малгайтан” гээд дурамжхан байдаг. Танд тэр нь мэдрэгддэг үү? 
 
-Тэгж хэлдэг л байх. Миний хувьд 1976 онд тэтгэвэрт гартлаа Дотоод явдлын яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан хүн байгаа юм. 
 
Ахмад дайчин Бахалдайн Кийрэв:  Хожим баригдаад ирсэн Япон цэргүүдийг харж “үгүй эд чинь бидэнтэй л адилхан царай зүстэй юм байна шүү дээ” гэж их гайхаж байсан юм даг
 
.
-Та Буриад хүн үү. Хөл жаахан мууджээ дээ? 
 
-Өвөө нь дөрвөд хүн. Тийм болохоор овог нэр өөр шүү. Нас явж өгсөн. Одоо 92-той гэж байгаа. Цэргийн албанд 1943 онд татагдаж очоод 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. Гэхдээ би ар талд буюу Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн газарт ажиллаж байсан хүн. Япон үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурж, баярын буудлага хийхэд л анх түчигнэсэн их буун дуу сонсож байлаа. Хожим баригдаад ирсэн Япон цэргүүдийг харж “үгүй эд чинь бидэнтэй л адилхан царай зүстэй юм байна шүү дээ” гэж их гайхаж байсан юм даг. Яагаад гэвэл эх орон руу минь уулгалан дайраад ирсэн япончуудыг анх хүнээс гаж буруу, этгээд царай зүстэй юмнууд байдаг байх гэж бүр итгэчихсэн байсан хэрэг л дээ. 
 
-Та чөлөөлөх дайны үед Хятадын аль муж, хот хүртэл явсан хүн бэ?
 
-Засгийн газрын хээрийн штабын ар талыг хариуцалцан Хятадын Долнуур хот хүртэл явсан. Тэндээсээ л буцаж ирсэн дээ. 
 
-Цэргээс халагдаад ямар ажил хийж байв?
 
-Энгийн болоод ерөөсөө л боловсролын байгууллагуудад тэтгэвэрт гартлаа ажилласан. Эхлээд багш болонгуутаа Төв аймгийн 10 жилд очсон. Дараа нь Улаанбаатар хотын III сургууль, 15 дугаар сургуульд багшилж байгаад тэтгэвэрт суусан. Дунд нь Боловсролын яаманд ч ажиллаж байсан. Нийтдээ улсад 64 жил ажилласан. 
 
-Таны энгэр дээр БНМАУ-ын үеийн Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гялалзаж байна. Яах аргагүй дайны талбарт, дараа нь энхийн салбарт байгуулсан гавьяаг тань улс эх орон ингэж үнэлсэн байна тийм ээ? 
 
-Тэгж л бодож төрийнхөө сүлдэнд залбирч явдаг даа өвөө нь. Улсад 64 жил ажиллахдаа 20 жил нь ахмадын холбооны цалингүй ажил хийсэн хүн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг боловсролын салбарт ажиллаж байхдаа авсан. Байлдааны гавьяаны улаан тугийн одонг Халх голын ялалтын ойгоор авч байсан. 
 
-За танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье? 
 
-Гялайлаа, хүү минь. Өвөөгийнхөө насыг наслаарай. 
 
Ахмад дайчин, хурандаа Цэндийн Алтангэрэл: Улаан армийн дарга, цэргүүдэд цусаа өгч амийг нь аварч явлаа

-Танаас өөр Москвагийн хамгаалалтад оролцож явсан хүн бий юу?
 
-Би 1941 онд Моск­­вад цахил­­гааны инже­нерийн сургуульд явсан хүн. Гер­­манчууд Москва руу гурван чиглэлээр довтолж байсан юм. Тэр бүх чиглэлийн хам­­гаалалтад оролцож байсан. Мөн дөрвөн хотыг чөлөөлөхөд гар бие оролцон тулалдаж явсан. Хамгийн гол нь миний бие улаан армийн дарга, цэргүүдэд цусаа өгч амийг нь аварч явсан. Миний цус олон дарга, цэргийн биеэр гүйж амийг нь аварсан юм шүү. Надаас өөр Москвагийн хамгаалалтад байлдаж байсан Монгол хүн одоо бараг л байхгүй байх аа даа. 
 
-Олон жилийн дараа эргээд бодоход таны залуу насны хамгийн дурсгалтай үе нь хэзээ тохиосон бол? 
 
-Мэдээж Москвагийн хамгаалалтад зогсож, их бууны байнгын галын дор Орос цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан тэр цаг үе минь миний залуу насны төдийгүй, энэ насны минь хэзээ ч мартагдашгүй дурсгалтай цаг үе болон үлдсэн юм. Зөвхөн Москваг төдийгүй Монгол эх орноо, нийт хүн төрөлхтнийг хамгаалан тулалдсан гэж одоо боддог юм даа. Би 1945 онд сургуулиа төгсөж ирээд чөлөөлөх дайнд тусгай үүрэг гүйцэтгэн оролцсон хүн. 
 
-Урагшаа хаа хүртэл дайнд оролцсон бэ? 
 
-Өвөр Монголыг бүтэн туулаад Хятадын зүүн хойд мужид ажиллаж байсан. 
 
-Улс ардын аж ахуйд хаана ажиллаж байсан бэ? 
 
-Цэргийн сургуулиудад голдуу багшилсан. Миний шавь нар дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэхэд л Мандах, Хайрулла, Гүндсамбуу, Чойжил, Жамьяндагва гээд тав байна. Д.Сүхбаатарын нэрэмжит офицерын сургуулийн сурагчид шүү дээ. Дараа нь Монгол Улсын гавьяат гэхэд 29 хүн бий. 
 
-Таны үр хүүхэд, ач, зээ нараас цэргийн хүн хэд байгаа бол?
 
-Ганц ч байхгүй. Бүгдээрээ өөр мэргэжил эзэмшсэн. Би долоон хүүхэдтэй хүн. Багш, Оюутолгойд гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа. 
 
-Таны тэтгэвэр амьдралд тань хүрэлцэж байна уу. Ер нь улс орныхоо өнөөдрийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? 
 
-Тэтгэвэр бол хэлэхэд ч зовмоор жаахан юм байдаг. Улс орны тухайд тун тааруухан байна. Загас толгойноосоо эхэлж ялзардаг юм. Тэгэхээр бүх зүйл ойлгомжтой биз. Сая тэтгэвэр нэмлээ гэсэн чинь үнэндээ биднийг доромжилсон юм нэммэр болсон байна лээ. Харин өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар Монголын ахмад дайчид нэг дор цугларч жаахан сэтгэл онгойгоод явж байна. Ганц ухаалаг удирдагч байвал ганцдаггүйн жишээ л энэ юм даа.
 
 
Эх сурвалж: