sonin.mn
Манай засаг төрийн ажил “арван таван толгойтой мангас” шиг л болж дээ. Ялангуяа эмэгтэй гишүүд ичмээр гэхэд дэндсэн эмгэнэлтэй хууль батлуулдаг болж. Тэр болгон нь монгол хүүхдүүдийн хүсэл, мөрөөдөл, сонирхлыг хаагаад байх шинжтэй. Үүнийг нь юу ч гэж тайлбарламаар юм дээ. Дэлхий нийтээрээ англи хэлийг хөгжлийн гарц гэж харж байна. Үнэхээр ч 100 гаруй улсын албан ёсны хэл болсон энэ хэлээр л бид дэлхийд нэвтэрнэ. 
 
Алийн болгон нүүдэлчин гэгдэж музейн үзмэр шиг амьдрах юм бэ. Гэтэл тэгдэггүй юм байна. Бүр хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар анги төгстөл гадаад хэл сурах эрхгүй болчихов. Чинээлэг айлын хүүхдүүд нь үнэтэй сургуульдаа очоод сурч болох боломж нь харин хэвээрээ. Уг хуулийг үндэсний үзэлтэй эмэгтэй гишүүн санаачилсан. Өвөрмонголоос цааш хаана ч хэрэглэхгүй байгаа монгол худам бичгийг сэргээж төрийн бичиг болгохоор боллоо. 
 
Үндэс угсаагаа бодвол сайхан хэрэг ч өнөөгийн нийгэмд хэр тохирох юм бол. Үнэндээ гадаадын дайснууд бидний соёл, өв уламжлалыг устгах, дээрэмдэх гээд байгаа бол юм мэдэхгүйг л далимдуулна гэдгийг төрийн түшээ бодож үзээгүй л байна. Энэ хуулиа үндэсний үзэл ярьсаар байгаад л батлуулчихдаг юм
 байж. Гэтэл нөгөө талаас өөр нэг УИХ-ын эмэгтэй гишүүн тодруулбал С.Одонтуяа үндэсний баяр наадмаар хурдан морийг балчир хүүхэд унаж байгаа нь зохисгүй гээд ороод ирлээ. 
 
Үүнийгээ хүүхдийн эрх ярьж явсаар батлуулчихаж магадгүй л юм. Энэ хуулийг батлагдчихаагүй дээр хэлэх үг байна. Монголчуудын эрийн гурван наадмын хурдан морины уралдааны гайхамшиг нь эр нь ханасан хүлгийг бага хүүхэд унаж уралддагт байгаа юм. Үүгээрээ хүүхдүүдээ эндүүлж, гадаадынхны чихийг сортолзуулах гэсэн хэрэг биш.
 
 Харин морьдыг нэгдүгээрт хүнгүй уралдуулж болохгүйгээс жинхэнэ хурдыг нь үзэхийн тулд ингэдэг хэрэг. Монгол морь бие жижигтэй. Түүнийг уяж сойсон тохиолдолд бага хүүхэд л унаж уралдах нь зохистой байдаг. Түүнээс таргалуулж тавьсан морьдыг бол том хүн унаад хол зам туулж болно. Ердөө энэ шалтгаанаар л хүүхэд хурдан морь унаж байгаа юм. Тэгээд ч дэлхийн өнцөг булан бүрт үндэсний соёлоо хадгалсан зэрлэг цэнгэл зөндөө бий. 
 
Испанийн бухтай тулаан, Бразилийн бухтай хөөцөлдөөн зэргийг нэрлэж болж байна. Монгол морийг 16 нас хүрсэн хүн унаж уралдуулах нь зохисгүй гэсэн санаа. Хотод төрж өссөн гишүүн өөртөө бол зөв л бодолтой яваа биз. Гэвч арай ч ёс уламжлалаасаа бүрэн салчихаагүй монголчууд цаана нь олон байна. Тэд “Чүү гэх морьгүй, чаа гэх ямаагүй” хүмүүсийн санаачлаад байгаа зүйлд дургүй байгаа юм.
 
Морь унаж үзээгүй төрийн түшээ түмэн олонд таалагдах гэж ингэж байгаа нь өөрөө эмгэнэл. Морь мал унах дургүй бол ядаж кино үзчихдэг байх хэрэгтэй. Зах зээлд шилжсэнээс хойш урлагт дөхөхүйц, амьдралд ойрхон цөөхөн кино гарсан. Түүнээс “Шинэ үсгийн багш”, “Шарга даага” мэтийг нэрлэж болно. Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл бөх болно гэж унага төрвөл хурдан хүлэг болно гэж бэлгэшээдэг. Тэднийг үзүүлж чадсан болохоор л дээрх кинонуудад хүмүүс дуртай байдаг юм. 
 
Хаврын уралдааныг хориглосон бол арай л зөв алхам болох байсан. Ер нь балчир хүүхдээр морь унуулахыг эсэргүүцсэн нь нүүр нь шавар болсон хүүхдүүдийн зураг, ганц нэг хурдан морио унуулчихаад хүүхэд гомдоосон жудаггүй хүмүүсийн ааш аягыг олон нийтэд цацаснаас болсон хэрэг. Хүүхэд эндэх явдал байна. Түүнийг аюулгүй ажиллагааг нь хангаж тусгай хувцас хэрэглэлтэй  болгох нь зүйн хэрэг. Тэгээд ч манай үндэстэн өөрийн гэсэн аюулгүй ажиллагаагаа хангасан ард түмэн. 
 
Хэдэн мянган жилийн морины соёлтой ард түмэнд тэр зэргийн юм байлгүй яахав дээ. Эмээл, дөрөө, суран хэрэглэл, модон хэрэглэл, төмөр хэрэглэлээ шалгадаг, бэхэлдэг энгийн тогтолцоо бий. Үүнийг мэдэж байвал эрсдэл гарахгүй. Өнөөдөр уяачид залуужиж, хотод өссөн хүмүүс хоббиндоо хөтлөгдөн морь уяхдаа мэдэхгүйгээс хүүхэд эндүүлээд байгаа юм. Энэ талаас нь хяналт сайн тавьчихвал болоод л явчихна. Ер нь тэгээд томоохон уралдаанд хүүхэд эндэх нь ховор. 
Харин энэ тэнд болдог хараа хяналтгүй уралдаанд хүүхэд эндэж байна. Үүнийг л сайтар хянаж байх хэрэгтэй. Монгол хүүхэд мориноос айдаггүй. Би ч багадаа морь унаж сурах, хурдан морь унахын мөрөөсөл болж өсч байлаа. Наадмын урд шөнө нойр хүрэхгүй тийчилж хэвтдэгсэн. Хөдөө өссөн хэнээс ч гэсэн үүнийг асуухад хэлээд өгнө. Энэ бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр биш харин дуртай зүйл нь юм. 
 
Энэ хуулийг гаргаснаар хүүхдийн эрхийг зөрчиж, сонирхлыг хааж байгаа хэрэг болно. Өнөөхөндөө монголчуудыг дэлхийд морьтон монгол гэж хардаг хэвээрээ байна. Гэтэл 16 хүртэл морь унаагүй хүн гэнэтхэн хурдан морь унаад давхидаг болчих уу. “Шавар хэрмэнд шавааралдан суудаг” хэмээн өвөг дээдсийн басан үздэг байдаг тэр хүмүүстэй адил болох мэт санагдах юм.
 
Эмээл дээр суусан монгол хүүхдийн өхөөрдөм баримлыг хараагүй хүн байхгүй байх. Энэ бол үндэстний хүсэл юм. Хөдөөний нэгэн цэцэрлэгийн эрхлэгч ч “Эмээл дээр эрүүл монгол хүүхэд өсч бойждог” хэмээсэн байна лээ. Үнэн гэвэл энэ. Морин дээр явахад бие сэгсрэгдэж мах чангарч булчин болдог юм. Эр хүн тэнд эрэмгий чанарыг олж авдаг. Өнөөдөр эрүүл, эрэмгий иргэд улсдаа хэрэгтэй.
 
Ер нь тэгээд цаашдаа морь унахыг ч бүрмөсөн хориглоё гээд яриад эхэлбэл гайхах үндэсгүй болох нь. Нэг чуулганы танхимд сууж байгаа эмэгтэй гишүүдийн зарим нь үндэсний соёлоо устгачих гээд, эсвэл нөгөө хэсэг нь хэт туйлширч улс орноо ухраах гээд байх юм. Үүний цаана явж явж хүүхдүүд хохирч байна шүү дээ. Даргын санаа дандаа зөв байдаггүй. Морь малтай хүмүүсээс ийм хууль гаргах гэж байна гээд эхлээд асуучих хэрэгтэй. 
 
Нутаг орондоо малаа маллаад, морио сойгоод, түүнийгээ хүүхдээрээ унуулаад жилдээ нэг удаа цэнгэдэг малчид үүнийг чинь яасан ч зөвшөөрөхгүйсэн. Ийм дэмий хууль боловсруулах гэж ажиллуулж байгаа хүмүүс ч хайран цагаа үрж байгаа нь улсдаа тус биш ус болж байгаа хэрэг баймаар юм. Хамгийн ноцтой эрх баригч эмэгтэй гишүүдийн хийсэн алхамууд сүүлийн үед хүүхдүүдийн хүслийг боодог болж байгаа нь харамсалтай.
 
Саяхан дөрвөн настай охин зодуулж амиа алдахад эх орон гишүүдийн санаачлагагүйгээр хүмүүс газар газарт цуглаад зул өргөөд тайван жагсаад өнгөрч байна. Ийм зүйлд иргэд нэгдэх сонирхолтой байна. Үүнээс санаа аваад цоожтой хаалганы цаана эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн талаар ажил хийж эхэлбэл оноо авах боломж байна ард түмнээсээ. Сурч боловсрох, морь унахыг нь хориглох биш харин хамгаална гэж ярьдаг болбол хүүхдүүдэд хэрэгтэй.  Тэднийг нээнэ, хөгжүүлнэ гэвэл хүмүүс баярлана. Ийм энгийн юмыг уг нь би бичих ч хэрэггүй юм. Даанч бичихээс аргагүй болгох юм даа. 
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"