sonin.mn
Хотын дахин төлөвлөлт нэрийдлээр сүүлийн хэдэн жил энд тэндгүй барилга барих болсон. Өндөр барилга, байгууламж хэдхэн сарын дотор сүндэрлэж, хотын өнгө төрхийг өөрчилж байгаа нь сайхан хэрэг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэл дагуулсан асуудал олон байдаг нь нууц биш. Тухайлбал, иргэдийн ая тухыг алдагдууллаа, хүүхдийн тоглоомын талбайн газрыг булааж барилга барьж эхэллээ гэх хэл ам байнга гардаг. 
 
Иргэд ч тухайн компанийг шүүхэд өгөөд ч тусыг олдоггүй байв. Нэг үгээр хэлэхэд, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нураах тухай шүүхийн шийдвэр гардаг ч хэрэгждэггүй. Нураана гэж хэсэг хугацаанд шуугиж байгаад л чимээгүй болдог байв. Тэгвэл Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг өчигдрөөс нурааж эхэлжээ. 
 
Учир нь, тус барилгын балгаар хажуу талд байрлах 14 дүгээр байрны 10 гаруй айл найман жил нарны гэрэл үзээгүй юм. Оршин суугчид 2009 оноос шүүх болон НЗДТГ-т удаа дараа гомдол гаргасан байна. Харин гурван шатны шүүхээс иргэдийн эрх ашгийг илт хохироосон, хууль зөрчсөн гэж үзэн уг барилгыг нураах шийдвэр гаргажээ. Монголын шүүх түүхэндээ анх удаа олон давхар барилгыг нураах шийдвэр гаргасан нь энэ юм. Арав гаруй айлыг нар харах боломжгүй болгож байсан тус барилгын эздэд энэ сануулга болсон нь дамжиггүй. 
 
Цаашид ч иргэдийн эрх ашгийг зөрчсөн болон бусдад нь хаа дуртай газраа байшин барилга барьдаг зохисгүй үйлдэл гарахад төр төмөр нүүрээ харуулж, оршин суугчдынхаа талд шийдвэр гаргадаг ийм жишиг тогтоосой.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: