sonin.mn
Улсын Бүртгэлтийн өрөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж энэ сарын 9-нд 388 тоот тушаал гаргаж, төрийн албан хаагч 21 ажилтанг цомхотголоо. Цомхотголд хамрагдсан ажилтнууд нь бүртгэлийн байгууллагад тасралтгүй 8-17 жил ажилласан бөгөөд эдгээр хүний дунд долоон сартай жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болон тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчид байгаа аж. 
 
УБЕГ-ын удирдлагад 2014 оны Засгийн газрын “Засгийн газрын агентлагийн тапаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолын дагуу томилгоо шилжилт хөдөлгөөн хийх эрх хадгалагдаж байдаг. Харин цомхотголд хамрагдсан 21 ажлын байр нь дээрх тогтоолтой ямар ч хамааралгүй учраас 388 тоот тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй ажээ. 
 
Цомхотголд орсон 21 ажилтан Ц.Пүрэвдорж даргыг тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл буюу “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ”-ын 11 заалтыг бүгдийг нь, 16.4 дэх “Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө”, 100.1-ийн “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” заалтыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзээд Сүхбаатар дүүргийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна.
 
Д.Лхагва
Эх сурвалж: