sonin.mn
Цаг үе өөрчлөгдөж байна. Дэлхий даяар авч үзвэл хормын төдийд хичнээн ч зүйлийг шинээр санаачилчихдаг болсон юм дээ. Техник технологийн дэвшил хурдасч, хүчин чадал сайжрахын хэрээр хөдөлмөр хөнгөвчлөгдөж бараг бие засахаас бусдыг хийхгүй байсан ч болохоор боллоо. Гэвч өнөөх технологийн боол болохыг зөгнөсөн зөгнөлт кинонуудын зохиол бичигдээд эхэлснийг олон хүн анзаарахгүй байна. 
 
Эцэг, эхчүүд хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийн оронд утсаараа тоглуулаад орхидог болж. Цаг үеэ дагаад үлгэр ярьж суух нь хоцрогдсон байж болох юм. Гэхдээ жүжигчин Бооёо нэгэн хошин шог дээр эмгэний дүр бүтээхдээ “Миний үед хүн байгаагүй юу” гэдэгсэн.
 
Үлгэр гэдэг хүүхдийн тархийг хөгжүүлдэг. Бяцхан төсөөлөлдөө баатартай болж түүнийгээ өөрөө төсөөлөх нь тархины дасгал болж өгнө. Өнөөдөр интернэтэд найдаад толгойгоо хөгжүүлэх талаар бодохыг ч хүсдэггүй хүмүүс өсч байна. Их сургуулийн оюутан бүтэн ном унших тэнхэлгүй байгааг юу гэхэв. Бушуухан гүүглээр хайгаад л хариултыг нь товчхон харахыг хүсдэг болж. Алс холыг боддог, үйл явдлыг бүхлээр нь хараад дүн шинжилгээ хийчих бодлоготон цаашид олон төрнө гэхэд итгэхэд бэрх боллоо. 
 
Бага сургуулийн нэгдүгээр ангид хэл яриа нь хөгжөөгүй хүүхэд олон байгааг сурган хүмүүжүүлэгчид хэлж байна. “Ажил хийвэл ухаан тэлнэ” гэж ээж минь багад сургадаг байсан юм. Тэр үг үнэн. Хүүхдийн хөдөлмөрлүүлж зовоох гээд байгаа юм биш булан тохойн хогийг бүрэн шүүрдэхэд л нэг юм толгойд нь нэмэгдэж байдгийг бодолцсон хэрэг.
 
Манай ардын үгэнд “Хайртай морио хазаартай сурга, хайртай хүүгээ хатуужилтай сурга” гэсэн байдаг. Элбэг дэлбэг, амар хялбар амьдралд ч хатуужил сургахын тулд адаглаад тодорхой нас хүртэл нь технологиос хол байлгаж толгойгоо ажиллуулдаг болгох хэрэгтэй байна. Хүн бүтээхэд ч их ухаан ордог гэдгийг өвөг дээдэс маань мэддэг байж дээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"