sonin.mn
 
Гадаа -3 хэм. Өглөөгүүр болоод ч тэр үү сэрүүн салхи үлээж, хааяахан шороогоор шуурна. Харин энэ үед фэйсбүүкийн “Зураач өвөө" нэр авсан Бадарчийн Сүхбаатар гуай хэд хоногийн өмнөөс эхэлсэн зургаа дуусгах гээд будгийн ажилдаа бэлтгэж байхтай нь таарав. Зураач өвөө олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн цэцэрлэгийн гаднах талбайд зураг зурснаараа танил болсон. 
 
Тиймээс түүнтэй илүү сайн танилцахын тулд Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллыг зорьсон юм. Тус хорооллын наймдугаар байрны ойролцоо очоод зураач өвөөгийн талаар асуухад хүмүүс таних ажээ. Ялангуяа тус байрны ойролцоох цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс зураач өвөөгийн талаар асуувал андахгүй. 
 
Наймдугаар байрны гадаа очиход зураач өвөө зураг зурахаар шатаа босгож байв. Түүний зураг зурах хэсгийн нь доод талд хонгил таарчээ. Ийм орчинд ажиллах нэн аюултай. Ядаж байхад түүнд туслах хүнгүй учир зургаа зурах үедээ шатнаас уначих гээд аймаар харагдаж байлаа. Гэхдээ л өвөө эхэлсэн зургаа дуусгахаар ирсэн байна. Өвөө энэ удаад “Миний бяцхан одой морь" хүүхэлдэйн киноны нисдэг морь болон хааны ордон зурахаар иржээ. 
 
Уг нь тэрбээр хэд хоногийн өмнө хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатруудын одой моринуудыг зурж дууссан хэмээн боджээ. Гэтэл нэг нисдэг морийг дутуу зурсан учир хүүхдүүд өвөөгөөс “Нисдэг морио хэзээ зурах юм бэ” хэмээн асуудаг болж. Тиймээс л зураач өвөө энэ удаад дахин нисдэг одой морь зурж, бас хааны ордонг “сүндэрлүүлэхээр” ирсэн нь энэ аж. Өвөө дуу цөөтэй. 
 
Гэхдээ л орчин тойрных нь хүүхдүүд түүнийг хүндэлж хайрладаг бөгөөд зургаа зурахаар ирэхэд нь чихэр, ундаа бариад гүйгээд ирдэг талаар цэцэрлэгийн багш нар ярьж байв. Зураач өвөө жирийн модны будгаар зурдаг. Өнгө гаргаж найруулахад ажиллагаа ихтэйгээс үл халшран янз бүрийн тод өнгө гаргахын тулд их хичээдэг нь дэлгэж тавьсан багаж, хэрэглэлээс нь харагдана. 
 
Зураг зурахын өмнө Б.Сүхбаатар гуай ямар нэгэн зүйл хүлээгээд байгаа юм шиг санагдлаа. Тиймээс тэрхэн олдсон хугацаанд нь цөөн хором ярилцаад амжсан юм.
 
-Сайн байна уу. Фэйсбүүкээс таны талаар мэдээлэл аваад ирлээ. Таныг өнөөдөр хүүхэлдэйн киноны нисдэг морь зурах гэж байгаа гэсэн. Одоо юу хүлээж байгаа юм бэ?
 
-“Миний бяцхан одой морь” хүүхэлдэйн кинонд гардаг нэг нисдэг морийг нь дутуу зуржээ. Түүнийгээ гүйцээхээр ирээд байгаа нь энэ. Зураагүй бяцхан морины зургийг хараагүй болохоор мэдэхгүй юм. Тиймээс хүүхэд зургийг нь авчирч өгөхийг хүлээгээд сууна. Энэ зуур нисдэг морийг хаана зурахаа харж байна. Хүүхдүүд хүүхэлдэйн кинонд гардаг бяцхан морьдыг сайн мэддэг юм байна. Нэгийг нь дутуу зурчихсан чинь надаас бүр нэхсэн шүү. Би ч гэсэн зурсан зургаа гар утсаараа аваад ачдаа харуулсан чинь байхгүй байгаа одой мориных нь нэрийг хүртэл мэдэж байна лээ. Энэ хүүхдүүд адтай. Тиймээс гүйцээж зурахгүй бол болохгүй.
 
-Бас хааны ордон зурна гэл үү?
 
-Тийм ээ. Ордон нэмээд зурчихвал илүү үзэмжтэй харагдах байх.
 
-Таныг зураг зурахаар хүмүүс ирж үздэг юм шиг байна?
 
-Хүүхэд гэлтгүй томчууд ирж харцгаадаг юм. Ах нь хүнээс илүү зураад байгаа юм биш шүү дээ. Хүүхдүүдийн цэцэрлэгийн орчныг бүрдүүлэх, уур амьсгал оруулах зорилгоор л зураг зурж байна. Орчин цагт техник технологи хөгжиж, наснаас үл хамааран интернэтэд ордог болжээ. Тиймээс л зураг зурж байхад миний зургийг аваад фэйсбүүкт тавьчихсан байсан. Түүнийг нь хүүхдүүд надад харуулсан. Би ч гэсэн өөрөө үзсэн л дээ. /инээв/
 
-Хүүхэлдэйн киноны баатруудаас яагаад заавал “Миний бяцхан одой” морийг зурах болсон юм бэ?
 
-Энэ хүүхэлдэйн кино алдартай гэдгийг зурсан хойно л мэдлээ. Намайг зургаа зурж байхад нэг залуу ирээд энэ бяцхан одой морины жижиг хүүхэлдэйнүүдийг бэлэглэсэн. Тэр нь одоо ч гэсэн надад байгаа.
 
-Та фэйсбүүкт алдартай болсон. Хүмүүс зураг зуруулахаар танд хандаж байна уу?
 
-Асуусан. Гэхдээ одоохондоо зураг зурах бодол алга. Тэгээд ч гадаа хүйтэн байна. Цаг агаарын ийм нөхцөлд гадаа зураг зурах амаргүй. Даарч хөөрөхөөс гадна будаг хатаахад цаг зарцуулна шүү дээ. 
 
-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?
 
-Яармагийн цэцэрлэгт манаач хийдэг. Цэцэрлэгт ажиллаад 20 гаруй жил өнгөрчээ. Залуудаа “Улаанбаатар” хивсний үйлдвэрт зураачаар ажиллаж байв. Тухайн үед үйлдвэрийн намын хорооны даргын дор үзэл суртлын зураач гэж байсан. Гэхдээ зураг зурахаасаа илүүтэй мэдээллийн шинж чанартай зүйлийг нь хийдэг байв.
 
-Ямар сэдэвтэй зураг зурдаг байв даа?
 
-Жишээ нь, ханын сонин байна. Сүүлд нь Зохион бүтээх товчоонд ажилласан. Үйлдвэр болгон дотроо зохион бүтээх товчоотой байсан. Отгонтэнгэр хайрхан, Алтанбулаг хивсний загварыг зохиож байлаа. Одоо тэр хивсийг үйлдвэрлэхээ больсон.
 
-Одоо хаана амьдарч байна вэ? 
 
-Гурван хүүхэдтэйгээ Нисэхэд амьдарч байна. Би хоёр хүү, хоёр охинтой. Харин хөгшин маань хэдэн жилийн өмнө бурхан болсон доо.
 
-Нас сүүдэр хэд хүрч байна?
 
-59 настай. Ийм ажил хийж явах нас биш байгаа биз.
 
-Тан шиг сэтгэлтэй хүн олон байвал хотын өнгө үзэмж сайхан болно доо?
 
-Нийслэлийн өнгө төрхийг сайхан байлгах үүднээс энэ олон эрээн цоохор зүйлсийг байхгүй болоосой гэж хүсдэг юм. Захын дэлгүүрийн өнгө үзэмжийг харахад ингэж бодогддог. Гэхдээ хүүхдийн цэцэрлэг бол олон өнгөтэй байхад гэмгүй байх.
 
Бидний яриа өндөрлөж өвөө зургаа зурахаар боллоо. Өвөөгийн гэр Нисэхэд байдаг. Ажилдаа Яармаг руу явдаг. Харин өнөөдөр автомашиных нь дугаар хязгаарладаг учир XXI хороололд өдөржингөө зургаа зурж өнгөрүүлэх нь. Ямар ч үнэ өртөг авалгүй, өөрийнхөө саналаар цэцэрлэгийн гаднах орчинг тохижуулж, баярлуулж байгаа түүнтэй ойр хавиар нь өнгөрөх хүүхдүүд ирж мэндэлнэ, зарим сонирхож олон зүйлийн талаар асууна. Тэрбээр 20 гаруй жил цэцэрлэгт ажилласан. Одоо ч гэсэн хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчинд санаа тавьж, зургаа зурж байгаа. Нийгмээрээ, нийтээрээ стресс бухимдалтай байгаа энэ үед Б.Сүхбаатар гуай шиг иргэн олон бол хотын өнгө үзэмж аяндаа сэргэнэ. Одоо ийм хүмүүсийг дэмжиж ажиллах хүн л үгүйлэгдэж байна. Түүний зураг зурсан талбайг зүлэгжүүлээд, сүүдрэвч хийгээд тохижуулчихвал бороо салхинд гандах зовлонгүй. Зурсан хүний сэтгэл ч өөг байх болов уу.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: