sonin.mn
Өчигдөр Кремльд Аугаа Ялалтын  70 жилийн түүхэн   ойн баярыг  зохион байгуулах “Ялалт” хорооны ээлжит 36 дахь хуралдаан  болж, Орос  улсын ерөнхийлөгч Владимир Путин даргалав.
 
Хуралдаанд Эх орны дайны ахмад дайчид, ахмадын болон залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид уригдан оролцов.  Хуралдаанаар Москва болон ОХУ-ын субъектуудэд Аугаа Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг явуулах бэлтгэл ажил болон ахмад дайчдын  нийгэм-эдийн засгийн  байдлыг сайжруулахтай холбоотой ажлын дүнг хэлэлцсэн юм. 
 
 Аугаа Ялалтын 70 жилийн ойн баярын хамгийн гол арга хэмжээний нэг бол Москвагийн Улаан талбайн  уламжлалт цэргийн парад юм. Ялалтын парад  тус улсын 28 хот болон Беларус, Киргиз, Арменийн нийслэлд болох юм.  Энэ тухай Орос улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Тэрээр “Тус улсын 40 хотод цэргийн зэвсэг-техник бүхий  ёслолын марш явуулахаар  төлөвлөж байна. Орос улсын Тэнгисийн-Цэргийн гол таван баазад  цэргийн  хөлөг онгоцны парадыг зохион явуулна. Оросын таван хот болон  ТУХН-ийн хоёр  хотод,  тухайлбал, Минск болон Бишкек хотод нисэх хүчний оролцоотой цэргийн парадыг зохион явуулах гэж байна. Энэ сарын 25-ны өдрөөс  цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлнэ  “гэв.  
 
БХЯ -ны сайдын  уламжилснаар, одоогийн байдлаар арга хэмжээнд 78653 хүн оролцохоор бэлэн болоод  байна. Нийт 1880 нэгж цэргийн  зэвсэг техник байхын зэрэгцээ 238 нисэх төхөөрөмж, цэргийн 51 хөлөг  онгоц байх юм. Беларус, Киргиз болон Армений цэргийн параданд 1000 гаруй цэргийн албан хаагч, ОХУ-ын Зэвсэгт хүчний   орчин үеийн зэвсэг-техникийн  74 загвараар оролцох юм. Ялалтын их ойн гол арга хэмжээ уламжлал ёсоор Москвагийн Улаан талбайд болно. Энэ удаагийн цэргийн парад   2010  оны Ялалтын 65 жилийн парадаас  ялгаатай нь явган цэргийн тоо 50 хувь  нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нийт тоо 15 мянгад хүрэх юм.
 
Түүнээс гадна Ялалтын баярын цэргийн парадад оролцох урилгыг гитлерийн эсрэг эвслийн 16 оронд  илгээснээс, өнөөдрийн (З-р сарын 17 )байдлаар 9 улс  оролцох тухайгаа  мэдэгджээ. (Үүнд  Монгол улсын Ардын армийн бие бүрэлдэхүүн зүй ёсоор орж буй юм.)  Түүнчлэн  Улаан талбайн  Ялалтын баярын арга хэмжээнд гадаадын 26 орны  цэргийн яамны сайд   болон цэрэг –техникийн хамтын ажиллагаатай  түншүүдийг  урихаар төлөвлөжээ.  
 
Орос улсын ГХЯ- ны  сайд Сергей Лавров хуралдаан дээр  мэдэгдэхдээ, Ялалтын их ойн  арга хэмжээнд  гадаадын 68 орны тэргүүн  болон НҮБ, ЮНЕСКО , Европын Зөвлөл, Европын  Холбооны  тэргүүн нарт  урилга илгээсэн. Өчигдрийн байдлаар 26 орны тэргүүн  болон ЮНЕСКО, Европын Зөвлөлийн тэргүүн нар  арга хэмжээнд оролцохоо мэдэгдэсэн гэв. 
 
Сонирхуулахад , Ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд гадаадын 28 орны тэргүүн оролцсоны дотор Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан оролцсон билээ.
 
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: