sonin.mn



Хүний хувь тавилан, зураг төөргийг бурхад мэддэг хэмээн мэргэд айлддаг. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” хэмээн миний Монголын билэг танхай ард түмэн хойч үеийнхнээ сургаж, хүмүүжүүлж ирсэн.

 Миний хувьд энэ бүхэн нэг л утга санаатай мэт санагддаг. Үүнийг эс өгуүлэн өгүүлэхүйд үнэхээр бага наснаасаа аливааг сурч, мэдлэгтэй, оюун ухаан төгөлдөр хүмүүн болохсон хэмээн зүтгэж, орос хэлийг сүрхий суралцаж, тэр  хэрээр Оросын болон дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, мэдлэг оюунаа цэнэглэхээс гадна зураг зурж, сонгодог хөгжим сонсож суудаг байсан 14-хөн настай бяцхан хүүгийн хувь заяа гэнэт аз хийморьтой эргэжээ.

    Хүний хувь тавилан, зураг төөргийг бурхад мэддэг хэмээн мэргэд айлддаг.

Юу гэвээс, шинэ тутам байгуулагдаж байсан “Монгол кино” үйлдвэрийн анхны уран бүтээлийн ажилтнуудын нэгэн болох юм хэмээн тэр хүмүүн битгий хэл хэн санах билээ.

Энэ хүү бол Монголын нэртэй кино зураглаачдын нэгэн болсон төдийгүй шинэ тутам байгуулагдаж асан кино үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан хувь заяа, гавьяатай, сортоотой уран бүтээлчдийн нэгэн хэмээн Монгол киноны түүхнээ бичигдсэн Дамбын Ганжуур байжээ.

Хүмүүний амьдралд санаанд оромгүй явдал гэнэт тохиолдохын алиныг нь хэлж барах билээ.1936 оны нэг сайхан нартай өдөр ЗХУ-аас Монгол оронд кино үйлдвэр байгуулахад нь туслахаар ирсэн зураглаач С.Гусев, АЛебедев хоёр тэр үеийн боловсрол, шинжлэх ухааны жинхэнэ эхлэл тавигдаж асан цагийн цөөхөн сургуулиудаар зураг зурдаг авьяаслаг хүүхдүүдийг эрж хайж явж.

Тэгэхдээ заримтай нь танилцаж явах үеэрээ Ганжууртай тааралдаж, зураг зурдгаар барахгүй гэрэл зураг авах гэж оролддогийг нь сонсож, орос хэлээр ч гайгүй ярьдаг гэдгийг нь мэдээд үнэхээр их олзуурхан баярлаж, кино үйлдвэрт зураглаач болгохоор шууд шийдсэн гэдэг.
Тийнхүү Д.Ганжуур хоёр орос багшийнхаа мэргэжлийг хоёр найзынхаа хамт өвлөн авч, Монголын анхны мэргэжлийн зураглаачдын нэг болжээ. Тэрхүү анхдагчид бол Б. Дэмбэрэл, Д.Жигжид нар байсныг та бүхэн мэднэ.
Гэхдээ Бадам хэмээх буриад хүмүүн мэргэжлийн бус ч гэсэн Монголд анх удаа зураглуур барьж, 1918-1919 онд Богдхааны мөргөл хийж буй байдал, голын ногоон ордонд болон цагаан сүмийн дотор болж буй үйл явдлыг харуулсан зураг авсан тухай сонирхолтой мэдээг найруулагч Б.Дашдорж гуай “Тулгын чулуу” хэмээх өгүүлэлдээ бичсэн байдаг /”Соёл урлаг”, 1984 он, 4/.

Үүнээс харахад, Монголын кино урлагийн цог хийморь олон арван жилийн өмнө улалзаж хэлсэн нь харагддаг юм. 1936 онд тийнхүү “Монгол кино” үйлдвэр үүдээ нээж хожмын олон арав, зуун уран бүтээлчдийн онгон дагшин ордон болж өсөж дэвжихдээ Монголын кино урлагийг дэвэн дэлхийн дэлгэцийн урлагийн их өргөөнд байр сууриа эзлэх “алтан шанг” татжээ.

Д.Ганжуур угаас аливаа зүйлд хүсэл тэмүүлэл нь буцалж байдаг сортоотой сэргэлэн зангаараа орос багш нарынхаа эрдмийг хичээн суралцаж, тухайн цаг үеийн сургалт, сурталчилгааны хийгээд болсон үйл явдлуудыг товчоолон үзүүлсэн баримтат олон киноны зургуудыг авч байжээ.

    Хүмүүний амьдралд санаанд оромгүй явдал гэнэт тохиолдохын алиныг нь хэлж барах билээ.


Түүгээр барахгүй 1942 онд “Аймшиггүй эх оронч”, “Морин цэрэг, танкист” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонуудын зургийг Д.Жигжидийн хамт авчээ.

Ийнхүү Д.Ганжуур 20-хон настай байхдаа уран сайхны киноны зургийг авч эхэлсэн нь түүний хувьд уран бүтээлийн томоохон алхам болжээ.Тиймээс ч тэр жил буюу 1942 онд түүнийг ЗХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд зураглаачийн жинхэнэ мэргэжлийг сургуулахаар нэр дэвшүүлэн илгээсэн нь бас л тэр идэр залуу авьяастны идэвх чармайлт, авьяас билгийн ундаргатайг үнэлсэн хэрэг юм.
Тэрбээр угаас Орос хэл мэддэгээр барахгүй Орос мэргэжилтнүүдийн орчуулагчаар ажиллан хэлний мэдлэгээ улам сайжруулсан аж.

Улмаар 1936 онд анх 14-хөн насандаа “Монгол кино” үйлдвэрт Орос зураглаачдын туслах, сурагчаар орж басхүү зургаан жил кино хэмээх агуу урлагийн тогоонд “чанагдсан”болохоор түүнийг тэрхүү дэлхий даянаа алдартай дээд сургуулийн захиргааныхан өөрийнхөө хамгийн цуутай уран бүтээлч, ахмад багш А.Головнягийн урланд сургахаар болжээ.

А.Холовня нь уран бүтээлээрээ дэвэн дэлхийд нэр цуут гарсан Оросын кино урлагийн сонгодог чиглэлийн уран бүтээлч байсан бөгөөд тэрээр Ганжуурт болон олон улс орны хэдэн арав зуун шавь нартаа эрдэм оюун, арга барил, сэтгэл зүрхээ зориулсан их хүмүүн байжээ.
Зураглаач Д.Ганжуур “Цогт тайж” киноны асар олон эгзэгтэй зургуудыг авчээ.
 
Д.Ганжуур тэрхүү гайхамшигт их сургуулиас кино урлагийн утга учир, эрдэм билгийг суралцаж ахуйдаа 1945 онд “Цогт тайж” киноны зургийг Д.Жигжид, Б.Дэмбэрэл нартай хамтран авчээ.

Энэ киноны зураг авалт нь түүний хувьд нэг талаар сурч буй эрдмээ түмэн олонд бодитойгоор харуулахын хамт хоёр ахмад зураглаачдад онол, арга барилын маш их зүйлийг өгснийг тухайн бүтээлд оролцож явсан уран бүтээлчид ярьдаг юм. Зураглаач Д.Ганжуур “Цогт тайж” киноны асар олон эгзэгтэй зургуудыг авчээ. Ялангуяа тулалдааны нүсэр зургийг Д.Ганжуур зураглаач бараг ганцаараа авсан гэдэг.

Аливаа түүхэн сэдэвт киноны маш олон хүн оролцсон тулааны зургийг учрыг нь олж авна гэдэг зураглаачийн оюун бодол, чадал авьяас, урлах эрдэмтэй ихээхэн холбоотой байдаг.

    Зураглаач Д.Ганжуур “Цогт тайж” киноны асар олон эгзэгтэй зургуудыг авчээ.

Хэдийгээр дээрх зураглаачид хамтран бүтээсэн олон сайхан зураглалууд уг кинонд байдаг боловч Ганжуурын гэрдийн урлагийг онцгой анхаардаг арга барил, байгалийн гэрлийн зураглах “ид шидийг” гайхамшигтай ашигласан дүрслэл хэллэг төгс зураглалууд “Цогт тайж” киноны уран сайхны төвшинг өндөрт өргөсөн байдаг.

Ер нь “Цогт тайж” киноноос өмнөх Монгол кинонд гэрлийн уран сайхны шийдлийн хүлээж авахуйц онцлог дүрслэл бага харагддаг. Тэр битгий хэл дэлгэцнээ харагдаж буй зүйлсийн өнгөний зохиолыг ч онож харуулсан зүйл цөөхөн.
Жишээ нь, “Норжмоогийн зам” /1938/ киноны эмнэлгийн зураг дээр орны бараан бүтээлэг, гэрлийн зохиол хоёр харш харагддаг нь уг хэсгийн гэгээлэг утга санааг “устгасан” мэт санагддаг юм. Гэтэл Ганжуур зураглаач жинхэнэ онол, мэргэжлийг сайн сурч ирснээр ганцхан гэрлийн шийдлийн төдийд бус урлах олон арга хэлбэрийн хувьд Монголын зураглах эрдмийн хөгжилд том алхам хийж билээ. Тэр бүхэн нь түүний зурагласан кинонуудын зураг авалтын арга барил, ур чадвараас тод харагддаг.

Тэрээр найруулагч Р. Доржпаламын бүтээсэн “Бидэнд юу саад болж байна" 1956 киноны зургийг авахдаа гүний өрөлтийн зургийг утгачлан авсан шинэ аргыг Монголын кино урлагт анх нэвтрүүлжээ. Энэ нь уг киноныхоо үндсэн санаатай нарийн нийцсэн төдийгүй, үзэгчдэд тухайн нийгмийн бурангуй шинжийг дүрслэлийн гүнзгий утга санаагаар илэрхийлсэн олзуурхууштай бүтээл болжээ. Энэ кино нь тухайн нийгмийн хөгжилд саад болж буй нэг гол дутагдал болсон хүнд суртлын балгийг зоригтой шүүмжилж, киноны дүрслэлийн бүх хэллэгээр санаагаа хурц тод харуулсан нь үзэгч, судлаачдын өндөр үнэлэлтийг хүртсэн юм.

Хүнийг үл боддог хүнд суртал, хөшинг ертөнцийн увайгүй шинж төрхийг эргүүлгэн шатаар Далантай өвгөн /С.Гэндэн/ өөд уруугүй дахин дахин явж буй дүрслэлээр илтгэн харуулжээ. Энэ хэсгийн зургийг Ганжуур авахдаа зураглуурын дагуулан авах дүрслэлээр /панораммаар/ авсан нь оносон байдаг. Ийнхүү Ганжуур Монголын кино урлагт дагуулан авах аргыг анх оруулж иржээ. Нэгж дүрсийн кадрын зохиомжийн хувьд ч энэ кинонд маш сонирхолтой шийдсэн зүйлс олон бий.

Жишээ нь, даргын өрөөнд болж буй үйл явдлыг харуулсан зурганд гүний өрөлтийг утгачлан хэрэглэж авсан нь Монголын зураглаачдын урлагт нэг том нээлт болсон хэмээн халж болно. Эхний дүрсэнд /передний планд/ хоорондоо зууралдсан эр, эм хоёр сармагчны баримал харагдана. Цаад дэвсгэр нь юу байгаа нь үл мэдэгдэм манантаж харагдана.

Дурангийн шилжилтээр дүрс тодормогц дарга өрөөндөө нэг бүсгүйтэй тэврэлдэж сууна. Энд дүрсний адилтгал, шоглосон дүрслэлийг их урнаар зураглуурын /камерын/ дурангийн орон зайн хөдөлгөөнөөр бүтээжээ. Монголын нэрт кино зураглаачдын нэг хэмээгдэн үнэлэгддэг Д.Ганжуур хэдийгээр цэл залуу насандаа буюу уран бүтээлдээ ч гэлээ “дөрөө дарах эр” гэмээр дөчөөдхөн насандаа хорвоогоос хальж, бурхны оронд заларсан авч цөөхөн часхийсэн бүтээлүүдээрээ Монголын кино урлагийн зураглаачийн урлагт тод мөрөө үлдээгээд явсан юм.

Энэ ялдамд өгүүлэхүйд дэлхийн хэмжээнд алдар суугаа мандуулсан Оросын агуу их зураглаач, Ганжуурыг гардан сургаж зураглаачийн эрдмийн дөрөөнд хүргэсэн багш А.Толовня гуай "Тэр Дамбын их ирээдүйтэй хүүхэд шүү. Одоо юу хийж явна” хэмээн Оросод очсон киночин Монголчуудаас байнга асуудаг байсан гэдэг. Магадгүй тэр их зураглаач Головня гуай түүний авьяас билгийг нь хайрлан хүндэлж, муу болгоноос тэр битгий хэл үхлээс хүртэл булаахсан хэмээн бодож, санаж явсан ч юм бил үү, хэн мэдлээ.
1958 онд манай нэрт найруулагчдын нэг Р.Доржпалам гуай зохиолч Т.Нацагдорж / энэ хүмүүн бол Монголын кино урлагийн анхны “шанг” татагчдын нэг байж байгаад харамсалтай нь тэр цагийн бурангуй засгийн гайгаар хэлмэгдсэн нэрт зохиолч Д.М./, С.Дашдооров, их яруу найрагч М.Цэдэндорж нарын зохиолоор “Гурван найз” хэмээх Монголын анхны хүүхдийн киноны зураглаачаар Д.Ганжуур ажилласан юм.

Энэ ялдамд нэг сонин түүх өгүүлэхэд тэр жил эдгээр уран бүтээлчид гол дүрүүдээ сонгож явах үедээ манай нэгдүгээр сургууль дээр ирж билээ. Манай ангид уран зохиолын Жавзмаа багшийг хичээл орж байтал буржгар ч юм уу гэлтэй сонин үстэй жаахан бүдүүвтэр нэг хүн, бас нэг нэлээд цоглог нүдтэй хүн зэрэг гурав дөрвөн хүн орж ирээд хүүхдүүдийг сүрхий ажиглаж харж байснаа надтай хамт нэг ширээнд сууж байсан Э.Ганболдыг аваад явж билээ.

Бид нар “кино” гэдэг нэг үгнээс өөр гол учрыг нь ойлголгүй үлдэж байж билээ. Гэтэл миний найз хожим нэртэй жүжигчин болсон юм. Гэтэл тэр миний “бужгар үст” гээд байдаг нь нэрт найруулагч Р.Доржпалам гуай, нөгөө “цоглог нүдтэй” хүн нь Ганжуур гуай байсан юм билээ. Бусдыг нь тэр үедээ яаж мэдэх вэ дээ.

Энэ кинонд олон сонин дүрслэлүүд байдаг ч том дүрсийн планд зохиомж шийдлээр уран санаа, утга агуулгыг гэрэл сүүдэр, драматургийг нэгэн эгшинд сүлэлдүүлэн харуулсан уран сайхны төгс шийдэлтэй гэмээр харуулсан дүрслэл бол хүүхдүүдийн ухарч буй өрөвдөлтэй хөлнүүд, харгис хэрцгий алуурчдын паравгар гутал бүхий хөлнүүдийн дүрслэл маш их зүйлийг үзэгчдэд өгүүлдэг.

Энэ бол зураглаач Д.Ганжуурын уран чадварын гайхамшиг билээ. Ийм сод уран бүтээлч өөрөө дэндүү даруу, эгэл нэгэн мөртлөө авьяас төгөлдөр уран бүтээлч байсан болохоор түүний бүтээлүүд нь ч мөнхөд эгэл даруу мөртлөө гэрэлтэн гийж, Монголын кино урлагийн хойч ирээдүй болсон уран бүтээлчдэд нэг төрлийн сургууль, арга барилын чиг зүгий нь заасаар байна.

Кино зохиолч, судлаач ДҮ.МЯГМАРСҮРЭН