sonin.mn

Болор цомын эзэн, яруу найрагч До.Болдхуягийн   эмхтгэн нэгтгэсэн “Өвөр Монголын яруу найргийн дээжис” номын нээлт Бээжин хотын Төвийн Үндэсний их сургуульд 3 дугаар сарын  21 ний өдөр боллоо.

  Номын нээлтийн ажиллагаанд  Монгол,  Хятадын  монгол  хэл, утга зохиолын салбарын судлаач эрдэмтэд, оюутнууд , Хятад дахь Монгол оюутны холбооны төлөөлөл оролцлоо.Нээлтийн ажиллагааны хүндэт зочноор Монгол Улсын Боловсролын их сургууллийн доктор, профессор С.Энхбаяр, Шинжлэх Ухааны академийн  хэл зохиолын хүрээлэнгийн судлаач  доктор, профессор Б.Сумъяа,  БНХАУ-ын Төвийн Үндэсний их сургуулийн монгол хэл, утга зохиолын салбарын эрхлэгч Цогт,  Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний редакцийн дарга Гэрэлт нар  оролцож үг хэллээ.
Мөн   Хятадын Төвийн Үндэсний их сургуулийн  монгол хэл утга зохиолын салбарын  профессор Эрдэмт,  тус сургуулийн монгол  хэлний тасгийн орчуулагч Алтанбагана,  Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны  хүрээлэнгийн судлаач  Содбаатар, Япон улсын  Шова их сургуулийн профессор Хөхбаатар болон салбарын судлаач, эрдэмтэд   ийм бүтээл төрж байгаа нь хоёр улсын  харилцаа   найрсаг, тааламжтай  байгаагийн илрэл юм,   ялангуяа соёлын салбарт бидний харилцаа гүн хөгжиж байна, Өвөр Монголын  орчин үеийн яруу найргийн  шилэгдмэл бүтээлүүдээс   өргөн  цар хүрээтэй анх удаа нэгтгэсэн  энэ ном нь  монгол үндэстэн  яруу найрагчдийн сэтгэлийн цагаан гүүр болж буй төдийгүй  салбарын  эрдэм шинжилгээ судалгаанд ач холбогдол бүхий бүтээл болсон хэмээн  санал нэгтэй  тэмдэглэж байлаа.  Тус номонд   Өвөр Монголын 70  гаруй яруу найрагчийн 350 гаруй бүтээл орсон бөгөөд 4 дүгээр сард Хөххотод мөн нээлтийн ёслол болох аж.
2008 онд Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн  бүтээл хятад хэлнээ орчуулагдан Хятадын ард түмний хүртээл болж байсан бөгөөд  яруу найрагч Б.Өлзийтөгсийн  уран бүтээлээс  хятад хэлнээ орчуулахаар судалж байгаа юм байна.


Д.Энхчимэг


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг