sonin.mn

МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Ээждээ бичсэн захидал” Улсын долоодугаар уралдааны гуравдугаар байр эзэлсэн захидлыг хүргэж байна.

Би оюутан байхдаа хэрэндээ ганган байсан санагддаг юм. Нэг удаа цонхтой цагаараа гэдэс хонхолзоод сурсан зангаараа Нарантуулыг зорив. Их сургуулийн араас халдвартын автобусанд суугаад л захын ард буучихдаг байсан. Тэнд ээж маань сандал зардаг болохоор очих, хоол авахуулж идэх санаатай явсан хэрэг.

Өндөр өсгийт, улаан уруулын будаг, нарны шил, үнэтэй цүнх, задгайлсан үс наймаачин эгч нарын сонирхлыг татсан бололтой. Ам амандаа шаагилдан “Пөөх, Өлзийгөөс гарсан гэхээргүй хөөрхөн охин юм. Ямар ганган юм бэ?” гэлцэн намайг сонжин харцгааж байлаа. Би ч ээ… ээж ээ гээд л нэг инээгээд ээжид зорилгоо төвөггүй ойлгуулав. Ээж миний яах гэж ирснийг хэлүүлэлтгүй мэднэ. Ингээд намайг зургаан номерын гуанзанд оруулж "өндөгтэй зраз"-аар гэдсийг минь бондойлгоод автобусны  мөнгө өгөн хичээлээ сайн хийгээд орой эртхэн харихыг захилаа. Би ч сурсан зангаараа ээжээсээ мөнгө авсан болохоор ирсэн замаараа сургуулийн зүг баяртай нь аргагүй автобусанд суув.

Хичээлээсээ хоцроогүй, гэдэс цатгалан, халаасандаа мөнгөтэй бас дээр нь автобусны арын суудалд тухалсан ч “Өлзийгөөс гарсан гэхээргүй” гэдэг үг дахин дахин бодогдоод нэг л дургүй минь хүрээд байв. Үнэндээ би ээжтэйгээ усны дусал шиг адилхан. Ухаан орсон цагаасаа хойш “Ээжтэйгээ ямар адилхан юм бэ?, яг л жижиг Өлзийсайхан” гэдэг үгсийг сонссоор дасал болсон. Энэ үгнүүд намайг “Ямар хөөрхөн юм бэ” гэж байгаа мэт сонсогддог байлаа. Яагаад гэвэл миний нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хүнтэй намайг адилхан гэдгийг олон хүн нотолж байсан юм. Гэтэл тэр өдөр миний хөөрхөн ээжээс намайг тэс өөр харагдаж байгаа тухай хэлсэн нь надад огт таалагдаагүй хэрэг. Үнэндээ наймаачин эгч нарын хэлсэн бол миний хувьд муухай ч гэсэн үнэн байсан юм.

Ингээд би автобусны цонхоор ширтэнгээ ээжийгээ яагаад надтай адилхан биш харагдсан шалтгааныг нүдэндээ дүрслэн харж байлаа. Нар салхинд гундаж ядарсан царай, хүнд төмөр, модон ширээг нааш, цааш зөөж ачсаар үл ялиг сайртаж мойнысон гар, хөнгөхөн үрчлээ сууж гундаж гандсан арьс, гал цог нь буурсан нүд, өлөн хир тогтсон олон халааст хүрэм, наймааны бор цүнх…

Миний үнэтэй арьсан цүнх авсан тэр мөнгө их сургуулийн төлбөр гээд л хэзээ ч дуусч дундрашгүй хэрэгцээний хүсэл болгон ээжийн наймааны жижигхэн бор цүнхнээс гарсныг ч бодож амжсан юм аа. Хувцсыг минь бохирдчихно, гарыг минь муухай болчихно гээд өргүүлдэггүй тэр сандал ширээнүүд хэчнээн хүндийг би цонхоор ширтэнгээ мэдрэх шиг болж их сургуулиа маргааш ч хамаагүй хурдхан төгсөхийг бодож билээ.

Зураг дээрх наранд гялалзсан тэр хоёр дипломын эзэн нь Нарантуулд насаараа хөдөлмөрлөсөн миний ээжийнх. Хар захаас дээд боловсрол эзэмшсэн хүн байдаггүй ч хайртай ээжийн минь мөрөөдөл үүнийг биелүүлж чадсан юм.

Ээждээ ирж би ганц удаа жаргаасан
Энэнээс хойш энгэртээ ромбо зүүж нэг л баярлуулсан
Төрийн хүн болно доо гэж тоос хүргэлгүй энхрийлж өсгөсөн охин чинь                           

Өдөр өдрөөр ухаан сууж байгаа ээж ээ.
Хавар цагийн сэвсийсэн цаснаар ээждээ би ирсэн гэсэн
Хараад хараад ханамгүй тийм хөөрхөн байсан гэсэн
Дэнхийж том болсон ч дээлнийх нь энгэрт багтдаг байсан гэсэн
Дэргэд нь л байвал гавьяагүй ч байсан жаргалтай гэсэн
Дэндүү их хайрынх нь эзэн би гэсэн
Дээжээ өргөж бурханд залбирахдаа захидаг гэсэн
Ээжийгээ байхад охин нь алзахгүй
Эргэх хорвоод эмээх зүйл үгүй

Захидал бичсэн: Д.Янжмаа