sonin.mn

 
ТОКИО. /NHK/. Нэгдүгээр нисгэгч болон хоёрдугаар нисгэгчдийн буруутай үйлдлээс болж иргэний агаарын тээврийн түүхэнд хэд хэдэн нисэх онгоц осолдож байжээ.
Тухайлбал, 2013 оны 11 дүгээр сард Мозамбикийн иргэний агаарын тээврийн “LAM Mozambique Airlines” компанийн нисэх онгоц Намибид осолдсон байна. Уг онгоцонд сууж явсан 33 хүн бүгд амь эрсэджээ. Хоёрдугаар нисгэгч ариун цэврийн өрөө орох хойгуур нэгдүгээр нисгэгч онгоцны өндрийг 11 мянган метр өндрөөс огцом доошлуулсны улмаас онгоц осолдсон гэсэн дүгнэлтийг Намибийн агаарын тээврийн асуудал хариуцсан хүмүүс хийж байсан аж.
 
1999 оны 10 дугаар сард Египетийн иргэний агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Боинг-767” нисэх онгоц АНУ-ын зүүн хойд нутгийн Массачусеттс муж улсад осолдсоны улмаас зорчигч, нисэх багийн гишүүд нийлсэн 217 хүн бүгд амиа алджээ. Нэгдүгээр нисгэгч бүхээгээс гарсан хойгуур хоёрдугаар нисгэгч онгоцны хошууг зориуд санаатайгаар эргүүлсний улмаас онгоц осолдсон гэж АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөл дүгнэж байжээ.
 
1982 онд Японы иргэний агаарын тээврийн “Japan Airlines” компанийн “DC-8” нисэх онгоц Токиогийн Ханеда нисэх онгоцны буудалд осолдсоны улмаас 24 зорчигч амь эрсдэж байсан байна. Нэгдүгээр нисгэгч онгоц газардахын өмнөхөн хөдөлгүүрийн тохиргоог санаатайгаар өөрчилсний улмаас уг нисэх онгоц осолдсон ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: МОНЦАМЭ