sonin.mn
“Ээждээ бичсэн захидал” Улсын долоодугаар уралдааны "Тусгай байр" эзэлсэн захидал 
 
 
 
 
Сайн байна уу? Хайрт ээж минь.
 
Миний сайхан ээж ээ. Та минь мөнх тэнгэрийн орондоо тайван нойрсож байна уу? Хүний орчлонд үлдсэн бяцхан охин чинь таныгаа мөн ч санах юм даа. Санасныхаа зоргоор очиж болохгүй болохоор охин нь таныгаа санасан ч санаагүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг, уйлмаар байсан ч нулимсаа тэвчин, аргаар орчлонгийн аясаар явсаар аль хэдийнэ 28 жилийг ардаа орхижээ.
 
Гэсэн ч хорвоод ганцхан ээж таныгаа үүрд алдсан тэр аймшигт өдөр өчигдөрхөн мэт санагдана. Бодох бүр өр зүрх минь шимширдэг болохоор бодохгүй байхыг хичээнэ. Гэвч үр чинь таныгаа яахан мартах билээ. Ээж ээ, та минь маш их гомдол тээж, голоо тасартал дүү, бид хоёрын төлөө хэчнээн их шаналан байж энэ орчлонг орхисон бол доо. Хүүхэд насандаа таныгаа зүгээр л өнчирсөн сэтгэлээр үгүйлэн санадаг байсан. Харин одоо охин нь таныгаа үрээ тээж төрүүлсэн эхийн сэтгэлээр хайрлаж, дурлаж, гомдож,  цөхөрсөн бүсгүйн сэтгэлээр энэ орчлонд хоргодон тэмүүлэх нас биед хүрсэн Монгол эмэгтэйн сэтгэлээр өөрийгөө таны оронд тавьж, таньдаа харамсаж халаглахын дээдээр шаналж, өр зүрх минь урагдаж үгүйлдэг.
 
Таныг авч одсон хойд эцгийг үзэн ядахын дээдээр үзэн ядна. Таныгаа үүрд алдаж байгаагаа мэдсэн боловч яаж ч чадаагүй балчир насандаа харамсах юм. Хайрлан дурлаж, бүсгүй заяа даатгасан ханыхаа гарт нас барсан ээж минь та хичнээн их гомдол тээснийг охин нь төсөөлж чаддаггүй. Амьдралын хар, цагааныг ялгахгүй хоёр үрдээ хэчнээн их хоргодсон бол. Уучлаарай ээж ээ. Охин нь таныгаа аварч чадаагүй.
 
Тэнэгхэн охиноо дахиад уучлаарай. Дүүгээ ч бас энэ орчлонд авч үлдэж чадаагүй. Таныг дагаад явчихсан дүүгээ би маш их санадаг. Арга ч үгүй шүү дээ. Ангир шаргал уургаа амлаж чадаагүй нялх дүү минь бүлээн сүүг тань залгилж, бүүвэйн дууг тань сонсох гээд л араас тань явчихсан байлгүй дээ. Одоо та хоёр минь тэнгэрийн орондоо хамтдаа байгаа шүү дээ.
 
Би дүүгээ санадаг. Хүмүүс хойд эцгийн хүүхэд гээд дурсдаг ч үгүй. Гэхдээ тэр минь таны тээж төрүүлсэн миний дүү болохоор охин нь чимээгүйхэн дотроо санаж явдаг. Таньдаа ганцхан удаа тэврүүлэх юмсан. 28 жил болоход ганцхан удаа зүүдэнд минь ирсэнд гомдолтой  байна. Гэхдээ таныгаа зүүдлэн байж олсон үр минь таньтай минь хэчнээн адилхан гээч. Охин наддаа хоёр дахь хүү минь болж ирсэнд баярлалаа. Охин нь хоёр сайхан хүүтэй. Охин нь бусдын хүсдэгийг хүсч, хүний эдэлдгийг эдэлж, хэний ч дор орохгүй сайхан амьдарч яваа шүү.
 
Гэхдээ уучлаарай ээж ээ. Охин чинь гэрлэж амжаагүй л явна. Хоёр хүүгийн минь аав өөр хүнийг сонгоод явчихсан. Намайг биш юм гэхэд хоёр хүүгээ ч тоохгүй юм. Тэглээ ч би түүнийг царайчилж гуйхгүй хоёр хүүгээ ганцаараа өсгөөд амьдарч болоод л байна. Хойд эцэг таныг ямар их зовоодог байсныг санадаг болохоор охин нь энэ амьдралаараа зоргоороо жаргаж амьдарна гэж боддог.
 
Өрх гэрээ толгойлж яваа хэрнээ ээж таньдаа захидал бичиж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл минь нялхарч эрхэлмээр санагдаж байна. Одоо охиндоо битгий санаа зовоорой. Охин нь хүний дайтай яваа шүү. Түмний үрсээр багшаа гэж дуудуулж хүндлүүлж яваа шүү.