sonin.mn
 
 
БЕРЛИН. /ВВС/. Германы иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн нисэх онгоцыг Францад санаатайгаар сүйрүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй хоёрдугаар нисгэгчийг ямар нэгэн өвчингүй, эрүүл саруул л юм шиг харагддаг байсан гэж хөршүүд нь ярьжээ.
Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц саяхан нүдний эмчилгээ хийлгэж байсан гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна. Мөн мөрдөн шинжээчид түүний гэрээс сэтгэцийн өвчинд уудаг эм хураан авсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
 
“Би Лубицыг дасгал хийн гүйж байхыг харж байсан” гэж Германы баруун нутгийн Монтабаур хот дахь хоёрдугаар нисгэгчийн гэрийн ойролцоо амьдардаг нэгэн залуу ярьсан байна. Түүний хэлснээр, Лубиц өвчтэй хүн шиг харагддаггүй байжээ.
 
Өөр нэгэн хөрш нь “Лубиц спортоор хичээллэх дуртай хүн байсан. Тэр булчинлаг, бие хаа сайтай хүн” гэжээ.
 
Маш тайван, дөлгөөн зантай үйлчлүүлэгч гэж Лубицын зан байдлыг Монтабаурын итали рестораны эзэн тодорхойлсон байна.
 
Нисэх онгоцыг сүйрүүлэхээр тийм адал балмад үйлдэл хийх хүнтэй Лубиц огт адилгүй байсан гэж тэрбээр ярьжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг