sonin.mn

 


Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмид Монголын ард түмэнд Цогт тайжийн дүрээрээ мөнхлөгдсөн хүн. Одоо ч бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг. Басхүү түүний бүтээж, сэтгэлд хоногшсон дүрүүдээс “Сэрэлт” киноны Сүрэнгийн аав Дашийн дүр санаанд буудаг. Ялангуяа “Аль газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амьтан бэ” гээд л нүдээ эргэлдүүлэн орос эмч рүү дайрч буй хэсэг ясны жүжигчин гэж ийм байдаг байх гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдгийг нуух юун. Сонирхолтой нь энэ кинонд Цэгмидийн өөрийн амьдралаас сэдэвлэж хийгдсэн хэсэг ч бий гэх. Ингээд ХХ зууны манлай жүжигчин Цагааны Цэгмидийн амьдрал руу уншигч таныг хөтөлье.
 
БАТСҮХИЙН АМЬДРАЛААС ҮҮДЭЛТЭЙ “СЭРЭЛТ”

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрбээр дээрээ ах, эгчтэй дороо хоёр дүүтэй айлын дунд хүүхэд байв. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг. Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэнэ.

Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх. Сонирхуулж хэлэхэд түүний энэ түүхээс сэдэвлэж "Сэрэлт" киноны "Та хоёрт үр болохоо өнгөрч илүү гэрт оруул..." гэсэн хэсэг бүтсэн гэдэг.

МОНГОЛ ДАЯАР АВЬЯАС НЬ ЦУУРАЙТАХ ЖҮЖИГЧИН ТӨРӨВ

Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэгмидийг Цагааны хэмээн овоглодог. Гэхдээ энэ нь түүний аавын нэр биш. Содов ахынхаа буянаар тэр хэзээ ч нэрнээс нь салахгүй энэ овгийг өөрийн болгосон юм.

Тодруулбал түүний амьдрал Содов хэмээх ахаас нь нэлээд хамааралтай. Хэдийгээр Содов айлд өргүүлсэн ч төрсөн дүүгээ ихэд халамжилдаг байж. Ямар сайндаа л ээж нь өөд болж аав нь өөр хүнтэй суухад дүүгээ хүний гар харуулахгүй гэсэндээ өөр дээрээ авсан байхав.

Ийнхүү Цэгмид Содов ахынхаа өргөмөл эцэг болох харуулын Цагаанбандийнд ирж өссөн юм билээ. Хожим нь энэ айлаасаа цэрэгт явахаар болж овог шаарддагатай болсон тул Цагааны Цэгмид хэмээн бичүүлсэн гэдэг. Ийнхүү Монгол Улс даяар авьяас нь цуурайтсан Цагааны Цэгмид жүжигчин “бий болжээ”.

ТАВАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ

Тэрбээр таван сайхан хүүхдийн эцэг. Ц.Цэгмид хүүхдүүдийнхээ ээжтэй Өвөрхангай аймгийн Хужиртын амралтанд танилцжээ. Харамсалтай нь тэд 10 гаруйхан жил ханилсан юм. Харин тэдний дундаас аавынхаа шийрийг хатаасан хоёр ч хүү төрсөн. Түүний нэг нь Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, нөгөөх нь монголчуудын хайрлан хүндэлж явдаг жүжигчин Ц.Төмөрхуяг. Ц.Төмөрбаатар аавыгаа хөдөөлүүлэхэд дөнгөж долоон настай байсан гэх. Гэвч тэрбээр бяцхан зүрхэндээ үлдсэн энэ том эмгэнэлийн талаар “Аав маань 1963 онд өөд болсон юм. Аавыг өнгөрчихлөө гэж дуулаад гэртээ ирэхэд миний дараагийн дүү аавын цээжин дээр гарчихсан нүүрийг нь бүтээсэн цагаан хадгийг бүтээж сөхөөд бүтээж сөхөөд л "Аав аа", "Аав аа" гээд дуудаж байсан юм даг.

Харин би гэрийн хөшиг хана хоёрын завсраар аав руугаа дөхөж ахисаар байгаад таван ханатай гэрийн хойморт
очиж хөшигнии завсраар аав руугаа харж байж билээ” хэмээн гуниглан ярьсан байдаг.

ХОШ

Тэрбээр хүүхдүүддээ гар хүрнэ гэж үгүй. Харин түүний оронд ухаарлын үгийг харамгүй хэлдэг байсан гэх. Харин ямар нэгэн бүтэлгүй зүйл ярих хэлэх аваас "хош" гэх.

Жаахан ажил ихтэй үед нь хүүхдүүд нь “гадагш гаръя” хэмээн чаргууцалдахад өнөөх л алдарт үгээ хэлж боломжгүй гэдгээ ухааруулна. Харин хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг маш цэвэрч байсан гэх юм билээ. Энэ нь ч үнэний хувьтай. Ямар сайндаа л өмд нь индүүдлэгээрээ урагдсан байхав дээ. Тэгэхээр өмссөн хувцсандаа ямар их санаа тавьдаг хүн байсан нь ойлгомжтой байгаа биз. Тэрбээр зав чөлөөтэй үедээ гэрээ цэмбийтэл цэвэрлэж зүлгэж суудаг хүн байсан гэх. Мөн хоол хийхдээ ч гаргуун байж.

ДЭЛДЭН БООХОЙН ОРОНД ЦЭГМИД

Ц.Цэгмид 1932 онд театрт орсон гэдэг. Гэхдээ их сонин тохиолдлоор орсон юм билээ. Тухайн үед театрын жүжигчин байсан "Дэлдэн боохой" гэж тодотгогддог Дамдин гэдэг хүн ажлаасаа гарахаар өргөдөл өгч л дээ. Гэтэл түүнийг өөрийнхөө оронд ажиллах хүнийг авч ир, тэрнээс нааш шийдэхгүй гээд л халгаасангүй гэнэ. Тиймээс тэр Баруунхараад тоглолтоор явж байхдаа Ц.Цэгмид гэдэг жижигхэн бандитай хамт хуучир морин хуураар тууль ерөөл хайлж байсанаа санаж түүнийг уруу татахаар шийджээ. Ингээд л Дамдин Баруунхараа руу хөлгийн жолоо залж Ц.Цэгмидийг олж ирэн "За энэ бол миний оронд байх хүн" гэж Цагааны Цэгмидийг театрт тушаасан гэдэг.

ОДДЫН ДУНДАХ НАР

Тэрбээр "Цогт тайж" киноны Цогт тайжийн дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон хүн. Тиймдээ ч яг энэ киноныхоо дүрээр Булган аймгийн Сайхан, Дашинчилэн сумынхан цагаан балгасныхаа хажууд хөшөө болон мөнхөрсөн юм. Тэгээд ч “Цагааны Цэгмид бол Монголын ард түмний сэтгэлд Цогт тайжийн дүрийг мөнхөлсөн хүн. Түүнээс өөр Цогт тайжийг бид мэдэхгүй хэмээн кино группийнхэн ярьцгаасан учраас уг хөшөөг уг газарт байрлуулах шийдвэр гаргасан юм билээ.

Харин энэ талаар түүний хүүТөрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар “Би энэ үгийг сонсоод сэтгэл их уярч, аавыгаа биширч ааваараа маш их бахархсан” хэмээн ярьсан байдаг. Харин энэ их хүмүүний талаар Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч Л.Эрдэнэбулган "Од гэж манайхан их ярьдаг. Олон од байна. Энэ оддын дундаас Цагааны Цэгмид гуайг од гэж хэлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүн бол энэ оддын дунд байсан нар юм" гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

“УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ААВД”...

Монголын үзэгчдийн дунд тод дурайн байдаг түүний бүтээсэн бас нэг дүр нь “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дүр нь. Ингээд хэлэхээр та авто тээврийн баазын манаач өвгөнийг санах байх. Энэ өвгөний дүрийг Цагааны Цэгмид бүтээсэн юм. Энэ кинонд яг л өөрийнх нь зан төрх гардаг хэмээн хүүхдүүд нь дурссан байдаг. Өөрөөр хэлбэл"... За миний хүү өлсөж байна уу, энийг идчих. Тэгээд дараа нь хоёулаа аавыгаа хайнаа” гээд намуухан ярьдаг даа. Хүүхдүүдтэйгээ ч гэсэн яг л ингэж намуухан дуугаар ярьдаг байжээ.

ДЭЛГЭЦЭНД МӨНХӨЛСӨН БҮТЭЭЛҮҮД

"Алтан өргөө", "Сүхбаатар", "Сэрэлт", "Улаанбаатарт байгаа миний аавд", "Гологдсон хүүхэн", "Цогт тайж” зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр 1946 онд Төрийн соёрхолт хэмээх том алдар хүртсэн юм. Түүнчлэн "Хил дээр болсон явдал", "Анхдугаар хичээл" зэрэг анхны дуугүй кинонуудад тоглож шавхагдашгүй авьяастан болохоо Монголчууддаа харуулсан хүн. Хэдийгээр цөөхөн кинонд тоглосон ч амилуулсан дүр бүрээрээ жүжигчний уран чадварыг бүрэн дүүрэн гаргаж байсан болохыг нь бид мэднэ. Түүнчлэн анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатар гээд түүнд анхдагчууд олон.

“ЦАСЧИХЭР” БААТАР МӨНХӨД НОЙРСОВ

Үеийн үед дуурсагдах гавьяатай Цагааны Цэгмидийг "Шарай голын гурван хаан" жүжгийн Цасчихэр баатрынх нь хувцастай оршуулсан гэх юм билээ. Хүн бүрийн нүднээс харууслын нулимс асгарч байсан энэ үед нэг л хүний нүд хуурай байсан нь долоон настай Ц.Төмөрбаатар байлаа.

Тэрбээр Цагааны Цэгмидийн хүү ямар зоригтой юм бэ гэсэн бодол төрүүлэх гэсэндээ нүдээ том болгон харж зогссон гэх. Оддын дундах гэрэлт наран дээд тэнгэрт хэрэгтэй болсон учраас бурхан таалсан биз. Харин цаг нь болохоор буцаан эх оронд нь, Монголд нь илгээх биз ээ. Тэр цаг удахгүй байгаа


Х.Сэдэд

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"