sonin.mn
 
Төрийн шагналт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай “Hi-Fi.mn” сайт ярилцав.
 
Д.Т -Бид хоёр олон жил ойр явжээ. Л.Мөрдорж гуайтай ч хамт Х.Билэгжаргалтайгаа ч хамт балгаж ч наргиж ч  явлаа. Гэхдээ би гэгч мунхаг хүн өөрийн чинь бичсэн “Замбуутивийн наран” магтууг анх Бельгүүдтэй хамтарч хийсэн “Талын хот ” кинонд 1992 онд ашиглах санаатай анх сонсоод л өнөөх таньдаг Шараваасаа бүтээлчыг олж хараад шүтэж эхэлсэн гэж хэлж болно?
 
Б.Ш – “Замбуутивийн наран”г хөгжмийн дээд сургуульд байх үедээ бичсэн юм. Тэр үед гэнэт л юм бичиж болохоо больчихоод байсан үе байлаа. Уран бүтээлч хүн чи андахгүй дээ нэг л болж өгөхгүй зогсчихоод байдаг даа?
 
Д.Т -Тийм үе байдаг яагаад ч юм гарахаа байчихдаг.
 
Б.Ш -Том том багш нарын ном сонсоод, тэгээд бас хагас хугас ухаан суугаад ирсэн үе л дээ.  Энэ европын сонгодогуудын хойноос бид хөөгөөд гүйцэхгүй юм байна… гэдгийг ойлгоод эхлэхгүй юу. Айлаас эрэхээр авдраа ухах тухай бодож эхэлж …Нутгаа ч их санаж байлаа. Энэ европчууд яахав хот барьж байгуулж, өөрийн гэсэн соёлоо дархлаа л биз, бид ч гэсэн бас том явсан үе бий шүү дээ эдгийг бүгдийг удирдаж байлаа гээд омог сэтгэл төрнөө дөө …Чингис хааны үе түүнээс ч өмнөх үеийн тухай, бүр тодруулбал уртын дуу хэрхэн үүсэн тухай гэх мэт юм их бодож байлаа. Тэгээд цаг нь болсон хэрэг.
 
Д.Т -Уралын консерваторт байхаа?
 
Б.Ш-Тийм тэгээд 4 р курс төгсөх хавар нэг өглөө босож ирээд эхний хэсгийг бичсэн юм л даа. Өнөөх нутгаа санасан сэтгэлээр авдраа ухсан хэрэг шүү дээ. Уртын дуу бол уриа дуудлагаас үүссэн гэж би боддог, таадаг  хүн л дээ. Гэтэл тэр үед модерн хөгжмийн урсгалууд ид хүчээ авч байсан үе болоод тэдэнтэй хольж хутгасан гэх үү дээ. А.Шнитке, Р.Шедрин… гэх хөгжмийн зохиолчдийн арга барилыг ажиглаад шинэ юм гаргаж ирэх санаа төрсөн хэрэг. Өнөөх монгол аялгуугаар шүү дээ. Тэнд маш олон санаа орсон хожим нь бүр хөгжүүлсэн юм. Тэгээд ч энэ бүтээлдээ би их хайртай байдаг юм. Энэ бүтээлээс улбаалж дараа дараагийн симфони маань төрсөн хэрэг.
 
Д.Т -Курсын ажил юм бол сургуульдаа шалгалтад сонсгоно биз дээ?
 
Б.Ш -Тэгэлгүй яахав бүр үггүй дан  хоёр төгөлдөр хуураар л тоглуулсан юм. Тэгсэн багш маань наадах чинь л чиний их үнэтэй санаа байна. Энэ л чиний арга барил байж мэднэ гэж хэлсэн юм. Их тоосон хэрэг л дээ. Тэгээд  цаашлаад сургууль төгсөхдөө нэгдүгээр симфонио бичээд түүгээрээ диплом хамгаалж дараа нь хоёрдугаар симфони 1987 оны 10 сард тоглогдсоны маргаашнаас л Монголын хөгжмийн ерөнхий хандлага бүхлээрээ өөрчлөгдсөн гэж болно. Өөрөөр хэлбэл 1987 оноос өнөөг хүртэл монголын хөгжмийг бүхэлд нь нэг барил нэг том барил “изм” гэж үзвэл тэр “изм” нь миний нэрээр овоглож өнөөг хүрсэн гэж би боддог. Яагаад гэвэл чиг хандлагын үндсэн суурь надаас эхтэй юм. Цаашдаа ч ингэж л явна гэж бардам хэлнэ.
 
Д.Т -Явж явж бүтээлч хүн ерөөсөө өөрийнхөө л тухай , өөрийн хэлэхээс өөр аргагүй болсон болоод л хэлдэг юм биш үү? Зурдаг нь зургаар, бичдэг нь уран зохиолоор хөгжмийн зохиолч бол хөг аяар бичдэг. Бүхий л алдартангуудын бүтээл өөрийнхөө л тухай ярьсан яриа ч юм шиг?
 
Б.Ш -Чи яг зөв хэллээ. Би бол бүр улаан хөдөөний хүн шүү дээ. Багадаа хурдны морь унаж өссөн, бүүр жалгын мухарт төрсөн, өнөөх төгөлдөр хуур гэгч хөгжмийг 16 нас хүрч байж л анх харсан хүн . Хэрвээ би хотод төрөөд, хөгжим бүжгийн сургууль төгсөөд, консерваторид очсон бол надаас шал өөр л юм дуугарч таарна. Гэтэл миний амьдрал гэнэтийн өөрчлөлтөөр хөдөөгөөс хотод нэг буудалласан болоод шууд гадагшаа гарч нүд тайлсан хүн учир “Замбуутивийн наран”гаар миний уран бүтээлийн шинэ хаалгаа нээгдсэн байх гэж боддог. Харин чи их дээр олж сонсоод кинондоо ашигласан нь сайхан санагдлаа.
 
Д.Т –Хөжмийг үгээр тайлбарлах гэдэг угаасаа утга муутай. Жишээ нь өөрийн чинь “Сэтгэлийн эгшиг”- ийг бараг л гашуудлын хөгжим мэтээр хүмүүс хүлээж авдаг. Бүр некрологт тавиад ч сурчхаж.  Нээрээ ч тэрийг хүн тайван, тэгш амгалан сонсож чаддаггүй … Иймэрхүү хөг ая ер нь ямар үед гардаг юм бэ?
 
Б.Ш -Дээрх бид хоёрын яриа бол энэ хэсэгт хамаагүй шахам юм. За яахав “Сэрсэн тал” “ Гэгээн алсад одох юмсан” “Манан”… зэрэгт хүмүүс их дуртай байдаг. Жишээ нь “Сэтгэлийн эгшиг”-ийг нэг л сэтгэл хачин болоод, гунигтай ганцаардсан ч юм шиг  үймээд,эхнэрээ санаад байхдаа л биччихсэн эд. Хархад зүгээр л хэдхэн нот. Гэхдээ хялбархан хэдэн нот шүү. Хийлч Дээгий нэг удаа надад хэлсэн юм шүү. Энэний нот гэж одоо юу байнаа…гэж ? Тоглоод ядаад байх юмгүй амархан харагдаж л дээ. Тийм л дээ нээрээ. Гэхдээ л хүн түүнийг сонсоод шууд миний сэтгэлд болж байсан тэр гуниг тэр шаналал… одоо юу гэж нэрлэнэ сүнс, энерги, далд ухамсарт байгаа сэтгэлийн хөдлөл ч гэнэ үү …тэрийг сонссон хүн яг адилхан мэдрээд байгаад л учир байгаа юм. Хөгжим өөрөө сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшигээр илэрхийлдэг. Энэ бол цэвэр мэдрэмжийн л асуудал…
 
Д.Т -Гадаад ертөнц өөрийг чинь хир хүлээж авдаг юм бэ?
 
Б.Ш-Гадагшаагаа тоглогдсон тал дээр бол би хөгжмийн ертөнцдөө хамгийн амжилттай яваа нь ч байж мэднэ. Миний бүтээлүүдээс гадаадад маш их тоглогдсон. “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмж, “Зуурдын орон” бүжгийн жүжгийн чуулбар, Морин хуурийн концерт, “Хэрлэнгийн домог” гэх мэт олон бүтээлүүд маань АНУ ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл гэх мэт дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад бараг бүгдэд тоглогдсон юм шүү дээ. “Хэрлэнгийн домог” гэхэд л Нобелийн шагнал гардуулах ёслол дээр хүртэл тоглогдсон.
 
-Гадагшаа тоглогдохоор мөнгө цаас бас орж ирэх үү?
 
-Өө тэгэлгүй яахав. Амазон энэ тэрд ч зарагдаж байгаа. Одоо миний унаад яваа машин гэхэд гадны л мөнгөөр авсан юм шүү дээ. Интернетэд зах хязгаар гэж байхгүй шүү дээ. Зах зээл л юм бол манай бүтээлчид гадагшаа л хүнд хүргэх юм хийхийн төлөө, бусад нь ч энэ зүгт хандуулах, зарж борлуулах зүйлсийг хийх цаг болсон. Зөвхөн Монголдоо тэгээд урлагаар амьдрах арга бол байхгүй. Хөгжим л юм бол хаанаа ч орчуулгагүй хүрдэг болохоор нутагтаа хийгээд чадвал гадагшаа л харж явах хэрэгтэй цаг шүү дээ. Харин чиний киноны хувьд нилээд хэцүү байх. Заавал мөнгө шаардана. Нот бол олон улсын хэл тэхээр бидний хувьд бас боломжтой юм. Төгөлдөр хуур, нотны цаас, үзэг байхад юм хийгээд байж болно.
 
Д.Т -Ер нь л манайх шиг 3 сая хүнтэй оронд мэдиагаар мөнгө хийнэ гэж байх уу ?
 
Б.Ш –Хэцүү дээ. Маш сайн кино хийгээд хийгээд нэг сая хүн үзнэ биз дээ. Бүүр маш сайн кино бол шүү дээ. Тэгвэл энэ урд, хойд хөршид бол нэг хотод л ийм тооны хүн үзнэ шүү дээ. Тэхээр л бүх урлагийн салбар дэлхийн зах зээлд л оюуны бүтээлээ яаж гаргах вэ гэдэгт санаа зовох ёстой болов уу даа. Саяхан л нэтэд юу ч олддоггүй байлаа. Одоо ч бас ч гэж ютубэд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй юм хум байж байх болж.
 
10549954_789491171134412_6867336734338376939_o
 
Д.Т-Ю туб гэснээс өөрийн чинь бүтээлүүдийг маш их хүн сонсож маш олон зурвас үлдээсэн байх юм билээ. Нэг хүн “Ийм сайхан аялгууг хүн төрлөхтөнд өгсөн Шарав гуай танаар бахархая. Энэ аялгууг мэдэрч сэтгэлийн таашаал авсан хүн бүрийн өмнөөс талархая. Мянган мянган жил үл тасалдах хөг аялгуу мөнхөд хүн төрөлхтөнг сэхээрүүлэг” гэх мэтээр бичсэн байдаг хардаг уу?
 
Б.Ш -Хаяа хардаг, урам ч төрдөг. Сэтгэлийн эгшиг, Гэгээн алсад одох юмсан, Манан, Бөртө хатан гэх мэт жижиг аязуудыг их сонсдог болтой юм билээ. “Сэрсэн тал”-ыг бол их хурдан бичсэн санагддаг юм. 1984 онд улс тунхагласны 60 жилээр сэрж байгаа улс орон гэсэн агуулгатай найрал хөгжмийн бүтээлийн захиалгаар хийсэн юм. Одоогоор 31 жил тоглогдоод байна. Үндэсний их найрал хөгжим хамгийн олон удаа тоглосон бүтээл юм. Эндээ олон тоглогдохоос гадна гадашаа ч олон тоглогдсон бүтээл . Москвагийн их тайзан дээр 2 удаа Юнескод ч хэд хэд тоглогдсон. Парист ч бас тоглогдсон байх жишээтэй. Ер нь манай морин хуурын чуулга очсон газар болгондоо л тоглодог. Японы дунд сургуулийн хүүхдүүд тоглосон бичлэг ч ю тубед байна билээ.
 
Д.Т -Төрийн шагнал ямар бүлээрээ авсан юм бэ? Хүмүүс “Сэрсэн тал” эсвэл “Гэгээн алсад одох юмсан” бас “Сэтгэлийн эгшиг” гуравыг л төрөөс үнэлсэн байх гэж боддог?
 
Б.Ш – Би “Хоёрдугаар симфони”, эхлээд чиний асуусан “Замбуутивийн наран” гэдэг хоёр бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн юм шүү дээ.“Сэрсэн тал” “Сэтгэлийн эгшиг” “Гэгээн алсад одох юмсан” гурвын аль нь ч биш. Хүмүүс тэгж андуураад байдаг.
 
Д.Т -Ингэхэд Б.Шарав гэх миний таньдаг хувь хүн ер нь яаж шуу амьдарч байдаг хэрэг вэ? Цалин цавуу гэж огт байхгүй байх. Төрийн шагналын цалин гэж байх уу?
 
Б.Ш -Үгүй яахав дээ. Тэтгэвэр тогтоолгох гээд үзсэн чинь ердөө л 6 жил хэдэн сар л цалин авч цаг бүртгүүлсэн хүн юм билээ би. Тэгээд тэтгэвэр тогтоож болдоггүй. Харин тэгсэн энэ УИХ гишүүн С.Эрдэнэ нэг хууль батлуулсан юм билээ л дээ түүнд нь харин хамрагдаад тэгээд 208 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээр нь гавьяатын нэмэгдэл гэж 150 мянга тэгээд л болоо.
 
Д.Т -Төрийн шагналд цалин байдаггүй хэрэг үү?
 
Б.Ш -Байхгүй шүү дээ өгөхдөө хэдэн цаас дагалддаг. Гэхдээ социализмын үед арай дээр байсан шиг байгаан С.Гончигсумлаа багш төрийн шагнал дээрээ 2 мянга нэмээд гэдэг байхаа… унаад явдаг байсан улаан “Шкода” машинаа авсан байдаг юм билээ. Их дэлгүүрээс цоо шинээр нь авсан гэж байгаа шүү. Тэр үед бараг машины мөнгө өгдөг байж. Одоо хэд дагалддаг болсон юм болдоо. Миний үед 50 мянган төгрөг дагаж байсан одоо жоол нэмэгдээ биз…Билгээг авхад 350 мянга болсон байсан санагдана. Гэхдээ яахав ээ би чинь си дигээ зарна. Киноны хөгжим бичнэ. Номнууд байна. Тэгээд бас жижиг сажиг захиалга мундахгүй. Эрхбиш юм хийсэн болохоор хишгийг нь хүртэж л суух юм даа.
 
 Д.Т -Бусад оронд яадаг юм бэ? Холоос хайгаад яахав Оросод яг өөрийн чинь зиндааны төрийн шагналтай хүн яаж шуухан амьдардаг юм бэ дээ?
 
 
Б.Ш – Өө шал өөр.Кобекин,Владимир Александр гэж хүн байгаа.Намайг Уралын консерваторид сурч байхад багшилж байсан төрийн шагналтай хүн. Одоо амьд байгаагаас магадгүй хамгийн нэртэй хөгжмийн зохиолч байж мэднэ.Тэр хүнтэй би олон жил хамт ажиллаж бас ойр явлаа.Якутын “Чингис хаан” киноны хөгжмийг тэр хүн бичиж би бас зөвлөх хөгжмийн зохиолч хийж байлаа. Тэр хүнээр л жишээ авахад Москвад, Санкт Петербургд байртай.Уран бүтээл хийх үедээ тэндээ очно.Уралдаа бас байр савтай, хамаг хөрөнгө нь тэнд байна. Мөнгө төгрөг энэ тэрээр огт гачигдах зүйлгүй зөвхөн л уран бүтээлээ бодно.Би Сайн мэдэх хүнээ л ярихад шүү дээ.Тийм л юм билээ.Энэ Өвөр Монголд миний шавь Цагаан гэж хүн байна.Хөх хотын хүн гэхдээ Бээжинд хувийн студитэй тэрэндээ уран бүтээлээ хийгээд сууж байх гэж мэт боломжтой улс олон байх юмаа.
 
Д.Т –Одоо ч интенэстээр худалдаа хийдэг болж дээ. HI-FI on line store гэж гарч ирж. Энд мэдээж бүтээлүүд чинь зарагдаад эхэлсэн байх л даа?
 
Б.Ш- Тэгэлгүй яахав. Би сая гэрээгээ шинэчилсэн. Харин интернэтэд хил хязгаар гэж байх биш. Тэхээр манай хувийн хэвшилийнхэн ийм юм эхлээд явж байгаад талархаж сууна. Эрх чөлөө байна. Дэлхий хавтгай болж, юу л бол юу олж сонсож мэдэж болно. Бид харин өөрсдөө жоохон арчаагүй байгаа ч юм шиг.
 
Д.Т -Х.Билэгжаргал? Ц.Чинзориг хоёртой их дотно байсныг мэднэ. Бид хамт олон ч удаа уулзаж байлаа. Одоо үгүйлэх юм уу?
 
Б.Ш -Өө хэлээд яахав. Билгээ бид хоёр нэг ангийн хоёр шүү дээ. Хар багаасаа хамт явсан. Ганцаардах үе байх ч  уран бүтээлийн ганцаардал гэж их хэцүү юм байдаг юм байна. Хийсэн юмаа сонсгох хүнгүй хэцүүдэх юм. Тэр хоёртойгоо байхад их ч дэмтэй байж дээ. Билгээ маань ид бүтээдэг үедээ явчихлаа. “Ламбугайн нулимс” бол мундаг дуурь шүү дээ. Нас эцэслэх үедээ “Таж Махал” гээд дуурь хийж байгаад гүйцээсэнгүй дээ хөөрхий. Ц.Чинзоригийг дурсахын тулд “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь” гэдэг хоёр дууг нь хэлэхэд л хангалттай. Бас нэг сайн найз минь Ц.Нацагдорж байлаа. Ц.Нацагдорж бол Монголын хөгжмийн урлаг дахь хүнд төрлийн томоохон бүтээлүүдийг бүгдийг нь бичсэн.
 
Саяхан Гончигоо багшийн 100 жил боллоо. Тэгсэн Зоригоо хүү нь хэлж байна л дээ. Таксинд суугаад явж байтал “Дэнжийн ногоо” радиогоор явжээ. Тэгсэн Зоригоо хөөрөөд энэ дууг хэн зохиосныг мэдэх үү гэж жолоочоос асуужээ. Өнөөх нь энэ ардын дуу биз дээ гэж хариулж. За яахав аавын минь дууг ардын дуу гэж хүмүүс ойлгодог юм байна..гээд яахав агуу хүмүүс л ардын дуу зохиодог биз гэж бодлоо … гэж байна билээ. Манай Чинжгээ ч олон ардын дуу зохиосон доо. Хангалын маань “Аяны шувууд” ч бараг л ардын дуу болж дээ.
10865708_789490914467771_1916925509177570823_o
 
 
Д.Т- “Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болсон цагт л тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргана” гэж би боддог боллоо. Бид бие биенээ үнэлэхээ байчихсан л юм шиг?
 
Б.Ш-Тийм тал байнаа. Цөөхөн Монголчууд бие биенээ их муулах юм даа. Хүний нас ахархан… Гэхдээ авъяас , хүний сэтгэл хөгширдөггүй юм байна. Италийн хөгжмийн зохиолч Ж.Верди ная гарсан хойноо “Отелло” дуурийг бичсэн байдаг. Яг л залуу хүнийх шиг галтай, дөлтэй, зөрчилтэй зохиол.
 
Ер нь уран бүтээлчдыг цаг үе нь нэг их тоохгүй байсан тал дээр бол ерөөсөө л ийм байсан юм биш үү гэж боддог…Л.Бетховен байна. Мөн л ядруу амьдарч байгаад ганцаараа үхсэн. Тэр нас барах орой нь дуурийн театрын хоёр хүүхэн л очсон байдаг. П.Чайковскийг ч мөн адил Фон  Мек гээд төмөр замын нэг эзэн авгай л насаараа уулзаагүй хирнээ байр сав цалин мөнгөөр тэтгэж байсан юм билээ. Нэг үгээр тэр авгай далдаас тэжээж байсан хэрэг. Оросууд тухай үедээ бас л ад үзээд л байсан байдаг шиг юм билээ. Өнөөдөр хөгжмийн ертөнцөд ялангуяа баруунд П. Чайковский хамгийн их тоглогдож байна.
 
Ингээд бодохоор ямарч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ…
 
 
-Танай үеийнхэн бараг бүгд ардын жижигчин болцгоожээ. Өөрийг чинь хамгийн олон бүтээлтэйг би мэднэ. Ардын жүжигчин яагаад болдоггүй юм бэ?
 
Б.Ш-2006 онд би Чингис хаан одонгоор шагнагдсан. Хожим мэдэхнээ энэ шагнал төрийн хамгийн дээд шагнал юм байна билээ. Тэхээр чинь одоо Ардын жүжигчин гэдгийг надад өгөх үү дээ…
 
Д.Т -За нилээд хөөрчихлөө. Хуучин андтайгаа яриа дэлгэх сайхан байлаа. Уран бүтээлч хүнд бүтээлд нь л амжилт хүсэх ёстой байх.
 
Б.Ш -Баяраллаа. Хоёулаа ч хамтраад юм хийх биз. Верди шиг насалдаггүй юмаа гэхэд нэг ч өдөр зүгээр сууж чадахгүй өнөөг хүрч, чи ч бас нэг тиймэрхүү хүн шүү дээ. Тамын амьтад тамдаа жаргалтай гэдэг байхаа…жаргалтай л явна.
Эх сурвалж "HI - Fi.mn"