sonin.mn
 
 Малайзын Куала-Лумпур хотын захын Таман Малури дахь орон сууцны барилгын зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар thestar.com сайт мэдээлжээ. Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан түүний өрөөний хамтрагчид болох 23-32 насны гурван хүнийг саатуулжээ.
Гэвч тэд англи эсвэл Малайзын хэлийг мэдэхгүй тул мэдүүлэг авахад хүндрэл учирчээ. Одоогоор тэднийг аль улсын иргэд байсныг хараахан мэдээлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг өрөөнд амьдарч байсан гурван хүн нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Малайзад жуулчны визээр ирсэн байжээ. Харин нас барсан бүсгүй  их сургуульд суралцахаар оюутны визтэй Малайзад очсон байв. Малайзын тал энэ хэрэгт элчин сайдын яамдуудтай холбогдон, ажиллаж  байна.
 
 Малайзын цагдаагийн газрын мэдээлснээр оршин суугчид хашгирах дуу сонсоод  өчигдөр /IV.12/ 11:00 цагийн үед дуудлага өгсөн гэнэ. Цагдаа нарыг очиход тэдний өрөөнд шар айрагны лааз хаа сайгүй хөглөрсөн, шилэн ширээн дээр аяга таваг хагарсан байдалтай байжээ.
 
Энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болдоос тодруулвал, "Ийм хэрэг гарсан тухай мэдээллийг албан бусаар сонслоо. Бидэнд албан мэдээ  одоогоор алга байна. Бид Бангкок дахь ЭСЯ болон Малайз дахь Өргөмжит консулын газартай холбогдсон. Монгол иргэн мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг