sonin.mn
 
 
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/269 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг боловсруулах, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн БНСУ-ын Дохва Инженеринг компанитай хэлцэл хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Азийн хөгжлийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын дагуу тухайн Зөвлөх үйлчилгээний тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн дээрх компанитай хэлцэл хийж, гэрээний эцсийн хувилбарыг харилцан тохирч, гэрээ байгуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.