sonin.mn
 
 
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүх байсан. Гэвч шүүгдэгч Н.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Н.Тунгалагийн шүүх хурал давхцсан шалтгаанаар шүүх хурал энэ сарын 20-ны өдрийг хүртэл хойшилсон байна.
 ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн энэ хэрэгт тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нар холбоотой гэж үзэн Прокурорын байгууллага шалгаж байна. Хэргийг шалгах явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг