sonin.mn
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо идэрчүүдийн аварга шалгаруулах “Аль Айн” шатрын олон улсын  нээлттэй тэмцээнд оролцсон есөн настай Золжаргалын Ангарын тоглолт тус тэмцээний тааврыг өөрчилсөн хожлуудыг хийж олны анхаарлыг татжээ. 
Энэ сарын 6-11-нд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, АНУ, Азербайжан, Казахстан, Украйн, Сири, Тунис, Катар, Энэтхэг, Египет болон дэлхийд чансаагаараа тэргүүлдэг ОХУ тэргүүтэй 15 орны 100 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдөв.  Тэмцээний чансааг 2014 оны Европын идэрчүүдийн аварга Украины мастер Виктор Мативешн тэргүүлж байв. Харин Монгол улсаас 9 настай З.Ангар, идэрчүүдийн дэлхийн аварга Д.Мөнхзул нар оролцсон юм.
 
Тэмцээний аваргаар Азербайжаны 13 настай хүү Гадимбайли Абдулла тодорлоо. ОУШХ-ны мастер Абдулла сүүлийн тойргийн дараа нутаг нэг Асадли Вугартай оноо тэнцэж 8 оноотой байв. Харин Г.Абдулла тай-брект илүү байж аварга болж А.Вугар дэд байр эзэлсэн бол гуравт “Аль Айн” олон улсын шатрын нээлттэй тэмцээний есдүгээр байрын шагналт З.Ангар, Казакстаны шатарчин ФИДЕ-ийн мастер Махниов Денис тус тус шалгарсан байна.
 
Олон улсын тэмцээний аварга Азербайжаны шатарчин Гадимбайли Абдулла: “Эх орноо төлөөлсөн З.Ангар хэний ч таамаглаагүй амжилтыг үзүүлж чадлаа. Тэмцээний чансаанд эрэмблэгдээгүй 9 настай монгол хүү топ 10-т бичигдэж чадсан юм" гэв.
 
Ангар 5 хожиж, 3 тэнцэн, 1 хожигдон 6.5 оноотойгоор есдүгээр байрт оржээ. Тэрбээр сүүлийн өрөгт өөрөөсөө насаар ах Абу Даби хотоос гаралтай Али Алькиндиг хожиж шуугиан тарилаа. З.Ангар шагналын санд 700 америк доллар авсан.
 
Тэмцээний эхний таван байрт орсон тамирчдын шагналын сан: Г.Абдулла 8 оноо / FIDE мастер, Азербайжан/ 4000 $, А.Вугар 8 оноо /шатрын мастер, Азербайжан,/ 3000 $, М.Денис 7 оноо/ FIDE мастер, Казахстан/ 2500$, В.Мативешн 7 оноо / FIDE мастер, Украин/ 2000 $, мөнгөн медалийн эзэн, Азербайжаны шатарчин А.Вугар, Б.Деракшани 7 оноо /шатрын мастер, Иран/ 1500 $, З.Ангар 6.5 оноо 700 $ тус хүртжээ.
 
Өнгөрсөн жил ДАШТ-ий 8 насны ангилалд түрүүлсэн Д.Мөнхзул хөвгүүдтэй өрсөлдөж нийлбэр дүнгээр 30 дугаар байранд шалгарчээ. Энэхүү тэмцээнийг Монгол Улсаас Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байгаа Их мастер А.Энхтуул зохион байгуулсан байна.
Д. Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг