sonin.mn
 
Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх газруудад цурамд оруулсан түймэр хүчээ авч эхэлжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын орлогч Б.Лэгзиймаагаас тодруулсныг хүргэж байна.
 
-Түймрийн дуудлага хэдийд авсан бэ. Ямар арга хэмжээ авч ажиллав?
 
-Дөрөвдүгээр сарын 13-нд 9813... дугаараас сумын төвийн баруун хойно утаа гарч байна гэсэн мэдээлэл ирж, энэ дагуу шалгаж үзэхэд Өндөр-Улааны ард гал гарсан байсан. Ингээд сумын төвөөс байгаль хамгаалагчаар ахлуулсан эхний бүлэг гарсан. Түүний дараагаар бүлгүүдийг ойр ойрхон хугацаатай түймрийн голомт руу илгээсэн. Мөн цаг алдалгүй аймгийн онцгой байдлын газарт хэл хүргэж, зэргэлдээх сумдаас машин техник хүн хүчний туслалцаа дуудсан. Салхи их хүчтэй байсан учир ойртож очих боломжгүй, цохиураар унтраах ямар ч боломж байхгүй, техникийн араас л явж унтрааж байсан. Өчигдөр оройноос эхлэн түймэр сумын төвийн дөрвөн талаас бүчих янзтай болсон. Ингээд шөнөжин ажиллаж өглөөгүүр цурамд оруулж чадсан.
 
-Бороо орсон гэж мэдээлж байсан?
 
-Өчигдөр өглөө түр зуур бороо орж жаахан чийглэсэн боловч төд удалгүй хүчтэй салхи гарч зарим газруудад цурамд орсон түймэр сэргэж эхэлсэн. Одоогоор Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх хоёр газарт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Дөнгөж сая албаны хүмүүс шуурхай хуралдлаа. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Чойр, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговийн онцгой байдлын албан хаагчид, цагдаа, цэргийнхэн ажиллаж байна. Мөн сумын төвийн бүх эрчүүд дайчлагдаад байна. Баянцагаан, Булан гэх газруудад малчид олноороо хаваржиж байгаа. Тал талаас нь гал авалцаад тун хэцүү, энэ тэндээс гэртэйгээ шатах гээд байна гэсэн дуудлага ирүүлсээр байна.
 
-Түймэрт хүн, мал хэр өртсөн бэ. Хохирлын хэмжээг тогтоосон уу?
 
-Галыг бүрэн унтрааж амжаагүй учир хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Энэ сарын 13-ны оройноос эхлэн хохирлыг тогтоохоор ажлын хэсэг замдаа гарсан боловч шатаж буй айл амьтныг нааш цааж зөөгөөд таарсан. Бидэнд 18 айлын гэр шатсан мэдээлэл байна. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй. Шатсан малын тоог гаргах боломж алга, нэлээд их мал өртсөн болов уу. Мөн өнгөрсөн шөнө сумын төвөөс 20 км зайтай зам анги галд өртөж, паркад нь байсан найман ширхэг “Норд бенц” машин шатсан гэсэн мэдээлэл байна.
 
-Одоо сумын төвийн байдал ямархуу байна вэ?
 
-Өнгөрсөн шөнө сумын тал талаас бүрхээд байсан галыг цурамд оруулсан. Өчигдөр  22м/с хүчтэй салхитай байгаа учраас үнс нурам, утаа униар дээд цэгтээ хүрээд байна. 200 метрээс хол юм харагдахгүй шахуу байна. Ерөнхийдөө сумын төв цурам дотор байгаа гэсэн үг. Тэгэхээр хүчтэй салхилахаар ямар байх нь ойлгомжтой.
 
Сумын төвийн, сургууль цэцэрлэг ажиллаагүй. Галд дайчлагдаж буй хүмүүст хоол цай хийж, бэлдэж өгч байна. Бүтэн хоёр хоног гал унтраагаад ирсэн хүмүүсийн нүд нь аймшигтай улайчихсан байна. Хээрийн гал түймэр ихтэй байгаа учир онцгойгийн албан хаагчид дунд 28 хоног гэртээ хариагүй, гал унтрааж яваа хүн ч байна. Салхины чиглэл эргэж хургаад тогтворгүй байгаа учир түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа талаар албаны хүмүүс хэлж байна.
С. Саруул
 Эх сурвалж: www.polit.mn