sonin.mn
 
Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икел сан”, Морин хуурын төвөөс санаачлан мэргэжлийн морин хуурчдын олон улсын тэмцээн зохион байгуулахаар болов.
Тус уралдаан нь морин хуурын өв соёлоо судалж, олон улсад хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилготой юм. Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I, II уралдаан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгон зохион байгуулсан бол  2010 онд III  уралдааныг олон улсын уралдаан болгон өргөжүүлэн амжилттай зохион байгуулсан билээ.
 
Ирэх долдугаар сард “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотноо зохион байгуулахаар зарлажээ. Уралдаанд оролцогчдыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 10-ныг дуустал бүртгэнэ. Уралдаанд мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчид болон бүх шатны сургалт явуулж буй сургуулиудын оюутнууд, чөлөөт уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, уг уралдааны программыг хангасан морин хуур суралцагч, тоглогч, гадаадын иргэд оролцох боломжтой. Харин оролцогч концертмейстрээ өөрөө хариуцна. Өмнө нь болсон уралдаанд түрүүлсэн уран бүтээлч энэ уралдаанд оролцохгүй. Уралдаан гурван үе шаттай бөгөөд заагдсан бүтээлүүдийг тоглоно. Уралдааны шагналтнуудын Гала тоглолтыг 2015 оны долоодугаар сарын 14-ний өдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Морин хуур фестивалийн үеэр зохиож, шагнал гардуулна. 
 
Дашрамд сонирхуулахад,  Монгол Улсын Ерөнхийлөгч 1992 онд “Төрийн хан хуур залах тухай”, 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарлиг”-ийг тус тус буулгасан. Мөн 2003 онд Юнеско-гоос морин хуур хөгжмийг хүн төрөлхтний оюуны үнэт өвөөр бүртгэн дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг