sonin.mn

Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй хөрвөөх нь гэх анхны бодол. Тэгээд л овог үндэстэн, орших, эс орших, байгаль, хайр сэтгэл, үзэн ядалт, хардалт, ашиг хонжоо, өгөө, аваа, үхэл.   Ер нь юу юу ч болоод өнгөрчихөв дөө гэж санагдахаар өнөө цагийн шалдан кинонуудтай харьцуулахааргүй БАЯЛАГ өгүү­лэмж­­тэй кино. Энэ л эхний  БАРДАМ тодор­хойлолтоос хамаг юм эхэлж байна.  Хамаг юм гэж юу билээ. ГУРВАН НАМРЫН СОДУРА.

Нэгэн намрын СОДУРА

Урлагийг тэр тусмаа киног “нэгжлэн” судлах хандлага үнэнийг хэлэхэд илүү чухалд тооцогдох бол­жээ. Нэгж доторх гоо сайханг, нэгж доторх өвөрмөц дүрслэлийг чухалч­лах. Тиймээс л хүний оршихуйн хүрээ дотроос ТАЙГА-ыг сугалж авчээ. Тайга бол хүний оршихуйн олон хэсгүүдийн нэгж хэсэг. Тэнд давтагдашгүй, нууцлаг ахуй буйг зохиолч гадарладаг байжээ. Үнэндээ тэр бүгдээс холдож хөндийрсөн хүмүүст харь, хахь, хачин санагдах сонирхол дээр киноныхоо үндсэн дэвсгэрийг бидэнд дэлгэв. Тэгэхээр нэгэн намрын СОДУРА бол үндсэндээ өөрийнхөө орших орон зайг хайж зүдэрч бэдэрч яваа ДҮР юм. Содура, Содура гээд цаатан охины содон дуулдах нэр болохоос биш Солонго, Соокоо, Соёлоо гэдэгтэй л адилхан амьдралд алдаж эндэж, аврал хайр эрэн, амь тэмцэн, зам хайн, үйл тавилангийн ЦАСАА өөрөө  цэвэрлэж яваа нэгэн. Тийм л энгийн зүйл рүү хандуулах оролдлого нь киноны хамгийн чухал хэсэг. Тэр л хэсэгт хүнхэр тайгадаа эргэж ирсэн нэгэн намрын СОДУРАГ угтах ХАЙР, ЭРГЭЛЗЭЭ, ҮЛ ИТГЭЛ бүхэн ар араасаа үзэгчдийн тархи оюунд ачаалал өгч заримдаа сэтгэл зүрхээ “хакердуулж” орхисон мэт хоосрох нь киног улам сонирхолтой болгож байна. Амин чухал санаа нь ч “ХҮН ХҮН РҮҮГЭЭ Л НҮҮДЭГ” гэх хэдхэн үгэнд бүхэлдээ багтаж, цаатангууд шиг амьдран нүүхээ больчихсон ч дотроо нүүж л яваа гэдгээ ухаарах ТӨВ ЦЭГЭЭС хойш, урагш татсан зураасан шугамууд нэг л зүйл дээр очин нийлж байгааг таних нь СОДУРА/2015/ киноны нарийн төвөгтэй хэсгүүдийн нэгдэл юм. Тэр урагш хойш татсан хэмээх зураасуудыг ХАЙР СЭТГЭЛ, ҮЗЭН ЯДАЛТ, ТЭМЦЭЛ, ӨРШӨӨЛ УУЧЛАЛ гэж нэрлэхэд болно. Ак –оод /О.Амгаланбаатар/, Мажыр /С. Ариунбямба/ хоёрын СОДУРА-г гэх хайр сэтгэл хамгийн гол зураас бөгөөд баруун Тайгын Аяана/М.Оюунсүрэн/ охины СОДУРА-г үзэн ядах сэтгэл өөр нэгэн зураас бол дөрвөн залуусын хоорондох ЗӨРЧИЛ ТЭМЦЭЛ ч бас нэгэн зураас юм.  Эцэстээ бүх зүйл амьдралд өршөөл, уучлал болж төгсгөдөг гэх нигүүлсэлийн философи дотор киноны олон талаас нийлэн нэгдэх ТӨВ ЦЭГ оршиж байгаа юм. Харин баруун тайгын Аяана охины хөөрхий бие давхар СОДУРА-д хүдрийн махаар шөл буцалгаж өгөхөд л өнөөх ЗӨРЧИЛ туйлдаа хүрнэ.

Тэгвэл бүхэл бүтэн дотроос хэсэгхэнийг нь сугалж аваад ТОМ зүйл хийх гэж хэдэн биеэ зовоодог байдал кино урлагт “гоё сайхан, хачин чамин” гэх хийсвэр тодотгол зүүхээ хэдийнээ больжээ. Кинонд илүү энгийнших үзэгдэл давамгайлах хандлага ажиглагдах болов. Дээр нь домог ба кино ямар ээдрээтэй сүлжин сүлжилдэх болсныг хэлээд ч яах вэ. СОДУРА-д ч ялгаагүй энгийнших үзэгдэл домогших сонирхол бий.  Оросын найруулагч Андрей Звягин­цевийн “Левиафан” киноны тухай шүүмжлэгч Елена Стишова “Киноны текстийг “Левиафан” гэж нэрлэснийг бид огт сонсоогүй үг, тайлагдашгүй, нууцлаг, олон янзын домгийн ул мөр үзэгдэнэ” гэж маш тодорхой дүгнэсэн байна лээ. Түүнтэй адил СОДУРА-д  ч сонирхол татахуйц содон нэр, домог хүүрнэх хүсэл оршиж байна. Аавыгаа хадан хавцалаас алдаад Тайгаас явж буй охины амьдрал ДОМОГ юм. Туулсан зовлон, үзсэн бүхэн нь ДОМОГ юм. Үзэх туулах ирээ­дүй нь ч бас ДОМОГ юм гэсэн санаа нэг бус удаа цухалзаж байна.  Хамаг бүгдийг нэгтгэж харвал нэгэн намрын СОДУРА-д  хамаг учир шалтгааны код нуугдаж байна. Түүнийг тайлахад тийм ч төвөгтэй биш.

Хоёр намрын СОДУРА

Макс Веберийн “ОРЧИН”-г бүр­дүүлэгч хэсгүүдийн абсракт төсөөл­лөөр хүнд орчин туйлаас чухал. Нэг үгээр хүн орших боломжтой газартаа оршиж чаддаг. Харин чадаагүй нь хэзээ ч өөрийгөө мэдрэлгүй, цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөдөг гэх хөврөл  ойлголт “СОДУРА”/2015/ киноны үндсэн санааг ойлгоход түл­хэц болно. СОДУРА угаасаа тайгын охин биш. Тэр ердөө ОРЧИНОО л олохгүй яваа юм. Тэндээс л хамаг юм эхэлдэг буюу хоёр намрын СОДУРА-гийн гол түлхэлцэл нь зүүн тайгын сүүлчийн хандгай буудуулах, хулгайн анчид, гох дардаг хурууг нь цавчих, отгийн ахлагч урвагч байх зэргээр хоёр бөөрөнхий зүйл хоорондоо мөргөлдөөд байгааг харуулах гэсэн арга юм. Өнөө мөргөлдөөд байгаа хоёр зүйлийн нэг нь бидний ОЛОН СОЁЛТ АМЬДРАЛ гэж тодорхойлдог газраас ирэгсэд, нөгөө нь  ӨВӨГ АМЬДРАЛ-ын хамаг сайхнаа хамгаалан тэмцэж буй тайгынхан. Кинонд тэр хоёр соёлын дундуур СОДУРА нэвтрэн гарч байна. Уран сайхны бүтээл учраас дуу хөгжим, хөл хөдөлгөөн, буун дуу, Мажырын дүүгүүр, Ак-Оодийн харайлт, Саригийн  хямд­хан хошигнол гээд байлгүй л яах вэ. Гол нь эсрэг тэсрэг хоёр зүйлийн үл ойлголцол эцэстээ юунд хүргэв. Сайн зүйлд  үү эсвэл муу зүйлд хүргэв үү гэдэг эцсийн асуултанд л хариулт олсонгүй. Тайгаа, цаатан олноо аврах ёстойг СОДУРА ойлгож байна. Даанч яаж аврах нь учир битүүлэг хоцорлоо. Саяхан хэвлэгдсэн ЮНЕСКО-гийн “Дэлхий дахины тайлан илтгэл”-д “олон соёлт нийгэмд хоёр гол тэнхлэг оршдог.  Нэг нь дурсамжийн тэнхлэг, нөгөө үнэт зүйлсийн тэнхлэг” гэсэн байна.  Тэгэхээр тайгын цаат­нуудын ёс заншил, угсаатны  соёл ДУРСАМЖ-ийн тэнхлэг болж үлдэх үү, ҮНЭТ ЗҮЙЛС-ийн тэнхлэг хэвээр хадгалагдах уу гэсэн асуулт киноны эцэст ойлгомжгүй үлдэв. Хоёр намрын СОДУРА-д харин сайн муу хоёр зүйл байна.

Эхлээд муугаас нь эхэлье.   Залуу хосын “Хуримын дуу” надад эртний дуу гэх ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй. Үг нь ч, аялгуу нь ч учир дутагдалтай. СОДУРА, Алдынхэ /С.Болормаа/ удганы увдисаар дууг сурч дуулж байхыг бодо­ход хуучны дуу байлтай. Гэтэл аялгуу нь “талын монгол айл тайван амгалан” гээд байдаг  МУГЖ Т.Ариунаа­гийн дуу сонсогдоод бол­сон­гүй. Уулын тайгын аялгуу биш илүү талын уянга эгшиглээд байсан тал байв.

Одоо сайныг нь хэлье. Хэдий уран сайхан боловч оршуулгын зан үйл үнэхээр үнэмшилтэй. Олон хүн тайгад ийм зан үйл байдаг гэдэгт бараг итгэчихсэн байв. Эртний монгол­чуудын оршуулгын зан үйлд унь хэрэглэдэг, ёдор мод, урцныхаа тул­гуур гурван модны нэгийг хөнддөг элдэв зан үйл байсныг суд­лаач Д.Тангадын “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа” номноос олж мэднэ. Харин нарс модыг чавх мэт татаж талийгаачаа чулуу мэт харваж, зүрхний нуурын хойд энгэрт “тавьдаг” байгаагүй бололтой. Гэсэн хэдий ч киноны хам­гийн сэтгэл хөдөлгөсөн дүрс оршуул­гын хэсгүүд байлаа. Гэм нь үхэл, оршуулга хоёр ялимгүй олдчихсон тал байна уу.

Гурван намрын СОДУРА

Хэрэв анзаарсан бол кинонд СААРАЛ үндсэн өнгө. Манант саа­рал уулс, манант саарал хөндий, саарал амьдрал, отог овгийн захад байх саарал овоохой. Алс тайгын байгалийн гоо сайхан,   дөрвөн цагийн аяс байдлыг харуулсан мэт боловч суурь өнгө нь саарал. Тайгад заналхийлж буй бүхэн ч саарал. О.Шпенглер “Нүүдлийн аж төрөхөөс суурин амьдралд шилж­сэ­нээр хүмүүс оршихуйдаа “тэг татаж”, гадаад орчноос ялгаатай хам­тын орчинг бүтээ­сэн” гэжээ. Гэтэл “Нүүдэл дундаа өтгөсөө үдэж, нял­хасаа угтах цаатан түмэн” хэмээх суртал­­чил­гаа кинонд ямар “тэг татаж”  буйг бэлх­нээ гэрчилнэ.

Гурван намрын СОДУРА-д тохи­рох БАРДАМ тодорхойлолт “ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ КИНО УРЛАГТ ШИНЭ ҮЗЭГДЭЛ” гэж эрсхэн хэлэ­хийг зориглон хүслээ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ