sonin.mn
 
 
Монголчууд өнө эртнээс эсгийг гэр ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Харин эсгийгээр урлагийн бүтээл хийж, түүгээрээ дамжуулан өвөг дээдсээс өвлөж ирсэн өнө эртний үүх түүх соёлоо сурталчилж буй нэгэн эрхэм хүнийг онцолж байна. Эсгий урлал, эсгий хүүхэлдэйн урлагийн төлөөх хийсэн ажлаараа Юнескогоос талархал дурсамжаар шагнуулж явсан чимэг зураач, уран сийлбэрч СТА Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.
 
-Та өөрийгөө танилцуулаач. Таныг монгол эсгий сийлбэрийн урлагийг үндэслэж, амжилттай хөгжүүлж яваа хүн гэдэг юм билээ?
 
-Би уг нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотехникч, малын эмч мэргэжлээр төгссөн юм. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байсангүй.
 
Учир нь багаасаа гар урлал сонирхдог байлаа. 1983-1986 оны хооронд МҮЭСТО-нд нэрт уран барималч Л.Чуваамэд, С.Дамдинжав нарын шавь болж алтан гартай тэднээсээ урлахуйн ухааныг өвлөсөн азтай хүн. Уран сийлбэрч болоод Геодези Зурагзүйн газрын Зургийн товчоонд чимэглэх уран зураачаар 13 жил ажилласан. Энэ хугацаанд газрын зураг сүүдэртүүлэх, олон өнгөөр хэвлэх, ретушийг хийж, нийт 2000 гаруй газрын зургийг бүтээлцсэн байдаг.
 
-Газрын зураг зурахад ур чадвар, авьяас, уйгагүй хөдөлмөр шаарддаг байх?
 
-Тэгэлгүй яахав. Оршин суугаа газар нутгийн дэвсгэр суурийг, ашигт малтмалын орд газрыг, уул ус төрсөн нутгийг минь хил хязгаартай нь мөнхлөн үйлдэж байгаагаараа хариуцлагатай бахархууштай ажил юм.
 
-Эсгий сийлбэрийн урлалын бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?
 
-1990-ээд оноос эсгий урлалын бүтээлүүд хийж эхлээд, 2000 оноос хүмүүсийн захиалгаар гадагшаа борлуулдаг болсон. Миний бүтээл бол эсгий урлалын шинэ урсгал “Оюу Монгол” юм. Эсгийн дээр хүний хөрөг, морины зургийг товойлгон, гарт баригдаж нүдэнд харагдахаар урладаг. Морь байлаа гэхэд түүний биеийн хөдөлгөөн, сүүлийг яг л бодит мэт харагдуулдгаараа миний бүтээлүүд онцлог. Манай монголчууд төдийгүй гадаадын хүмүүс их сонирхож худалдан авдаг юм. Захиалга ер нь тасардаггүй дээ. 
 
 
-Шинэ урсгал “Оюу монгол” гэдгээ тайлбарлаж өгөөч?
 
-Би “Бүтээлч иргэдийн нэгдсэн холбоо”-нд харьяалагддаг. Энэ холбоо нь Монголын анхдагчдыг тодруулж бүртгэдэг юм. Миний хийж буй бүтээлүүд бол монголд анхдагч шинэ урсгал юм. “Оюу Монгол” шинэ урсгалыг бий болгоод 15 жил болж байна.
 
Хэдийгээр би одоо урлагийн бүтээл болгон гаргаж ирсэн ч монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн арга юм. Адуу мал тамгалах, толгой шийрээ хярвасладаг шүү дээ. Тэр техникийг урлаг болгочихоод байгаа юм. Нэг ёсондоо эсгийгээ зургийн дагуу түлж, товойлгож гаргадаг.
 
-Бүтээлээ хаагуур борлуулдаг вэ, захиалга их ирдэг үү?
 
-Эсгийгээр хийхгүй юм гэж байдаггүй. Хүний захиалсан зургийн дагуу хөрөг зураг, нутаг усны зураг, морь, эмээл гээд бүх л зүйлийг хийдэг. УИД, Ачлал, Баянгол дэлгүүрүүдээр борлуулдаг. Гадаад улс орнууд руу бол хүмүүсийн захиалгаар хийж өгдөг. Захиалга тасардаггүй. Миний нэг бүтээлийг Хонконгийн өндөр зиндааны тэрбумтан хулалдан авч байсан.
 
-Та бүтээлээ ямар үнээр зардаг вэ?
 
-Монголчууддаа бол үнэрхдэггүй. Харин гадныханд нэлээд өндөр үнээр өгчихдөг юм.
 
/инээв/
 
-Та өөрийн бүтээлүүдээрээ тэмцээн уралдаануудад оролцож байв уу?
 
-Анх 1995 онд “Оюу монгол” эсгий сийлбэрийн бүтээлүүдээрээ “Аялал жуулчлалын үзэсгэлэн”-д оролцож шилдэг 99 бүтээлийн нэгээр шалгарч байсан. Тэндээс л хүмүүс миний бүтээлийг сонирхож байгаад урамшин мод, төмрөөр сийлбэрлэсэн мэт болгохоор ажилласан. Эсгийгээр ч сийлбэр хийж болдгийг харуулахыг зорьсон.
 
2005 онд Францын Парис хотод болсон Азийн олон улсын хүүхэлдэйн урлагийн үзэсгэлэнд уригдан оролцож, эсгий хүүхэлдэй болон бусад урлалаар оролцсон. тэнд Монгол урлаг, монгол урлалын гайхамшгийг дэлхий нийтэд гайхуулж, Юнескогийн тусгай талархал хүртэж, эсгий урлаг, эсгий хүүхэлдэйн урлагийн төлөөх дурсамжийн эзэн болсон. Мөн Эсгий урлаг, “Оюу Монгол” төрлийн бүтээлийг анх үүсгэн бий болгосон гэдгээрээ  “Шилдэг бүтээл”-ийн батламж авсан.
 
-Бие даасан үзэсгэлэнгээ гаргасан уу?
 
-Удахгүй бие даасан үзэсгэлэнгээ гар­гахаар бэлдэж байна. Харин гадаад до­тоо­дод зохиогддог үзэс­гэлэн­гүүдэд тогтмол оролцдог.
 
-Гэр бүлийнхэн чинь таны ажилд тусалж байна уу?
 
-Би гурван хүүхэдтэй. Бүгд л эрвийх дэрвийхээрээ тусладаг. Охин маань миний менежерээр ажилладаг. Эхнэр маань банкны салбарт насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Алтны дэргэд гууль шарлана гэдэг шиг миний хажууд байж, тусалж дэмжсээр одоо зарим нэг бүтээлийг бие дааж хийдэг болчихоод байна.
 
 
Х. Монголхатан
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин