sonin.mn
 
 
Боксын шигшээ багийн тамирчид Индонезын Палембанг хотноо болж байгаа А зэрэглэлийн "Ерөнхийлөгчийн цом" олон улсын XXII тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван нарын удирдсан баг тамирчдаас спортын мастер Э.Цэндбаатар 56 кг-д,  ОУХМ Б.Чинзориг 64 кг-д тус тус алтан медалийн эзэд болсон бол  эмэгтэйчүүдээс 51 к-д ОУХМ М.Нандинцэцэг, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай нар тус тус мөнгөн медаль хүртэж, ОУХМ Г.Ган-Эрдэнэ 49 кг-д, ОУХМ Б.Түвшинбат 69 кг-д, эмэгтэйчүүдээс ОУХМ О.Сувдэрдэнэ 60 кг-д  тус тус хүрэл медалийн эзэд болов.
 
Уг тэмцээн нь манай тамирчдын хувьд ирэх наймдугаар сард Бангкок хотноо болох Ази тивийн АШТ болон 10 сард Катар улсын Доха хотноо болох ДАШТ-д бэлтгэх зорилгоор халуун бүсийн орныг сонгон оролцсон тэмцээн юм. ДАШТ-ий өмнө манай тамирчдыг ОХУ, Куба, Германд болох дөрвөн тэмцээн хүлээж байна.  Олимпийн эрх олгох эхний тэмцээн 10 дугаар сард болох ДАШТ бөгөөд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авах юм.
 
Д. Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг