sonin.mn
 
Өнөөдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Тусгаар тогтнолын талбай”-д үйлдвэрлэлийн ослоор нас барагчдыг хүндэтгэн зул өргөв.
Энэ жил уг өдрийг нийслэл хотноо “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор тус цуглааныг зохион байгуулж байна. Тус цуглаанд оролцогч нийслэлийн ҮЭ-үүдийн холбооны дарга С.Жаргалсайхан: "Өнөөдрийн байдлаар үйлдвэрлийн осол Монгол Улсын хэмжээнд буурахгүй байгаа бөгөөд 2014 онд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас 27 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлийн осолд зориулжээ. Энэ бол 1 сая 800 мянган хөдөлмөрийн насны иргэнтэй манай улсын хувьд үйлдвэрлэлийн ослоос үүдсэн хохирол нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна" хэмээн онцолж байв.
 
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар-2015” аяны хүрээнд хийх энэ өдрийн цуглаанаар оролцогчид зул өргөхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, осолд өртсөн тохиолдолд хууль эрх зүйн туслалцааг төрөөс яаж авах талаар иргэд, олон нийт, ажил олгогч, ажилтан нарт хүргэх зэрэгт зорилтот ажлуудыг хийж байгаа юм.
 
Тухайлбал, ХАБЭА-н тухай хуулийг зүйл тус бүрээр шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-уудын туршлага үзүүлэх, Ажил олгогч, ажилтны эрх үүргийг шторк хэлбэрээр таниулах, ААНБ-ууд дотоод хяналтыг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гарын авлага, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх санамж, зурагт хуудас тараах, Үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүсийн үгийг сонсох, осолд өртсөн хүмүүст төрөөс үзүүлэх тусламж, ХАБЭА, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгөх, асуултад хариулах зэрэг олон арга хэмжээг энэ цуглааны үеэр зохион байгуулав. Тус цуглааныг НМХГ, Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбоо, Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан” ТББ хамтран зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл0

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.