sonin.mn

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарын Доха хотыг зорьсон манай шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагч Б.Баяраа нарыг визний зөрчилтэй хэмээн Дубайн онгоцны буудалд саатуулжээ.

Энэ тухай ОУХМ Д.Хүдэрбулга фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, тусгай өрөөнд саатуулагдсан зургаа оруулжээ. Ази тивийн АШТ-д хүч үзэх Монголын баг тамирчид ням гарагт эх орноосоо мордсон. Харин дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыг  визний зөрчилтэй хэмээж, Дубайн хилээр нэвтрүүлсэнгүй.

Ийм тохиолдолд ихэвчлэн спорт холбоод баг тамирчдын нэрсийг буруу мэдүүлсэн алдааг гаргасан байдаг. Ямартай ч энэ нь тамирчдад тун хохиролтой. Учир нь Ази тивийн АШТ-д заавал оролцож байж “Рио-2016” олимпийн эрхийн төлөө өрсөлдөх учиртай. 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-нд Доха хотод болно. Өнөөдөр тамирчдын жин үзэх учир саатуулагдсан тамирчдын хувьд тун эгзэгтэй байна.

Харин Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Тамирчдад анхаарал хандуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Азийн бөхийн холбооны удирдлагуудтай уулзсан. Манай холбогдох албаны хүмүүс тамирчдын мэдүүлгийг оройтуулж өгсөн, паспортын асуудал байсан зэрэг алдаа гарсан байна" гэсэн мэдээлэл өгчээ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг