sonin.mn
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи, санаачлагад суурилсан "Хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран “Хөршийн хяналт” холбоо хөтөлбөрийг туршилтын журмаар Нийслэлийн 30 хороонд энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн билээ. Сүхбаатар дүүргийн 7,8, 9, 10 дугаар хороод энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна. 
Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран “Хөршийн хамгаалалт” уулзалт, хэлэлцүүлгийг 9 болон 10 хорооны иргэдийн дунд эхлүүллээ. 
Уг уулзалт хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ГБХТХ-ийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Ганзориг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар болон холбогдох мэргэжилтнүүд, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олон зөвлөгөө мэдээлэл өгч, санал бодол солилцов. 
Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Н.Бат-Эрдэнэ Хөршийн хамгаалалт, хөршийн хяналт холбооны талаар мэдээлэл өгч, бусад улс орнуудын сайн туршлагаас танилцууллаа. 
Хөршийн хяналт гэдэг нь өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор иргэд, оршин суугчид сайн дурын үндсэн дээр нэгдэж, хууль сахиулах байгууллага болон захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг тодорхой нэг / ижил/ нутаг дэвсгэрт оршин суудаг хүмүүсийн /иргэдийн/ нэгдэл. 
Хөршийн хяналт нь гэмт хэргийн гаралт буурах, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх, хүн бүрийн нийгмийн хариуцлага нэмэгдэх, айл хөршийн хүчирхэг нэгдлийг бий болгох, иргэд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжих зэрэг олон давуу талуудыг бий болгох юм. 
Мөн энэ үеэр иргэдийн саналыг бичгээр авч, дүнг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.