sonin.mn
 
Монгол хэлний талаар саналаа Төрийн хэлний зөвлөлөөс өнөөдөр "Монгол хэлний тухай хууль ба сэтгүүлзүй" чөлөөт ярилцлагыг Хүүхдийн номын ордонд зохион байгууллаа.
Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан чөлөөт уулзалтын үеэр Монгол хэлний талаар эрдэмтэн судлаачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Тэд мэдээллийн эрин зуунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг цэнэглэдэг. Гэтэл сэтгүүлчид найруулга, дүрмийн алдаатай бичиж, гадаад үг хэллэг нэр томъёо их хэрэглэж байна. Хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийн дүрмээр явж байгаа учир олон түмэнд эргэлзээ төрүүлдэг.  Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчдийн хэл найруулга, дүрмийн алдааг нь засдаг туршлагатай редакторууд ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байв.
 
Хэл шинжлэлийн ухааны доктор Г.Буянтогтох, “Монгол хэлний талаар олон жил ярьж байгаа ч  бидний яриа байгаа онохгүй байна. Хүн оршихуйн үндэс нь газар нутаг, хоол, хэл, сэтгэл, эв нэгдэл, засаг төр байдаг. Үүнээс хамгийн чухал нь хэл. Эрдэмтэн болгон нэг дүрэм гаргадаг болсноор монгол хэлний дүрмийн цэгц алдагдсан учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алдаатай бичдэг болсон. "Монгол хэлний тухай хууль" гэж ярих биш "Хэлний хууль" гэж ярьмаар байгаа юм. 
 
Цаашид  Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг хэрэглэх нь зүйтэй” гэдэг санал дэвшүүлэв. Харин Монгол Уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор Л.Дашням, “Монгол хэлний тухайд олон хүн санаа зовж байна. Юуны өмнө уг язгуур шалтгааныг олох хэрэгтэй. Манай залуучууд монгол хэлээсээ илүү англи хэл үзэх, монголд амьдрахаасаа илүү гадаадад амьдрахыг илүүд үздэг болжээ. Гадаад үгийг чамирхах мөртлөө буруу хэлэх юм.  Олон нийтэд хүрдэг хэвлэл мэдээллийн байгууллага хэлний дүрэм, найруулга дээрээ улам нямбай ажиллах хэрэгтэй. Нэг их олон эрдэмтэн мэргэд ярьснаас илүү хүн бүр дор дороо хичээгээд явбал аяндаа засарна” гэв.
 
Мөн хэлж, ярьж, бичихдээ зөв байх, оновчтой байх, утга зүйтэй байх зарчмыг баримтлан, хэвлэл мэдээллийнхний алдаж байгааг цэгцлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байв.
 
Тус ярилцлагаас гарсан саналаар зөвлөмж боловсруулан Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хүргүүлэх аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 
Гэрэл зургийг Н.Батбаяр