sonin.mn
Гурван цагаан “хор” гэж давс, өөх тос, чихэр гэдгийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин би эм зүйч хүн болохоороо хор болох уу эм болох уу гэдэг нь тунгаасаа хамаарна гээд  хор гэдэг үгийг нь дахиад л хаалтанд бичлээ.
Амьдрахын тулд бидэнд эрч хүч буюу илчлэг хэрэгтэй. Бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийнхээ 50 хувийг нүүрс уснаас, 20 хувийг уурагнаас, 30 хувийг өөх тосноос авч байх нь хамгийн зохистой гэж үздэг.
 
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана
----------------------------------------------------------------
 
Энэ бол мэдээж өөх тос амаар нь гулгиж байгаа,хэтрүүлж хэрэглэсэн хүний үг. Хэмжээнээс нь хэтрүүлж идээд шөнөжин зүдэрч хоносон хүнээс гарсан үг. Тийм ээ, хэтрүүлж хэрэглэвэл гүйлгэх төдийгүй олон өвчнийг даллан дуудна аа.
Амьтны гаралтай өөх тос хэтрүүлж хэрэглэснээс улбаалан хүний цусан дахь холестриний хэмжээ нэмэгдэж зүрх судасны өвчин, тухайлбал артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болно. Өөрөөр өөх тос хэтрүүлж хэрэглэснээс үүссэн холестрол тархи, зүрхний судсыг бөглөж байна гэсэн үг юм.
 
Мөн хэт таргалж түүнээс шалтгаалах олон өвчний нөхцлийг бүрдүүлнэ. Гэдсээрээ таргалах нь чихрийн шижингээр  өвдөх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг болохыг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
Өөх тос хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийн цөсний хүүдий үрэвсэж, цөсний чулуугаа хагалгаа хийлгэж авхуулах нь тун элбэг.
 
Өөх өгөөгүй хүнтэй ч өглөө босоод заргалдана.
--------------------------------------------------------------------
 
Харин энэ бол өөх тосоор дутсан хүний үг.Хэмжээ нь дутвал бас л зовлон, бас л өвчин. Би огт өөх тос хэрэглэдэггүй мөртөө цөс нь байнга өвдөж, цөсний чулуугаа авхуулсан туранхай чөргөр олон бүсгүйтэй тааралдаж байсан даа. Юу гэхээр хүний биед цөс ялгарч л байдаг. Цөс өөх тос задлах зориулалттай болохоор ялгарчихаад цөсний хүүдийд гарах цагаа хүлээгээд байж байдаг, гэтэл эзэн нь өөх тос хэрэглэхгүй болохоор тэндээ удаж эцэстээ хатуурч цөсний чулуу үүсэх үндсэн шалтгааны нэг болж байгаа юм.
 
Жимс ногоо зөндөө иддэг, витамин уудаг мөртөө  Е, Д витаминээр байнга дутагддаг хүмүүсийг ч олноор нь мэднэ. Яагаад гэвэл өөх тос хэрэглэдэггүй учраас өөх тосонд уусч байж хүний биед шингэдэг эдгээр витаминаар дутагддаг юм. Ер нь өөх тос олон төрлийн амин дэмийг бие махбодод шингээхэд тусалдаг.
Нүдний хараа нь муудаж, нүд нь хуурайшиж аргаад зовдог хүмүүстэй ч учирч байсан. Эм зүйч болсных, мэргэжлийн улмаас л өвчтэй хүмүүстэй их таарах юм даа. Яагаад гэвэл нүдний хараанд тустай, бас нүдний торлогийг тослох үүрэгт нэмэр болдог витамин А, лютеин гээд бодис зөвхөн тосонд л уусч байж хүний эд эсэд шингэдэг юм.
 
Сайн муу өөх гэж бас байнаа?
-------------------------------------------------------
 
 
Тийм ээ, байна. Сайн хэмээх өөх тосонд нь тосны ханаагүй хүчил их байна. Холестриныг цуснаас элэг рүү зөөж байдаг буянтай гэдэг нь аргагүй өндөр нягттай өөх бүхий уураг ихтэй  өөх тосыг сайн хэмээнээ. Ихэнхдээ ургамлын гаралтай тосыг хэлнэ. Үүнд бас хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн тос багтана.
Харин холестриныг судас руу зөөвөрлөдөг нүгэл ихтэй бага нягттай өөх бүхий уураг их өөх тосыг муу хэмээнээ. Үүнд нь ихэвчлэн амьтны гаралтай өөх тос багтана.
 Мэдээж  сайн хэмээх өөх тосыг нь түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд өлзийтэй сайн юм. Харин түлхүү гэдэг нь сайн тосыг 
дангаар нь бус  нөгөө муу хэмээх өөх тостой хамт хэрэглэхийг хэлж байгаа юм. Ихэнх эрдэмтэд хоёр нэгийн харьцаатай байвал хүний биед хуримтлагдахгүй, бас эрчим хүчний сайн эх үүсвэр болно гэж үздэгийг дурдах нь зөв байх.
 
   Бид эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг байсан. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш гэдэг нь орчин үед тодорхой болж байна. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэж сүүлийн үед эрдэмтэд үзэх болж байна
Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын орнууд хүнсэндээ ашиглаж байна. 
 
Нэг найз минь оюутан байхад “ би чам шиг хаймар хөхөж хар цайгаар угжуулж өсөөгүй, сүүл хөхөж сүү ууж өссөн” гэж хотын хүүхэд надад онгирч билээ. Үнэхээр хөдөө өссөн хүүхдүүд эрүүл чиирэг байдаг. Хонины сүүл нь ч байх, агаар ус нь ч байх. Хөдөлгөөн ихтэйнх ч байх. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог нь маргашгүй үнэн. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй.
Түүнээс гадна ардын жүжигчин Хайдав гуай эрүүл саруул урт наслаж байгаагийнхаа нэг нууцыг сүүлтэй холбож ярьдаг хүн. Алдарт зохиолч Лодонгийн Түдэв гуай ч эмнэлэгт бараг хэвтэж үзээгүйгээ хонины сүүлтэй холбож эсээ өгүүлэл олныг бичсэн байдаг. 
Үүнээс үзэхэд өөх тосны хэрэглээ нь хэмжээ, бас ямар өөх тос хэрэглэхээс шалтгаалдаг нь та бидэнд тодорхой билээ. Хамгийн гол нь хэмжээг нь тохируулах, ургамлын гаралтайг түлхүү хэрэглэх, хөдөлгөөнтэй идэвхтэй байх, тамхинаас татгалзах нь чухал юм даа.
 
Төрийн шагналт, Академич Лувсангийн Хүрэлбаатар