sonin.mn
Тод залуус” ТОД замын зүг, ТОД ном эрхэмлэн ТОД болохоор одохуй дор
\зуур замд биш эрдмийн замд танилцсан нөхдөдөө зориулмуй\
                                                                                   
Тэнхлэгээрээ эргэж буй энэ дэлхийд
                                                                                    Тэргүүлэн одмуй номын нөхөд минь...
                                                                                                                       
Мөхөс миний санахад эр бяртай нь бөх болж, оюундаа бяртай нь эрдэмтэн болдог хүмүүний ертөнцийн хууль байх бөлгөө.Эл замыг барин хэдэн жил довтолгон одохуй дор гэгээн эрдмийн саруул гэрлээрээ тархийг минь түншиж, сайтар ухан бядах цөлх ухааныг над дур талбисан мэргэн багш нар, номын садангууд бийд баярланам. Бодол руугаа тэмцэн тэмцсээр их замын эхэн газар түр саатан алсыг нэгжин хараагаа чилээхэд тэр хэсэгхэн газарт Ойрадын ач, гуч, зээ хөвүүд ном хаялцан ихээхэн дүрэмдэн суух бөгөөд тэд лүгээ эчиж мэдлэг юугаа тэгшитгэх нь нэгэн зөв чиг болон хэмээн санаад Харцагай Шонхор мэт дуулалдан элэг зүрхээ тэмцэлдэн очвой. Анх уулзсан учир ийм буюу.
 
Удаахь учир нь их сургуулийн дөрвөн жилийг онолын бор саарал номтой шадарлан хавар намрыг хашгируулсаар үдлэх зуурт номын багш шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян багшийнхаа удирдлага дор нэрт туульч Увхын Батын тухай баримт түүх цуглуулан “Ойрад судлалын хурал”-д хэлэлцүүлэх тохирол бүрдэж, тэр үед түүх судлалын бичгийн дархан, “Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал, эрдэмт номын багш На.Сүхбаатар лугаа золголдож бичиг соёлын хүмүүн болох гэж адган сандран яваагаа өчиж өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх бодох ухаарлыг хүртээд эрхэм эрдэм номын энэ хүнд шадарлах болсон бөлгөө. На багшийн өрөөгөөр дайран гарахад дөрвөн ойрадын тасархай билээ гэдгээ нэгэнтээ санаж хоёронтоо боддог тул элэг зүрх минь энэ чиг замд эрхгүй садансаж, ураглан одохоор сэтгэнэ.Ихээхэн хэтрэмтгий үг яриа бээрийгээ засамжлан авч номын замаар довтолгон одож буйгаа нэжгээд санах, надад өчин сануулах номын нөхдөө ч энэ өрөөний хэсэг булан бүрээс, хаалганы дэргэдээс олж авч ханилах болсондоо ч баярлана.Тэднийг цугаар нэгтгэн нэрлэх нь “Тод дөрвөлжин” клубийнхэн гэнэм. Өнөөдөр хэдий оюутны ширээний ард зарим нь сууж, оюунлаг ажлын талбарт гараа сунгаж яваа ч “тэд” ойрад судлалын ирэх цагийн арангыг тодосгогч сайн оюут мэргэн зүтгэлтнүүд болж төлөвшиж буй хүмүүс билээ. Энэ л чиглэлээр эрдэм судлалын мөр хэлбийлгэн архивт өнжиж, номын хуудастай хайр зарлан бодол уралдуулж ухаанаа шатаан суухдаа баруун монголын тасархай булчин шөрмөс мэт хэдэн ястнаа өмөөрөн, өнчрөн үлдсэн түүх соёлыг нь сэргээн мандуулах их үйлсэд ханцуйгаа шамлан сэтгэлээ бэхлэн орсон мэргэд юм тэд.
 
Бас нэгэн учир гэвэл бидний өм цөм, өвдөн шаналан, өнөөдөр маргааш, хайрлан судлах ойрад судлал маань энэ цагт дэлхийн хэмжээний судлагдахуун болж чадсанд сэтгэл машид баясахын сацуу урьд хожид мартагдан улжсан үүхийг түмний сонорт сануулан сэрээх их үйлс дэлгэрэн мандаж буйд хөгсөн хөөрнөм.Энэ их гавьяаг Хархираа Түргэний УУЛС, Ханхөхий оргил шиг түшигтэй ТОД номын гэрэл төвийн номын ах нар бүтээн туурвиж, хураан цуглуулсанд оршино.Тэр дундаа эрдэмт мэргэн номын багш На багшийн хичээл зүтгэл машид их бөгөөд энэ их хүнийг тойрон нэгэн том номын гэр бүл цугларан бүрэлджээ.Шинэ хуучин цагийн элэгдэж мөлийсөн түүхийн жимээр судар ном өвөрлөн гүнд нь нэвтрэн орно гэдэг хэн дуртай аманцар хөвүүний даруй чадах үйл ер биш билээ.Утгыг нь ухаж буй боловч илэрхийлэн гаргалгаа гаргах нарийн чадварт суралцаж дөнгөөгүйгээс тухайн судлагдахууныхаа тухай дорвитой үг дэлгэх боломж мөн хумигдах зэрэг хүндрэлүүдийг үл тоон нүдээ аниад залуу нас хэмээх жигүүрээ дэлгэн судлан таних зам руу махран орох хэрэгтэй гэж эрхэмлэн захих бөлгөө. Багш минь...
 
Мөн нэг учир гэвээс дан ганц монгол нутагт агч балчир хөвүүд ойрад судлалд хүч нэмэн тэргүүлээд буй хэрэг биш юм.Халимаг, Буриад, Шинжаан Уйгар, Өвөр монголын Өөлд, Торгууд, Хошууд, Цорос хийгээд Үзэмчин, Барга хөвгүүд охид эл их үйлд хормой дэвсэн, хушуу нэгтгэн бийр янтай хошлуулж буй билээ. Та нараа санахлаар ирэх замын харуулдана аа л... гээд күүндэхээр зэхэцгээх тэр хил гадагш гишгэсэн ахан дүүс маань ч дахин дахин дурьдаад буй “Тод зам”-руу дөтөлж ирэх зуур бидэнтэй учирсан юм. Хэл аялгуу, үндэс угсаагаа ихэд эрхэмлэх тэр хүмүүсийг ихэд дотночилон элгэндээ тэвэрч эгшиг дуугаар нь угтнам бид.Үйл гэгээн, явдал тэгш байх нь хэзээнээс бидний санасан санал сав дүүрч ирсэний нэгээхэн баталгаа билээ.
 
Багш лугаа мөргөе... Номын нөхөддөө мөргөе... Элэг нэгт түмэндээ мөргөе...
 
Бидний бүтээсэн эрдэм дээдийн хүрдээр түм хүртэл үржин дэлгэрэх болтугай...   
                                         ...
2.         Агуу их эх орны дайны ялалтын баярын урд өдөр МУБИС-ийн “Б” байрны 212 тоот танхимд “Ойрад монголын түүх, соёлын судалгаа” Оюутны эрдэм шинжилгээний VIII хурал амжилттай болж өнгөрсөн. Эл хуралд дээр нэр цугаар нэгтгэсэн нөхөд мөн МУИС дээр “Тод” найм гэдгээ зарласан судлаач дүү нар мөн “Тод” түүхийг эрхэмлэгч хэмээгдэх Ховд нутгийн аальхан охин зэрэг судалгаа шинжилгээний дөр сууж хэзээний эрдэмлэг үг хэлэлцэх, ер бишийн өгөгдөхүүнтэй хөвүүд охид сурвалжлан судалсан судалгааны илтгэлээ хэлэлцүүлж оюун юуг цэнгүүлэв.
 
“ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ”, “ЮМ АГАЙ” САН, “ИХ ГАСАН” ТББ, “ТОД ДӨРВӨЛЖИН” КЛУБ-аас хамтран зохион байгуулдаг “Ойрад монголын түүх, соёлын судалгаа” Оюутны олон улсын эрдэм шинжилгээний хуралд  хилийн гадна болон дотоод этгээдээс ирсэн  илтгэлүүдээс арван долоон илтгэлийг шалгаруулж хоёрдугаар шатанд хэлэлцүүлэх эрх дархыг батламжилсан ажээ. Судлаач охид хөвгүүд оюунтан дүү нарын наймынх нь   илтгэлийг хэлэлцэхээр тогтсон бол үлдсэн есөн илтгэлд хурлын эмхтгэлд хэвлэгдэх эрх олгожээ.
 
Ойрад монголчуудын түүх соёл, хэл бичгийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оюутан, залуу судлаачдыг татан оролцуулах, залуу судлаачдыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй тус хурал өмнө нь долоон удаа зохиогдсон юм.Өмнөх долоон хуралд сургууль соёлоо төгсөж амьдралын зах мушгисан бидний хэдэн залуус ч илтгэл сэлтээ хэлэлцүүлж, эрдэмлэг хүмүүний зам мөр өөд гарах анхны шангаа татаж байж билээ.
 
Хэлэлцсэн найман илтгэлээс:
 
Г.НАМСРАЙ (МУБИС-ийн НХУС-ийн ТНС-IV ангийн оюутан)
 
- “Ончон тайж Галданбошгот хааны ах мөн үү?” их сонирхолтой илтгэл болохыг юун түрүүнд цухас дурьдах хэрэгтэй.Гэвч би бээр уран зохиолын судалгаанд гол төлөв идэвхийлэн орсон тул түүхийн сэдэв, занги, асуудлуудыг сонирхохоос үл хэтрэх бүлгээ.
 
Э.ДАГВАДОРЖ (Улаанбаатар хотын их сургуулийн Түүхийн II ангийн оюутан)
 
- “Их, бага Цэрэндондовын Халхад хийсэн довтолгоон, түүний үр нөлөө”
 
Л.ЭНХСАРУУЛ (МУБИС-ийн НХУС-ийн ТНС-III ангийн оюутан) - “Бага Цэрэндондовын удам угсаа, түүнийг тойрсон зарим асуудал”. Энэ хоёр илтгэл арван наймдугаар зууны түүхэн хэрэг явдал руу эрэл хайгуул, түүхэн үнэнг эрсэн шинжтэйгээрээ төсөөт болов чиг эх сурвалжын баттай ноттой эх баримт судалгааны суурь асуудлыг нь ихэд ончирхож сонсож сууж билээ.Харин удаахь илтгэл түүх мэддэгүй түүхий хүү миний байтугай түүхийн ухаанаар эрдмийн сүү амласан нөхдийн минь нүдний цөцгийг эргэлдүүлж, чихний үзүүрийг сэртэсхийлгэсэн сайхан илтгэл байлаа.
 
Ц.ЖАМБАЛДОРЖ (МУИС-ийн ШУС-ийн Түүх IV ангийн оюутан)
 
- “Манж Чин улсаас Амарсанаагийн шарилыг авахаар Оростой харилцсан тухай”, аль ужид өнгөрөн одсон энэ түүхэн хүмүүний шарилыг ахин дахин байцаан үзэх шалтаг шалбархай юунд байв хэмээжүхүй асуудал бодолд автахад нэгэнт хүргэв. Магадгүй цаад Амарсанаа бээр усны харигт хэвтэн Тэмүжин лүгээ адилсаж амь мултарсан байж ч болох юм байна шүү?, ямар ч байсан амьд байж магадгүй гэж манж нар ихэд эмээн тэнгэрт дэвшсэн цогцосыг гурвантаа нэгжин шалгаажээ. Сүүлд үзсэн хүмүүс их бүрэнхий мэдээлэлтэй улс байсан болов уу.Зүс сайн танигдахааргүй болсон байх тус цогцосын юуг нь үзэж Амарсанаа мөн байна гэж батлав.Энэ мэт асуулт цодгор хүү надад гурвантаа бодогдов.
 
Б.АМГАЛАНБААТАР (МУИС-ийн ШУС-ийн АА-III ангийн оюутан )
 
- “Улаангомын газар Тагна Урианхайн нутаг байсан уу?”, энэ илтгэлээс ямар ч атугай бидний уугуул нутаг Увсын цэнхэр хязгаар биш гэдгийг мэдэж авав. Аян дайны хөлөөр их нүүдэл хийж ихээхэн зүдсэн төрлмүд минь энэ газар суурьшин агч байх хугацаа саяхны гурван зууны өмнөх үе байжээ гэдгийг ухав.Ялгаагүй миний Баяд ястан ч Сэлэнгэ мөрний завсар сууж, ан гөрөө хийж, ургамал ногоо түүж байсан хүмүүс байсан байх хэмээх сурвалж магад зөв гаргалгаа болох буй.Тэр мэт түүхийн асуудлууд, асуулттайгаа өмнө минь ирж намайг байцаах шиг болов.Дараахь илтгэл эрлийн үзүүр лүү орох эрдэм шинжилгээний зорилго тодорхойгүй дульхан санагдсан тул нэр дурьдаад л өнгөрөмз.
 
Н.СҮХЦООЖ (МУИС-ийн ШУС-ийн Түүх IV ангийн оюутан)
 
- “Үнэн зоригт ханы хошууны бэйс Аюурзаны намтрын зарим асуудал”, гэхдээ түүх сайн ухаж шалгаагаагүй түүхий хүүгийн үг шүү.Миний эл тэмдэглэл.
 
Х.ОТГОНТУЯА (Ховд ИС-ийн НХУС-ийн ТНС-III ангиийн оюутан)
 
- “Ууль шувуу: тотем уу, ад зэтгэрийн амьтан уу?”, аман зохиолын төрөл зүйл дотор орших түмэн төрлийн уулгамч асуудлуудаас энд онцгойлон тэмдэглэх нь ховд нутгийн ход тод дуутай тэрсхэн охины өчсөн илтгэл. Аливаа улс үндэстэн өөрсдийнхөө онго шүтээнийг тэнгэрийн амьтнаар бэлгэдэж эрхэмлэдэг заншил буй \солонгодууд-Гурван хөлтэй шувуу, наран шувууг, Хиад боржигин- шонхор шувуу,\. Харин юуны учир түүхийн аль нэг зурвас үед ойрад түмэн Ууль шувууг онго шүтээнээ хэмээн үзэж байсан юм бол, эерүүлэн цээрлэж, элгэсэн дотноор ярьдаггүй энэ амьтныг сайн сайхнаар дүрслэн шүтсэн тамлагын үг гэж чухам ямар сурвалжид байна гэдгийг лавшруулан олбол харин тэр цагт Ойрад түмний онго шүтээн байжээ гэж илтгэж болох мэт. Түүхийн мэдээ баримтыг л шинжлэх ухааны эргэлтэнд оруулж, судлаач нарын анхааралд өртүүлж буй л хэрэг шүү дээ.
 
Б.БУЯН-ОРШИХ (МУИС-ийн ШУС-ийн АА-III ангийн оюутан )
 
- “Баядын шагай эрхэмлэх ёсон”, энэ дан ганц Баядын гэж тодотгох хэрэг юу гэдгээс эхлэн олон асуулт цээжнээ асааж байсан илтгэл.Гэвч би бээр түүхийг тугдамнан суусан ламбугайгаас долоон дор мэдэх хэрнээ археологийн үнэт зүйл талаас нь ямар байдгийг гадарлаж ч үл дийлэх бөлгөө.Гэвч энэ дотор ихээхэн нухацтай эрэл хайгуул хийх асуудал их бийг илтгэгч, эрдэмлэг оюунтан дүү нар тунгааж байсан байх.Үеийн нөхөд маань хэлэх гээд хэл нь загатнаад, асуудлыг цээжиндээ товъёоглоод л сууж байсан нь дамжиггүй.
           
Эл хурал маргаан мэтгэлцээн, асуудал агуулгатай ихээхэн өргөн хүрээнд болж өндөрлөлөө.Шагналын хур удаахь мөчүүдэд бууж сайн, муу аль нь боловч таатай сайхан сэтгэгдэл тэнд сонирхож, сонжирхож, хараачлан суусан судлаач нөхдөд төрүүлсэн билээ.Ийгээд арга хэмжээ өндөрлөж маргааш мандахын улаан нарнаар магад мэндийн үгтэй уулзалдахаар тохиролцож гэр гэрийн зүг, хөнжил дэрнийхээ зүг тэмцэн явцгаалаа.
 
3.                                     ...
Өглөө эртлэн босож өдрийн өнгийг цонхоор шинжиж хувцас юугаа тааруулан их л хөөртэй амьтан Багшийн дээдийн зүг хөдөлвэй.Чихэвчинд хар залуу насны хангал догшин өдрүүдийг магтан дуулсан эрч хүч, ритм өндөртэй дуунууд эгшиглэж, тэнгэрийн хаяа үл мэдэг улаасхийж сайхан ч өдөр болох нь гэж хөөрсөөр хошоо залгаа хоёр барилгынхаа дэргэд ирэв.Монгол Улсын Боловсролын Их Сургууль гэх энэ хуучин барилгын шат бүрийг тоолж, төөлсөөр зургаадахь жилийнхээ нүүрийг угааж буй.Эндээс Тэрэлжийн зүг хөдлөхөөр цаг тогтож минут тохирсон билээ.Өнөөдөр агуу их эх орны дайны ялалтын өдөр.Оросын тэнгэрт очтой салют чимэх өдөр, дэлхий дахины магнайн үрчлээ тэнийх өдөр.Маргаашийнхаа, ирээдүйнхээ төлөө сэтгэл санаагаа түвшитгэх өдөр бөлгөө.В.Путин, Орос орон хоёр нэг цул болсон тус орныг дэлхий нийт хараандаа багтааж буй энэ өдөр.Түүхийн хүрдэнд тодорсон үнэн, түүнийг тодруулсан хүмүүний итгэл найдварыг сэргээн цоллохоор Ойрад судлаач оюунтан залуус, судлаач нөхөд бид Тэрэлжийн зүг унаанд сууж буй нь энэ.Энэ аянаас их замын нөхөд Мөнхдагвыгаа, Жамьяангаа, Нараа ахыг, Адьяа андыг болон зүрх хөглөж үнэнг сүвлэсэн ухаант нөхдийг олж танилцсан.Автобус унаанд суумагц л Халимаг, Уйгар, Буриад дууг хоолой нийлүүлэн дуулж эхлэв.Сэтгэл уярмаар сайхан чиг байв.Ус нутгийн ухаант дүү нар уярал сэхээрлийн үг учиг нийлүүлцэж баядаар балаггүй ярих цөс зориг хөглөх шиг болов.Халхаар хайнгадуухан дуулах хөх зүрхийг омогшуулж орхив.Мянга долоон зуун оны сэвшээ хонгор салхи автобусны цонхоор хөхөл юуг илбэх нь хөндий талыг хөл гуйван туулмаар хөг эгшигийг асаах болов.Энэ зуур чихнээ дуурьсах аялгуут дуу Элийн голоос эхлээд цээж рүү урсан ирэх олон голууд хатгалдан байлдсан зуун модны шархалсан газрын цус лугаа урсаж, Галдан хааны гашуудсан үг зүрх хатгуулж, гашуун түүхийн улаан мөр гол өөд өгсөв.Эрэлхэг баатар хатан Ану, хоёр тал эсрэгцэн хатгалдах жадны дундуур хайр, тэвчээр хоёроор зэвсэг хийн орох дур ялагдлын дуун ялалтын уухай болж сэтгэлдээ үлдээсэн тэр шархадсан газар.Ойрад судлаач оюутан биднээс онцгойлон эх түүхийг энд алдаршуулж, цоллож байхыг хүсчээ.Биднийг унаа тэрэгнээсээ бууж эхлэл төгсгөлөө эргэцүүлэх зуур тэнгэр тэнд гашуунаар уйлж зад тавих шахах аж.Арга ч үгүй байх даа.Эхийн сүү энд цустай хамт урссан юм шүү дээ.Ноён На багш мину тэнгэрт тэтгэгдсэн энэ өдрийн явдал учрыг тэгшилж хэлээд цөмөөр тахилгын ном сонсож, учиртай тэргүүн модыг гурвантаа сунтаглаад эш тэнгэрт бошго үзүүлж залбирал үйлдлээ.Болд сэлэм зөрчилдүүлж, сум дуурьссан энэ өдрийг дурсаж дээд тэнгэрт гурвантаа сум тавьж заргалдлаа.Нутаг нутгаас ирсэн, үндэстэн ястанаа төлөөлсөн ноёхонууд ээлж дараалан сэтгэлийн мөргөл үйлдэж бүжиг дэглэж, шуранхай дуу хадааснаар тахилга өнөдөрлөв. Тэндээс торгон долгио хаялан мяралздаг, тунгалаг Туулын боргио харгиа нь дунд бүтэн жилийн ном эрдмийн үйлс юугаа хэлэлцэж, хорхогны мах идэж, хоол унд ууж, хүчит бөхөө барилдуулж, хурдан сумаа тавьж, сөн сархадаа нийлүүлж тэнгэрийн дор Ойрадын хөвгүүд баярлалдан дуулалдан өнжвэй. Эрдэмтэй хүмүүс даруухан их мөрөн дөлгөөхөн байдгийг тэнд ирсэн судлаач залуус өөрсдийн биеэр үлгэрлэж, уяхан дөлгөөн Туул урсгал дундаа гэрчилнэ.Би бээр номын дуунд даруусаж, хөгжөөн хөхүүн болоход хоолой мэдэн цангирч чаддаг шидтэй амьтан тул тэр мэтээрээ л байлаа.Гажуугаар таньж, буруугаар сэтгэх сэтгэгдэл үлдээсэн аваас хэнэггүйнх гэж бодоорой.
 
Олон ястнаа өнгө бүрийн дууг дуулж, бий биелгээ хийж, Жангарын магтаал хайллага сурсан олз ихтэй энэ аялал мааньөглөөнөөс орой нар шингэж үдшийн хар чийг унатал үргэлжилсэн билээ.Энэ өдрийн тэнгэр асгартал уйлах гэж буй хүүхэд шиг загнаж байсан ч тэнгэрт өчил мэдүүлж цаг минутын эрхийг На багштан авсан гэх учир салхи нэг тогтож, нэг ширүүлж байв.Тэнгэр биднийг харсан гэхээсээ илүүтэй На багшийн үгийг тэнгэр товхийтол сонсжээ гэж ойлгож суувай.Унаандаа бүгд сууцгаан хотын зүг эгэж мордсон ч салан одмооргүй, орон гэртээ буцмааргүй, саатан өнжин тухалмаар, сэтгэл гэгэлзэнхэн байлаа.Гэхдээ “Тод залуус” ТОД замын зүг, ТОД ном эрхэмлэн ТОД болохоор одохуй дор нэгэн зүгт жолоо залсан, үйлс эхлүүлж ураглан нэгдсэн болохоор үргэлж хамт байх нь дамжиггүй хэмээн сэтгэж, улсын багшийн дээд сургуулийн хажууд унаа тэрэгнээсээ бууж орон гэр, орц хонгил руугаа буцацгаалаа.
 
Цаашдын их харгуй та биднийг адислан тэтгэх болтугай...
 
                                                                        2015.05.10-ны зун сэрэх цаг дор бичив.
Баяд яст Өөдлөх өвгийн Хүрд овогт Баярмагнайн Мөнгөнтулга.