sonin.mn
  \Энэ бол шүүмж биш, зүгээр л миний эргэцүүлэл бодрол\
Өнгөрсөн 5 сарын 8 нд АНУ-ын Виржина мужийн Александр хотын нэгэн орон сууцны бэсрэг кино танхимд миний танил дүү Д.Болдбаатар өөрсдийн дотно найз нар болон дэмждэг анд нараа урьж өдгөө Улаанбаатар хотод нээлтээ хийгээд байгаа "Ар хударга" хэмээх киногоо үзүүлсэн юм. "Киноны нээлт" гэж сүржин нэрлэхгүй л дээ. "Болдоо кино хийж байгаа гэнэ" хэмээсэн сураг ярианы цуурайнд бахархал гайхашралыг хослуулсан тоглоом наргианы егөөдөлд, сэтгэлээ чилээж өөрийгөө зовоож байж бүтээсэн бүтээлээ анд найз нартаа үзүүлж, чимээгүй тайлбраар хариу барьсан хэрэг. Инээд, цагаан тохуурхлаар эхэлсэн энэ киноны дунд бүгдээрээ амьсгаа дарж, хааяадаа шүүрс алдан, заримдаа уулга алдах чимээ киноны төгсгөлд алга ташилтаар танхимын гэрлийг асаалгасан. Энэ алга ташилт түүнийг бахархаж, түүнд талархсан сэтгэлийн илрэл байлаа. Илүү дутуу тайлбаргүйгээр дотно хүмүүс ингэж ойлголцдог.
 
 
 
Кино бүтээх, тэр тусмаа мэргэжлийн түвшинд хийх гэдэг амаргүй. Энэ кино Д.Болдбаатарын хувьд хоёр дахь кино нь. Энэ кино өгүүлэмж, зураглал, дуу чимээний зохицолдоогоороо арай өвөрмөц юм шиг санагдсан. Магадгүй Америкт байнга ирж очдог түүний хувьд Америк киноны хэв маягаас оруулахыг хичээсэн байж болох. Кино зохиолоо өөрөө бичиж найруулахад нь оролцсон юм билээ. Киноны агуулга дүрслэлийн хувьд миний сэтгэлийг бага зэрэг түгшээсэн хэсгүүд байсан болохоор түүнээс "Монголд яг ийм амьдрал байна гэж үү?" хэмээн асуусан асуултын хариуд "Энэ бол кино шүү дээ, ах минь" гэж тэрээр хариулсан. Харин түүний энэ киногоороо бусдад хэлэх гэсэн санаанууд нь надад лав таалагдлаа. 
 
 
*"ЖИЖИГ ТУЛААНД ЯЛАГДАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ТОМ ТУЛААНД ЯЛАХ Л ЁСТОЙ". Г.Эрдэнэбилэгийн бүтээсэн гол дүрийн өгүүлэмж. Хүний амьдралд элдэв асуудал хүндрэл бэрхшээлүүд тохиолдож, заримдаа гарах гарцгүй мэт санагдаж бачимдах үед хүн зөвхөн өөртөө итгэж найдаж, өөрийн хүчээр л энэ бүхнийг давж гарах хэрэгтэй болдог. Итгэж найдаж байсан бүхэн нь нуран унаж, хамгийн дотно хүмүүс нь урваж холдоход хүртэл хүн, бүх зүйлийн өмнө мөхөсдөж ялагдаж байгаа мэт санагдах үе бий. Хичнээн хэцүү байсан ч сэтгэлээ хөвчилж, эцсийн найдвараа тээгээд ч болов энэ бүхнийг давж гарахад хүний мөн чанар л тусална. Өнөөдрийн чиний ялагдал маргаашийн чиний ялалт болж хувирах цаг хугацааны урсгалд чиний мөн чанар л чамайг хөтөлж явдаг. 
*"ХҮН БҮРИЙН ЗОВЛОН ӨӨРТ НЬ АХАДСАН МЭТ БОДОГДДОГ. ГЭВЧ БУСДЫН ЗОВЛОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ЮУ Ч БИШ БАЙХ НЬ ОЛОНТАА. ТИЙМЭЭС ХҮНД ЗОВЛОНГОО БУС АЗ ЖАРГАЛАА ЯРЬ" Би жүжигчин О.Долгорыг үнэлдэг. Бүтээсэн дүрүүд нь сэтгэлд ойрхон тусдаг юм. Ихэвчлэн гэгээлэг цагаахан, бас даруухан дүр бүтээдэг энэ бүсгүй энэ кинонд өөрийн хэвт дүрээсээ огт өөр дүрийг сайн бүтээжээ. Өнөө цагт өөртөө ахадсан амьдралын хүнд ачааг үүрч яваа монгол бүсгүйчүүдийн зовлон жаргалын дэнсийг тэрээр сайн гаргасан. Эх хүн өөрөөсөө унасан үрийнхээ зовлон шаналлын эсрэг юу ч хийж чаддаг. Бусдын эрхэнд зовж, өөрийн эрхээр жаргаж байхдаа тэд хэзээ ч үрээ мартдаггүй. Заримдаа тэд бидний огт төсөөлж байгаагүй эрсдлийг ч гаргана. Гэхдээ тэд хэзээ ч өөрийгөө эх хүн гэдгээ мартдаггүй л юм даа. 
* "НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮН БҮР ТӨЛӨӨСӨӨ ТӨЛДӨГ" Д.Төмөрчөдөр, С.Ариунбямба нар өөрсдийн бүтээсэн дүрээрээ энэ үгийг л бусдад санууллаа. Бид энэ нийгмийн бүдэг саарал амьдрал дунд өнгө мөнгөний боол болон өөрсдийн мөн чанараа арилжиж байгаа энэ цаг үед энэ сануулга тун чухал.  Хууль бусаар их мөнгө олж түүгээрээ бусдыг дарамталж, нийгмийг бохирдуулж байгаа хүн болгон хэзээ нэгэн цагт цээрлэл хүлээж, төлөөсөө төлөх л болно.  Хэн нэгэн заримдаа мөнгөөр өөрийн мөн чанар, анд нөхрийнхөө итгэлийг арилждаг. Тэд өнөөдөр "болж бүтээд" дур зоргоороо сайхан амьдарч чадаад байгаа мэт боловч, маргаашийн өдөр энэ бүхнийхээ боол нь болж арчаагаа алдана. Бас үүнийхээ төлөөсийг заавал төлдөг. 
 
 
Энэ кинонд Д.Сэлэнгээ дүү минь тоглосон байсан. Олон жилийн тэртээд миний дүүтэй тоглоод гүйж байсан Д.Сэлэнгээ алдаа эндэгдлийн улмаас олон жил шоронд суусан гэж дуулдсан. Харин энэ кинонд тэр яг өөрийнхөөрөө тоглосон байв. Амьдрал заримдаа хүний урмыг хугалдаг ч авьяасыг нь хугалалгүй хэвээр нь үлдээдэг аж. Ц.Цэрэнболд бас миний хүндэлдэг жүжигчдийн нэг. Нэг л сайхан монгол эр хүний төрх харагдаад байдаг юм. Бусад жүжигчид ч мундаг байлаа. Сайн жүжигчид, сайн баг бүрдүүлж сайн кино бүтээсэн байнаа, Болдоо. 
 
 
...Адал явдал, хэрүүл тэмцэл, хайр дурлал, шоронгийн амьдрал. Хүмүүс амьдралын хугацаанд заавал өөрчлөгддөг. Сайнаар эсвэл муугаар өөрчлөгдөх нь тэр хүний дотоод мөн чанараас л шалтгаална. Нэг их цэцэгт хөндийд амьдралдаа үгүйлээд, бас хайгаад байсан мөн чанар, өөрсдийн үнэ цэнээ олж чадсан залуу хосууд эрүүл саруул болсон охиноо хөтлөөд мандаж байгаа наран зүг хамтдаа алхаж байгаа нь л энэ киноны тайлал. Өнгө мөнгө, хүний мөн чанарын тулааны төгсгөл. Би бусад кинотой харьцуулаад сайн муу, сайхан муухай гэж цэцэрхэж чадахгүй л дээ. Дүү минь намайг хүндэлж энэ киногоо үзүүлэн, маргааш нь санаа бодлоо хуваалцан хэсэг ярилцсан. Энэ киноны уран бүтээлчдэд баяр хүргэе. Та энэ киног зорьж очоод үзэхдээ нэг их харамсахгүй дээ.
 
                                             Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах