sonin.mn
Дэлхийд алдартай  “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхныг БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэв.
БСШУ-ы сайд тус хамтлагийг хүлээн авч баяр хүргэх үеэр, “Хөсөгтөн” хамтлаг Монголын ардын язгуур урлагийг дэлхийд гайхуулж чадлаа. Монголын ард түмэн та бүхний тоглолтыг байнга  үздэг болоосой гэж хүсч байна” гээд Монгол төрийн сүлд, морин хуур бүхий бэлэг дурсгалын зүйлс гардуулж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэв. Мөн энэ үеэр хамтлагийн залуу гишүүн морин хуурч  Х.Уламбаярт СТА цол хүртээв.
 
 
 
Хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой уулзаж ярилцав.
 
“Хөсөгтөн хамтлаг анх шоунд орох материалаа явуулаад, өөрсөддөө хэр итгэлтэй байсан бэ?
 
-Өмнө нь манай хамтлаг олон уралдаан тэмцээнд орж тэргүүн байр эзэлж байсан учраас бусад орны уран бүтээлчдийг бодвол өөрсөддөө итгэлтэй байсан. Тэд тэнцэх тоолондоо уйлж, дуулж, баярлаж, сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй байсан бол бидний сэтгэл хөдлөл, биеэ барих чадвар тэднээс илүү байсан. Энэ удаагийн тэмцээнээр Монголчууд яаж нэгдэж чаддагаа харууллаа.
 
-Шоуны дараа уран бүтээлд хамтарч ажиллах санал ирсэн үү?
 
-Бидний ирэхийн урд өдөр хамгийн том Гала тоглолт болсон.  Энэ тоглолт болтол нууцлалыг маш чанд хадгалах ёстой. Уралдаан дуустал бид ямар нэгэн гэрээ хэлцэл хийх эрхгүй. Хэрвээ тэгсэн тохиолдолд тэмцээнээс шууд хасагддаг журамтай. Харин одоо онлайн ертөнц сайн хөгжсөн учраас гэрээ хэлцэл хийх боломж нээлттэй.
 
-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэвэл?
 
-Ази тив өөрөө хамгийн олон хүн амтай, даяаршил нь бага.  Оролцогчид үнэхээр авьяаслаг, чанартай байсан. Сүүлийн 24, 9-т орсон бүтээлүүд хамгийн өрсөлдөөнтэй, хэн нь ч түрүүлэх магадлал өндөр байв. Чанартай сайхан тоглолт санал асуулгаас болж хасагдсан тохиолдлууд бий.
 
-Дэлхийн хэмжээний шоуны зохион байгуулалт ямар түвшинд болдог юм бол?
 
-Тэмцээн асар өндөр зохион байгуулалттай болсон. Учир нь энэ тэмцээнд 1000 гаруй бүтээл оролцсоноос 900 бүтээлийг нь сонгосон. Эдгээр бүтээлээс 120 шилдэг бүтээл шалгарч 24 тунаж, түүнээс 9, есөн уран бүтээлээс шилдэг 6, шилдэг 4, шилдэг 2 гэж явсаар тодорсон. Тайзны ард бусад уран бүтээлчид ямар уран бүтээл тоглож байгааг мэдэх боломжгүй, нууцлалыг хадгалдаг. Тоглолтын үеэр янз бүрийн хүмүүстэй уулзах, орж гарах, цагийн хуваарь энэ тэр нь  маш хатуу дэгтэй.  Үүнээс гадна ардын урлаг гэхээр бид ардын урлагийнхантай, дуурь гэхэд дуурийнхан хоорондоо өрсөлддөг. Гэтэл шоу гэдэг бол бүх төрлийн жанруудыг хооронд нь уралдуулчихдаг. Тэгэхээр  энэ бүх төрлөөс түрүүлж гарч ирнэ гэдэг бол асар том нэр хүнд, хүч хөдөлмөрийн үр дүн.
 
-Монголчуудаас гадна ямар улсаас “Хөсөгтөн” хамтлагийг дэмжиж санал өгч байв?
 
-Монголчууд дэндүү хийморьлог ард түмэн. Битүү морь уралдахад бүх юм шинэ  байдаг. Бидний хэл яриа, хувцас хунар, үзүүлж буй бүтээл, хөгжмийн зэмсэг бүгд шинэ байсан учраас шоунд үнэ цэнэтэй байж чадсан. Тэмцээнд түрүүлсэн Филиппиний хүмүүс их санал өгч байсан. “Би бол филиппин хүн. Гэхдээ энэ дундаас Монголын хөсөгтөн хамтлагт саналаа өгнө” гэж байлаа. Мөн Солонгос, Индонези, Японы иргэд биднийг их дэмжсэн.
 
-Шоуны үеэр та бүхэн эх хэлээрээ ярьж байсан?
 
-Ази тивийг хамарсан шоу учир олон үндэстэн оролцсон. Тийм учраас монголоор ярь гэж байсан. Мөн шоу зохион байгуулагчдын бодлого байсан байх.
 
-Тайз засалтын хувьд?
 
-Саймоны ажлын баг тайзны засалт хийсэн. Тэд бидний уран бүтээлийг сонсоод, монголын талаарх мэдээллийг судалж, бидэнд зориулсан тайз зассан. Тайз засалт үнэхээр таалагдсан.
 
-Шоунд ямар уран бүтээлээр өрсөлдөхөө хэрхэн сонгов?
 
-Бид өөрсдөө ярилцаад хамтлагийнхаа шилдэг гэсэн бүтээлээ сонгосон. Ингэхдээ өмнөх тоглолтод орж байсан санаа сэдэл, тоглолтын арга барил, илэрхийлэх гэж байсан үйлдэл зэргээ өмнөхөөсөө арай өөрчилсөн.
 
-Тэмцээний үеэр та бүхнээс хамгийн сонирхолтой ямар асуулт тавьж байв?
 
- “Та 100 мянган доллар авбал яах вэ” гэж хамгийн их асууж байсан. Мөн “Хөсөгтөн” хамтлаг, Монголын талаар их сонирхож байлаа. Шүүгчид гэхэд л Монголын талаар мэдээлэл хомс, монголын урлагийг анх удаа сонсож байна гэсэн.
 
Шүүгч Дэвид Фостер, “Би компьютерийн ертөнцөд амьдардаг хүн. Та бүхэн амьд хөгжим ямар байдгийг дахин надад ойлгуулж чадлаа” гэсэн. Энэ бол маш том үнэлэлт. Бидний өвөг дээдсээс уламжилсан ардын урлаг ямар ч нөлөөнд автаагүй, онгон өв уламжлалаа эвдээгүй авч явж буйг ойлгуулсан. Ардын урлагаа зөв бодлого явуулж дэмжих юм бол дэлхийд маш том орон зай эзэлж чадна. Мөн манай ардын урлаг, ялангуяа морин хуур бол ямар ч улсын ардын хөгжмийг бодвол илүү сонгодог тал руугаа, орчин цагийн ая аялгууг гаргаж чаддаг болохыг олж харлаа. Аугаа том соёлыг бүтээж чадсан монголынхоо өвөг дээдсээр бахархаж байлаа.
 
- Цаашдаа ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Амжилт үзүүлнэ гэдэг нэг хэрэг. Амжилтыг хадгалж явна гэдэг хамгийн хэцүү. Олны итгэлийг авна гэдэг бол хувь хүн бүрт хариуцлага нэмэгдэхийн нэр. Монголчуудынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид чадах бүхнээ хийнэ. Бид шинэ уран бүтээл хийж байгаад шоунд орох болоод түр завсарласан. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Мөн үзэгчиддээ зориулсан талархлын тоглолт зохион байгуулна.
 
 Ж.Болор
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг